Хууль гэдэг бол нийгмийн олон талт харилцааг зохицуулах зорилгоор Монгол улсын их хурлаас батлан гаргасан, заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн баримт бичиг юм.
Бидний амьдралыг зохицуулж байгаа хуулиудыг ерөнхийд нь дараах ангилалд хувааж болно. Үүнд: Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, захиргааны хууль, эрүүгийн хууль, иргэний хууль болон бусад хууль.
ҮНДСЭН ХУУЛЬ. 1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хууль бол хамгийн дээд хүчин чадалтай, хамгийн том хууль юм. Өнөөдөр манай улсад 600-700 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэвэл тэдгээр нь бүгд Үндсэн хууль гэдэг хуулийн үзэл санааг баримталсан, түүнд нийцсэн хуулиуд байдаг хэмээн ойлгож болно. Үндсэн хуулийн стандартад үл нийцсэн ямар ч хууль, албан тушаалтны шийдвэр үгүйсгэгддэг. Энэхүү хяналтыг Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага тавьж, түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэдэг юм. Иргэн та ч гэсэн Үндсэн хууль зөрчигдсөн асуудлаар тус байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах боломжтой байдаг. Тэгэхээр, хэрэв та хуулийг бие даан судална гэвэл Үндсэн хуулиас эхлэх хэрэгтэй болох нь. Үндсэн хуулийг та интернэтээс олж, унших боломжтой.
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ. Үндсэн хуулийн 15-р зүйлд “Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн. Өмнө дурдаж байсанчлан, үндсэн хуулиас бусад бүх хууль тогтоомжууд Үндсэн хуульд нийцэх ёстой билээ. “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” веб хуудаснаас харвал манай улс 500 гаран олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Олон улсын гэрээ гэж Монгол улсын засгийн газраас аль нэг гадаад улсын засгийн газартай эсвэл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоосон тохиролцоо буюу баримт бичиг юм. Үүнд жишээ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенц тэргүүтэй баримт бичгүүдийг дурдаж болох юм.
ЗАХИРГААНЫ ХУУЛЬ. Захиргааны хуулиудаар буюу захиргааны эрх зүйгээр засгийн газар, яам, түүний харьяа агентлаг, төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн өмчийн сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн зэрэг төрийн байгууллагууд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцааг зохицуулдаг. Үүнд жишээ нь, Яамны эрх зүйн байдлын тухай, Засгийн газрын агентлагийн тухай, Татварын ерөнхий хууль зэргийг дурдаж болно.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ. Эрүүгийн хуулиар ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх вэ, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ, хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ зэрэг харилцааг зохицуулдаг. Гэмт хэрэг гарсан тохиолдолд мөрдөгч сэжигтнийг баривчлах, эрүүгийн хэрэг нээх, прокурор нь мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцэж буй эсэх дээр хяналт тавьж ажилладаг. Ийнхүү хуулийн дагуу шалгагдсаны эцэст хэрэг шүүх байгууллагад шилжиж, таслан шийдвэрлэгддэг болно. Монгол улсад эрүүгийн эрх зүйн харилцааг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар зохицуулж байна.
ИРГЭНИЙ ХУУЛЬ. Иргэний хуулиар иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Эдийн баялаг гэж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг, эдийн бус баялаг гэж хүний нэр төр, алдар хүнд, оюуны үнэт бүтээл зэргийг ойлгоно. Жишээ нь хүмүүс бие биендээ мөнгө зээлэх, нэгнээсээ эд зүйл худалдан авах, бэлэглэх зэрэг үйлдэл их хийдэг. Тэгвэл эдгээр харилцааг Иргэний хуулиар зохицуулсан байдаг ажээ. Иргэдийн хооронд дээрх асуудлаар ямар нэгэн маргаан гарах тохиолдолд талууд Иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой. Шүүхэд хэрхэн хандах, шүүхээс хэргийг ямар дарааллаар хянан шийдвэрлэх тухай харилцааг Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлүүлэх тухай хуулиар зохицуулсан байдаг.
Comments