Хуульч, Өмгөөлөгч хоёр ямар ялгаатай вэ?


Хууль зүйн зөвлөгөө унших, зарим хүмүүсийн яриаг сонсох үеэр хуульч, өмгөөлөгч гэсэн 2 нэр томьёог хольж, солих тохиолдол их ажиглагддаг. “Чи хөгшөөн, хуульч аваач”, “Чи өмгөөлөгч дээр очиж асуу” гэх мэт. Энэ үед та дараах байдлаар бодож байв уу? “Хуульч, өмгөөлөгчийн хооронд ямар ялгаа байна вэ” гэж?

Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх хуульч/өмгөөлөгчийн үйл ажиллагааг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулиар зохицуулдаг.

Тус хуульд зааснаар, хуульч гэж “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг” хэлнэ. Хуульчийн хийх ажил нь хуулийн асуудлаар зөвлөгөө өгөх; гэрээ, баримт бичиг боловсруулах, хянах; иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх байдаг.

Дээрх тодорхойлолтыг арай илүү тодруулах гээд оролдоё.
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэж юу вэ?
  • Зөвшөөрлийг ямар шаардлагыг хангасан этгээд, хаанаас, хэдийд авах вэ?
  • Этгээд гэж юу вэ?
  • Өмгөөлөгч гэж юу вэ?

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэж юу вэ?

Энэ нь товчхондоо, тухайн нэг хүний хуульч болохыг батласан “гэрчилгээ” юм. Хуулийн тодорхойлолтыг сийрүүлбэл, “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон, зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг” мөн.

Зөвшөөрлийг ямар шаардлагыг хангасан этгээд, хаанаас, хэдийд авах вэ?

Хэн нэгэн этгээд хуульч болох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд хуульчийн шалгалтанд орох ёстой. Гэхдээ хэн дуртай нь орохгүй. Хууль зүйн сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил /шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах гэх мэтээр/ ажилласан этгээд хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох эрхтэй байна.

Этгээд гэж юу вэ?

Этгээд гэдэг нь хувь хүн, иргэн, төр, байгууллага, түүний албан тушаалтан гээд өргөн хүрээг хамрах ойлголт юм. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд гэхээр зөвхөн хувь хүнийг багтаасан ойлголт болно. Өөрөөр хэлбэл, байгууллага болон хувь хүмүүсийн нэгдэл нь хуульч болохгүй.

Өмгөөлөгч гэж юу вэ?

Өмгөөлөгч буюу хуучин нэршлээр “төлөөнөө заалдагч”-ийн үйл ажиллагаа нь Монгол улсын хуулиар аль 1920-оод оноос хойш зохицуулагдаж ирсэн байна. Өмгөөлөгч гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, шүүхэд төлөөлөх эрхтэй, мэргэшсэн “хуульч” юм. Нэг ёсондоо, өмгөөлөгч болохын өмнө тэр хүн өөрөө хуульч байх хэрэгтэй байх нь. Өмгөөлөгч нь хуульчийн үйл ажиллагааг эрхлэхээс гадна түүн дээр нэмээд, “шүүх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” давуу талтай буюу эрхлэх үйл ажиллагаа нь хуульчаас өргөн хүрээтэй хэмээн ойлгож болно.

Дүгнэвэл, хэрэв та зөвлөгөө авах; гэрээ, баримт бичиг боловсруулах шаардлагатай тулгарсан тохиолдолд хуульчид, дээрхээс гадна ямар нэгэн хэрэг маргаанд холбогдсон, тэдгээр нь шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд өмгөөлөгчид хандах боломжтой юм.

Comments