Мэтгэлцээн гэж юу вэ?


Амьдралын түмэн сонголтоос зөвийг нь сонгож чаддаг ах эгч, дүү нартаа энэхүү нийтлэлийг уншиж буй өдрийн мэнд хүргэе! Мэтгэлцээний тухай өрнөх ярианы өмнө та бүхэнд шүүс уух, компот идэх гэсэн 2 сонголт үлдээе. Ихэнх хүмүүс шүүс ууна, энэ бол нийтлэг сонголт, гэвч бид компотны шүүсийг нь уугаад жимсийг нь идэж болдог билээ.



Намайг дөнгөж илтгэх урлагийг сонирхож эхлэх үед багш нар минь хүртэл мэтгэлцээнийг соёлтой хэрүүл хэмээн тодорхойлдог байлаа. Хэрүүлд ялагч байдаггүй, соёлтой байлаа ч хэрүүлд үр дүн байдаггүй учир энэ нь зүгээр л шүүс. Харин мэтгэлцээнд үр дүн гарах нь туйлын үнэн, энэ бол компот.

Тэгвэл ямар үр дүн гарах эсэхийг судлахын тулд бүгдээрээ хаяг шошгыг буюу мэтгэлцээний ерөнхий онолын тухайд сонирхоё.

Монголд Шүүх, Карл Попер, Парламент, Линколн Дугласын мэтгэлцээн илүү хөгжсөн гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Мэтгэлцээн нь өөр өөрийн зорилготой байх ба тэр зорилгодоо хүрэхийн тулд мэтгэлцдэг. Уг зорилго нь салбар бүрт өөр, жишээлбэл шүүх танхимд хэрэг хянан шийдвэрлэдэг бол засгийн газарт аливаа бодлого төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг. Харин бидэнд хамгийн ойр агаад хувь хүний хөгжилд үр шимээ өгсөн нь боловсролын салбар дахь мэтгэлцээн. Илүү олон талт ямар ч үед хөрвөх чадвартай мэдлэг олгодог. Учир нь уг салбарт зарчмаа хамгийн сайн баримталдаг.

Тэгэхээр эндээс мэтгэлцээний зарчим гэсэн шинэ нэр томъёо гарч ирлээ. Бүх салбарын мэтгэлцэгч үндсэн 3 зарчмыг баримталдаг.

1. Бусдыг хүндлэх
2. Үнэнийг баримтлах
3. Суралцахын төлөө мэтгэлцэх

Уг 3 зарчмын талаар нарийн мэдээллийг өөр олон хүн нийтэлсэн байдаг учир зарчмын тухайд түр хойш тавия. Ер нь компот идсэнээр бидний өдөр тутмын амьдралд ямар ашиг гарах вэ?

Бидний харилцааны ур чадвар төдийлөн сайн хөгжөөгүйгээс үүдэж зөрчилдөөн үүсэх, ашиггүй хэлцэл өрнүүлэх аюул тулгардаг. Харилцааны ур чадварт:

1. Сонсох
2. Ярих
3. Бичих
4. Илтгэх ур чадварууд ордог ба эдгээр ур чадваруудыг цогцоор нь хөгжүүлэх хамгийн зөв сонголт бол бидний урдаа аягалаад тавьчихсан байгаа “компот” буюу мэтгэлцээн юм.

Бид мэтгэлцэхдээ бусдыг хүндлэх зарчмыг мөрдсөнөөр харилцааг зөрчилдөөнгүй өрнүүлж сурна. Үнэнийг баримталснаар үр дүнтэй мэтгэлцээнийг өрнүүлж нэг нэгэндээ ашигтай мэдээллийг түгээнэ.

Сургалтанд нэвтрүүлж болох хамгийн үр дүнтэй аргаар мэтгэлцээн, хэлэлцүүлгийг нэрлэдэг нь ч бас үүнтэй холбоотой биз. Бүх төрлийн мэтгэлцээнд бодлогын, үнэт зүйлийн шийдэл өгөгдөх ба энэ нь тухайн шийдэл буюу асуудлыг хайх мэтгэлцээн явагдаж мэтгэлцэгчдэд олон талт мэдлэгээс гадна богино хугацаанд сэтгэх, асуудлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэх арга замыг олох ур чадвар суулгадаг.

Мэтгэлцэж чаддаггүй хүн хэрэлддэг гэсэн үг байдаг. Хэрүүлээс үр дүн болон сайн зүйлсийг хайгаад ч олохгүй гэдэг нь ойлгомжтой бизээ. Дараа дараагийн нийтлэлдээ харилцааны ур чадвар, мэтгэлцэх зарчим, илтгэгчийн ёс зүйн тухай бичих учир энэ удаагийн компотны танилцуулгаа хаая. Зөвийг сонгож, зөв хөгжилөө бүтээхийг хүсэе.

Эх сурвалж: Н.Мөнгөнбагана, MLC Bootcamp

Comments