Хуулийн оюутан болохоос өмнө мэддэг байвал зохих 11 зүйл


Би төгсөх курсийн оюутан бөгөөд одоо бодоход хуулиар сурахаас өмнө энэ тал дээр зохих хэмжээний мэдээлэлтэй байхгүй яав хэмээн өөртөө халаглах тохиолдол цөөнгүй байдаг. Учир нь би тэр үед хуулийн оюутан болох нь чухам яг ямар байдаг талаар буруу ойлголттой явсан юм. Тэгэхээр хуулиар суралцах гэж байгаа чамд болон шинэхэн оюутнуудад доор нэрлэсэн 10 зүйл/зөвлөгөө хэрэг болж магадгүй юм.

АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ

Хууль, эрх зүйн бакалавр нь нэр хүндтэй зэрэг боловч төгсөөд ажиллах ажлын байрны орон тоо нь их сургууль төгсөгчид шиг тийм ч олон биш юм. Хуулийн фирм, компаниуд төгсөгчдийг сургаж, ажилд авах нь ингэх хэрэгцээ шаардлага үгүй болж байгаатай зэрэгцэн багассаар байна. Цаашилбал, эрх зүйн зэрэг амьдралын баталгаа байхаа больсон. Өөрөөр хэлбэл, иргэдийн төсөөлдөг хуульчдад төлөх өндөр хөлс болон хуульчдын ажиллаад авдаг бодит цалин хөлсний хооронд эрс тэс ялгаатай байдал бий болжээ. Магадгүй Хуульчдын холбоо үүнийг бататгаж болох л юм.

УНШИХ ЗҮЙЛ ИХТЭЙ

Хуулийн оюутан болсноор унших зүйл их байдаг талаар надад төсөөлөл байсан. Гэхдээ энэхүү аймшгийн түүх үнэхээр бодит юм гэдгийг харин төсөөлж байсангүй. Би нэг өдөр сургуулийнхаа номын санд өдөржин сууж өнждөг баатар болов, тэгээд сүүлд нь ямар сайндаа гэрээ санагалзаж байхав. Хуулийн оюутан байхын тулд урд цагаар сууж унших тал дээр бэлтгэлтэй байгаарай.

ШАРГУУ, УХААЛАГ АЖИЛЛА

Хэрэв чи анхнаасаа анхааралтай бөгөөд зохион байгуулалттай байж чадвал хуулийн оюутан байх нь харьцангуй амар байж, шөнөжин сууж ажиллахаас сэргийлэх болно. Хуулийн ном нээгээд уншихдаа баримтлах нэг зүйл бол: Тухайн хичээлийн шалгалтыг амжилттай давахын тулд ойлгож унших явдал юм. Мөн аливааг товчлон унших аргад суралцаарай. Жишээ нь шүүхийн шийдвэр уншихдаа эрх зүйн зарчим, холбогдох хэргийн баримт, фактад анхаарлаа хандуулах нь ойлгомжтой бөгөөд хурдан уншихад дөхөмтэй байдаг. Иймэрхүү энгийн бөгөөд хэрэгтэй зүйлийг харин хуулийн сургуульд тэр бүр заагаад байдаггүй билээ.

ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БОЛНО

Хэрэв хүмүүсийн надаас асуусан асуулт бүр мөнгө болдог байсан бол ч… Яагаад ч юм тэд хуулийн оюутнуудыг хуулийн зөвлөгөө өгөх хангалттай мэдлэг чадвартай гэдэгт итгэдэг шиг байгаа юм. Гэвч үнэндээ яг ч тийм биш л дээ. Би лав интернэт гүтгэлэгтэй холбоотой хууль эрх зүйн элдэв маргааныг хэрхэн шийдвэрлэх бүх боломжийг мэдэхгүй. Уучлаарай, энэ гар утасны гэрээг чиний нөхцөлд хэрхэн ашигтай цуцлаж болохыг мэдэхгүй байна.

Чи ямар ч тохиолдолд зөвлөгөө өгсөн, өгөөгүй нөгөө хүндээ би зөвлөгөө өгөх эрхгүй гэдгээ тэдэнд үргэлж сануулж хэлж байгаарай.

АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Юун түрүүнд чи хичээлийн лекцэнд сууна. Үргэлжлүүлээд сэдвийг сайн дураар дэлгэрүүлэн уншина, уншаад дараагийн семинарт бэлтгэх хэрэгтэй болно. Гэвч би ийм зүйлд сурагч байхаас суралцаагүй нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл, зөв сурах бичгийг олоод үзсэн хичээлийн өөрт байх мэдлэг, ойлголтыг бататгах зүйлд өөрийгөө шалгахад суралцаж, дасаагүй байв. Эцэст нь хичээж байж үүнд суралцсан л даа. Бас багаар буюу оюутнуудтай хамтран ажиллаж, өөрсдийгөө шалгах нь үүнтэй төстэй, үр дүнтэй арга юм. Гол нь чи хичээх тусам илүү ихийг ямар ч нөхцөлд сурах болно.

ХУУЛИЙН СУРГУУЛЬ БОЛ ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР

Хуулийн сургуульд чи үеийн оюутнуудтайгаа сайн дүнгийн төлөө үргэлж өрсөлдөх хэрэгтэй болдог. Зарим оюутнууд бүр хэтрүүлж, бүхнийг нууцаар, ганцаараа судалж болох юу байна тэр бүхнийг судлахыг хичээдэг. Ерөнхийд нь хэлбэл, хуулийн сургууль бол The Apprentice шоун дээр гардаг шиг оролцогчид өрсөлдөөнт орчинд өөр хоорондоо өрсөлдөж, тулалддаг нэг төрлийн драма л гэсэн үг.

ХУУЛИЙН НОМ ҮНЭТЭЙ БАЙДАГ

Анх би нэн шаардлагатай гэх ангилалд багтах хэдэн ном авахад ойролцоогоор 400 мянган төгрөг (Англид) болж, миний сэтгэлийг багахан шархлуулсан юм. Энэ мэдрэмжийг би өнөөдөр ч гэсэн мэдэрдэг.

МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЖ БАЙНА УУ?

Мотивац байхгүй байхад, дээр нь их хэмжээний материал унших шаардлагатай болоход зарим оюутнууд өөрсдөдөө асуулт тавьж эхэлдэг. Би зөв мэргэжлээр суралцаж байна уу гэж. Хуулиар сурах нь чиний хичээл зүтгэл, бүх зүйлийг чинь маш ихээр шалгах том шалгуур юм. Замын дундаас шантарч, гарч байсан оюутнуудыг би олон харж байсан. Тиймээс чи өөрийн хүссэн мэргэжлээр суралцах нь хамгийн зөв зүйл юм. Хуулиар сурах нь өндөр төлбөртэй бөгөөд ингэснээр бид өөрсдөдөө маш үнэтэй хөрөнгө оруулж байгаа хэрэг. Тиймээс энэ тал дээр эхнээсээ сериозны хандаарай.

А ДҮНГЭЭС ХУУЛИЙН СУРГУУЛЬ РУУ ҮСРЭХ НЬ

Би дунд сургуульдаа гайгүй сурдаг байсан тул их сургуульд ороод хуулийн зэргийг мөн адил дажгүй даван туулчихна гэж боддог байлаа. Гэтэл их дээд сургуульд ороод хуулийн ном унштал түүнийг нь ойлгож ядаад, би үүндээ гутарч, энэ бүх хугацаанд тэнэг юм шиг явсан. Ингэж явсаар 90 хувийн A үнэлгээнд хүрч чадсан юм. Ерөнхийд нь хэлбэл энэ нь хэвийн үйл явц бөгөөд бид шинэ зүйлд суралцах, түүнийг ойлгоход харилцан адилгүй цаг хугацаа зарцуулдаг билээ.

ХУУЛИЙН ОЮУТНУУДЫН НИЙГМИЙН БАЙДАЛ

Эцэст нь, бусдаас ирэх аливаа гэнэтийн дайралтанд бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд элдэв асуултанд нь тохирох зөв хариултыг өөрсдөө бодож олоорой.

“Чи хуулиар суралцаж байгаа юм уу? Магадгүй намайг асуудалд орооцолдох үед чи туслах л юм байна.”

“Үнэхээр буруутай хэн нэгнийг чи ирээдүйд хэрхэн өмгөөлөх юм бэ? Хуульчид бол зүрх сэтгэлгүй, мөнгөний төлөө бүхнийг хийдэг амьтад” гэх мэт.

Эх сурвалж: The Guardian

Comments