Энэ тухай Монгол хэл дээр мэдээлэл хайлаа, олигтой үр дүн харамсалтай нь гарч ирсэнгүй. Харин оронд нь Орос хэл дээрх мэдээллүүд түлхүү байна, тэгэхээр нь Англи хэл бага зэрэг гадарладаг юм болохоороо “Femida” гээд хайтал зурагнаас өөр зүйл гарч ирсэнгүй. Гэтэл ухаандаа жинхэнэ нэр нь Themis буюу Фемис болж таарав. Яахав манайхан нэн ялангуяа гадаад нэр томьёог Орос хэлнээс хуулбарлаж байсан гэдэг утгаараа энэ нь тэднийхээс Фемида болж хувираад манай эрх зүйн онолын ном, сурах бичгүүдэд ийн тэмдэглэгдэн үлдсэн юм билээ, үүнийг би ойлгоогүй явж.
Бидний мэдэхээр Фемида буюу Фемис бол хууль ёсыг сахиулагч, тэгш эрх, зүй ёсны бэлэг тэмдэг болсон эртний Грекийн бурхан билээ. Түүхч, олон улс судлаачид, энэ тухай сонирхогчид эртний Грекийн соёл иргэншил, зан заншил, шүтдэг бурхадых нь талаар нарийн судалдаггүй л юм бол энэ тухай их урт, үргэлжилсэн үлгэр домгууд байдаг юм байна. Ерөнхийд нь авч үзвэл эртний Грекийн бурхад Титанууд болон Олимпийнхан гэх мэтээр хуваагдах бөгөөд тус бүрдээ нэг ёсны бурхадын үечлэл, хүн төрөлхтнийг захирч байсан цаг хугацаа зэргээр өөр хоорондоо зааглагдаж, ялгагддаг юм байна. Тэрээр титан буюу бүүр эртний, анхны бурхадын тоонд багтах ба Уранус болон Гайа бурхадын дундаас төрсөн охин буюу бурхан юм.
Түүний нэрийг утгачилбал “аливааг зүй зохис бүхий хэмжүүрт аваачих” гэсэн утгатай. Хожим Титан болон Олимпынхны хооронд дайн дэгдэхэд Фемис оролцоогүй ба дайн дууссаны дараагаар Зевс бурхан түүнийг аливаа дүрэм журмыг сахиулах үндэслэгч байхыг шаардсан байна. Яг л Чингис хаан Шихихутугт шүүн таслах эрхийг захируулж, түүнийг төрийн их заргачаар томилж байсантай адил зүйл. Ийм учраас л тэрээр зүй ёс, дэг журам, этикийн илэрхийлэл болон домогт үлджээ.
Зүй ёсны бурхнаар яагаад эрэгтэй бус эмэгтэй хүнийг төлөөлүүлсэн бэ?
Дээр өгүүлсэн домог ёсоор бол энэ нь зүгээр л тохиолдол байсан. Яг л эрэгтэй, эмэгтэй 2 хүн ямар хүүхэд төрүүлэхээ тэр дор нь шийддэггүйтэй адил. Тэрээр Титан буюу Грекийн эртний бурхадын тоонд ордог ба эдгээр үлгэр домгууд нь ямартай ч тухайн үеийн эртний Грекийн ард түмний соёл, заншил, үзэл баримтлалыг шингээсэн байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр тийм бол тэр үед Грекчүүд эмэгтэйчүүдийг асуудалд зүй ёсоор, тэгш байдлаар, энэрэнгүй ёсоор, хүчээр бус ухаалаг байдлаар хандах зэрэг тал дээр эрчүүдээс илүүд авч үздэг байсан бололтой.
Фемис яагаад гартаа сэлэм атгасан байдаг вэ?
Уг сурвалждаа бол тус бурхан нь гартаа ямар нэгэн сэлэм атгасан байдлаар, мөн нүдээ боосон байдлаар дүрслэгддэггүй. Гол нь гартаа жинлүүр барьсан байдаг ба энэ нь тухайн нэг хэргийг шүүхдээ тэрээр аль нэг талыг баримтлахгүйгээр, талуудыг адил тэгш боломжоор ханган, нотлох баримт зэргийг олонд нээлттэй байдлаар үзүүлж, ил тодоор шийдвэрлэж байгаагаар илтгэгдэнэ.
Бусад хамаатуулах зүйлсийн тухайд?
Сайн харвал түүний нүд боолттой, харин чих нь ил гарсан, баруун гартаа жинлүүр барьсан, зүүн гартаа сэлэм атгасан, могойн дээр номоор гишгэсэн байхыг та анзаарна. Эдгээр нь бүхэлдээ түүний мөн чанарыг илтгэж байгаа бөгөөд нүдээ боосон нь хэргийг шийдвэрлэхэд аль талд ямар этгээд байгаа нь үл мэдэгдэж, шударгаар шийдвэрлэгдэх байдлаар, чих нь ил гарсан байгаа нь хэргийг шийдвэрлэтэл талуудын тайлбар, яллах дүгнэлт, өмгөөллийн үг зэргийг сонсож байх байдлаар, жинлүүр барьсан нь өмнө тайлбарлагдсан, сэлэм атгасан нь цаг нь болоход буруутай тал буюу жинлүүрийн аль нэг талыг нь цавчин унагах байдлаар, могой нь хууль бус, шударга бус, зүй бус гэх мэт муу муухай бүхнийг төлөөлж байгаа ба Фемис номоор буюу хуулиар түүнийг нухчин дарж байгаа байдлаар тус тус илтгэгдэнэ.
Фемис хэзээ, хаана төрсөн бэ?
Домогт гарах бүхий л бурхад харамсалтай нь түүх бичигдэхээс өмнө төрсөн байжээ.
Comments