Хуульч, өмгөөлөгчийн хөлс яагаад өндөр байдаг вэ?


Сэм Глоуэр (Sam Glover) бол Lawyerist.com сайтын үүсгэн байгуулагч бөгөөд хуулийн байгууллагад ашиглагдах технологи, үйл ажиллагааны менежмент, бусад чиглэлээр мэргэшсэн хуульч нэгэн юм. Тэрээр 2014 оны 10 сард өөрийн сайт дээр Хуульчийн үнэ хөлс яагаад өндөр байдаг тухай энгийн нийтлэл, тайлбарыг бичиж, оруулсан байсныг Mister Kh танд хөрвүүлэн хүргэж байна.

Хуульч, өмгөөлөгчөөс иргэдэд өгөх хууль зүйн зөвлөгөөний үнэ хөлс бага байх ёстой тухай элдэв яриа гадуур элбэг байдаг. Мэдээж дээрх асуудал чухал байлгүй яахав, гэхдээ энэ бодлоо түр зуур мартаад, ер нь яагаад төлбөр өндөр байдаг талаар эхлээд эргэцүүлж бодох хэрэгтэй болов уу.

Хуулийн зэрэг авахаар суралцах, мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдах, хуулийн фирмийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаас гарах зардлыг технологи, процедурын журмаар багасгаж болох ч гол нь тухайн нэг хүн хуульч болохын тулд өөрөөсөө маш их хөрөнгө, хүч зарсан гэдгийг та юун түрүүнд ойлгох хэрэгтэй.

Ингэхэд иргэд хуульчдаас туслалцаа авахдаа тэднийг цаашид юу хийж, хэрхэн ажиллах хэрэгтэй болдгийг гадарладаг болов уу? Манай хуульчид ч өөрсдөө иргэдэд энэ талаар сануулж байх нь зүйтэй юм. Бас нэг үнэн зүйл гэвэл хүмүүс хуульчид хөлсөө төлсөн л бол шоронгоос гарах, гэрээнд нөгөө талаас гарын үсэг зуруулах, даатгалын компаниас мөнгө гаргуулах гэдэг. Гэхдээ үндсэн ажлыг гүйцэтгэх хуульчид энэ нь иргэдийн санадаг шиг тийм ч амархан зүйл биш байх юм.

Жишээ нь, би үйлчлүүлэгчдээ туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсных нь дараагаар нүдрүү нь хараад, “Тэгэхээр та энэ асуудалд санаа зовних хэрэггүй, Таны асуудал одоо минийх болсон” гэж хэлдэг. Би ийм л зүйлийг хэлдэг, гэхдээ чин сэтгэлээсээ шүү. Ингэснээр миний үйлчлүүлэгч гэртээ очоод санаа зовох зүйлгүй, амар тайвнаар, орой нь нам унтаад өгнө биз? Харин оронд нь би шөнөжин тухайн асуудлынх нь хууль зүйн гаргалгааг бодож хононо. Заримдаа бүр үйлчлүүлэгчийнхээ кэйс, хэргийн материалыг зүүдэлнэ гээч. Мөн хүүхдүүдтэйгээ тоглоомын талбай дээр байхдаа хүртэл шүүх хурлын тов, бусад хийх ёстой, гэнэтийн ажил бий болсон эсэхийг харах гээд мэйл хаягаа байнга шалгана. Эхнэртэйгээ оройн хоол идэхдээ хүртэл, өдөр оролцсон шүүх хурлын сонсгол, хэргийн гэрчийн мэдүүлгийн талаар ярилцана.

Та үерийн усанд өөрийн Феррари машиныг урсгадаг хуульчийн талаар сонссон л байх. Машинаа аварч цаг алдахын оронд шүүх хуралд цагтаа очихыг илүүд үзсэн байна шүү дээ. Дараа нь тэрээр хэлэхдээ, “Чамд өөрт чинь ямар ч хэцүү зүйл тохиолдсон байсан гэсэн, үйлчлүүлэгчийнхээ урмыг л хугалж болохгүй” хэмээж байв.

Хуульчийн ажлын хөлс үнэтэй байдаг, учир нь та үр дүнд нь маш их зүйлийг хожино. Яг л дээр дурддаг, машинаа урсгасан нэгэнтэй адил хүнийг та өөртөө ажиллуулж байгаа хэрэг. Та өөрийнхөө төлөө, таны асуудлын хойноос хөөцөлдөж, нойр хоолоо хугасалах нэгнийг ажиллуулж байгаа хэрэг юм.

Хуульчдын мэргэжлйн чиг үүрэг их энгийн. Тэд үйлчлүүлэгчийнхээ хууль зүйн асуудалд анхаарал тавих ёстой. Үйлчлүүлэгч туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан л бол үйлчлүүлэгчийн асуудал нь тухайн хуульчийн асуудал болон хувирдаг. Хэн ч Юберийн таксины жолоочийг таны байгаа газарт очиж, нөгөө газарт хүргэж өгсний төлөө зогсоолын төлбөр нэмж авна гэж санадаггүйтэй адил, хуульчид ёс зүйн болоод хууль зүйн өндөр хариуцлага бий. Тэд үйлчлүүлэгчээ хэзээд хуурах ёсгүй. Тэгэхээр таны өгсөн төлбөрт нөгөө талаас хууль зүйн, ёс зүйн өндөр хариуцлага мөн дагалдаж байдаг байх нь. Тэрхүү зүйл нь хуульчийн тухай хууль, ёс зүйн дүрэмд хатуу тусгагдсан байдаг учир үйлчлүүлэгч нь хуульчийг үйлчилгээний төлбөрөө багасга гэж шаардах нь дээрх стандартуудыг зөрчихийг шаардаж байгаатай агаар нэг зүйл.

Хэрэв үнэхээр төлбөр өндөр байна хэмээн багасгах гэвэл, бидэнд өөр шийдэл байх хэрэгтэй. Тэр нь хуульчийн үйлчлүүлэгчийн өмнөөс гүйцэтгэх ёстой байдаг зарим үүргийг гүйцэтгэхгүй байх байж болох. Тиймээс, асуудлыг дүгнэхэд, хэн нэгний бага хэмжээний үнийн хөлс тогтоох гэсэн оролдлого, шахалт нь Хуульч гэж юу билээ, Хуульчийн гүйцэтгэх ажил, үүргийг үгүйсгэх, үндсээр нь өөрчлөх гэж буй үйлдэл болох юм.

Comments