Цаана чинь зарим оюутнууд 2-хон сарын хугацаанд 1 жилийн цэргийн албыг хаагаад байна гэнэ. Яаж? Ер нь яагаад? Ямар азтай гарууд вэ? хэмээн та дотроо бодож байж магадгүй, хэрэв цэрэгт явах дургүй хүмүүсийн нэг бол шүү дээ.
Энэ бүхэн нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийн үр дүн бөгөөд олон утга, зорилтыг агуулсан тус хөтөлбөр 2014 оноос анхлан хэрэгжиж эхэлсэн юм. Тиймээ, таны бодож байсанчлан тэдгээр оюутнууд нэг талаараа их азтай. Нэгдүгээрт, цаг хугацаа хэмнэчихнэ, хоёрдугаарт, сургуулиа төгсөөд төрийн албаны шалгалт өгөх эрхтэй болно, гуравдугаарт, бэлтгэл офицерийн сургалтанд хамрагдах, гадаадын цэргийн их, дээд сургуулиудад суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, бүр олон улсын энхийг сахиулах ажиллагаанд ч оролцох эрхтэй болох юм.
Анх энэхүү хөтөлбөрт их, дээд сургуульд суралцаж буй 500 хүрэхгүй оюутныг хамруулж байсан бол 2015 онд орон тоог нь 1000 хүргэсэн байна. Дараа дараагийн жилд ч өсгөх бодлого баримтлах болов уу. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын их сургууль.
Хөтөлбөрийн анхны үзэл санаа Монголын оюутны холбооноос эхтэй бөгөөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.11 дүгээр заалтад тусгагдсан байна. Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 6 сард Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, тэрхүү зарлигийг албан ёсоор хэрэгжүүлэх баримт бичиг буюу тогтоолыг 2014 оны 2-р сард Засгийн газраас баталжээ.
Хэрэв та 18 нас хүрсэн бөгөөд 18-25 насны, эрэгтэй, мөн бакалаврын зэрэг горилон Монгол улсын аль нэг их, дээд сургуульд суралцаж буй бол “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж болох нь. Таны сурдаг сургууль зөвхөн Улаанбаатар хотод байх шаардлагагүй бөгөөд үүнд оршин суугаа нутаг дэвсгэр, сурдаг сургууль, суралцдаг мэргэжил ҮЛ хамаарах юм. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудын захиргааруу жил бүрийн хавар “Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах” тухай албан бичиг илгээх учир та манай сургуулийн оюутнууд яах бол хэмээн санаа зовох зүйлгүй, өөрийн суралцах сургуулийн сургалтын албанд тухайн үед бүртгүүлэхэд л болно.
Хөтөлбөрт тавигдах эхний шалгуурыг давсан бол та дараагийн ээлжинд “Цэргийн ерөнхий бэлтгэл” гэх 2 кредиттэй 96 цагийн хичээлийг хавар судлах бөгөөд сургалтыг Батлан хамгаалахын их сургуулийн багш, офицер нар заадаг байна. Хичээлийг бүхэлд нь судалсны дараагаар ерөнхий шалгалт авч суралцагчдыг тодорхой хэмжээгээр шигшинэ. Хэрэв та шалгалтандаа тэнцсэн бол цэрэг татлагын товчоон дээр очиж, нарийн эмчийн үзлэгт орно. Эндээс бас оюутнууд шигшигдэнэ. Ингээд бүх зүйл ОК болсон бол үсээ гялайтал нь хусуулаад цэргийн ангируу ачигдах өдрийг хүлээнэ дээ. Ойролцоогоор энэ нь үзлэгт орсноос хойш 7 хоногийн дотор байсан болов уу гэж санаж байна.
Тэнцсэн оюутнуудыг 2 ээлжээр 1 өдөрт багтаан Батлан хамгаалахын их сургуулиас цэргийн ангируу авч явах бөгөөд хүүгээ гаргаж өгөх гэсэн эцэг эхчүүдийн хөл хөдөлгөөн тэнд багагүй байдаг юм билээ. Оюутнуудын байрлах цэргийн сургалтын төв нь Төв аймгийн Алтанбулаг суманд байршилтай Зэвсэгт хүчний 119-р ангийн дэргэд бөгөөд ойролцоогоор 1-2 удаа эргэлтийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Эргэлтийн өдөр (07 сарын 13-нд) эцэг эхчүүд машин унаагаа хөлөглөн цэргийн ангируу шууд яваад очих боломжтой. Бас цэргийн ангийн хашаанд нь бүр майхан саваа босгоод бүтэн өдөржин хүүтэйгээ байх боломжтой юм билээ.
Оюутнууд цэргийн алба хаах энэ хугацаанд Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх бөгөөд нэг онцлог нь өөрийн хүсэлтээр сургалтын дундаас гарч явж болно. Энэ тохиолдолд та дараа дахин “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжгүй болох юм. Яахав сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байгаа хөтөлбөр учраас оюутан цэргүүдийн хувьд энэ тал дээр харьцангуй зөөлөн, чөлөөтэй заалтыг холбогдох журамд оруулж өгчээ. Харин дайн бүхий байдалд албан үүргээ биелүүлэхээс татгалзах, бууж өгөх, захирагчийн тушаалыг үл биелүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэргийн ангийг орхисон, оргон зайлсан зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол тохирох хариуцлагыг хүлээнэ. Учир нь та цэргийн дайчилгааны нөөцийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн бөгөөд дахин хэлэхэд, хугацаат цэргийн албан хаагчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа юм.
2 сар танхимаар, 2 сар цэргийн ангид цэргийн эрчимжүүлсэн тусгай хөтөлбөрт хамрагдсан оюутнууд эцэст нь Чингисийн талбайд ирж, цэргийн тангараг өргөх ёслолд оролцох бөгөөд байлдааны жанжин туганд хүндэтгэл үзүүлснээр тус хөтөлбөрийн хэрэгжилт ийнхүү хангагдсанд тооцно. Зохион байгуулагчдын зүгээс хөтөлбөрийн зорилтыг МУ-ын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэний журамт үүрэг болох “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” заалтыг хэрэгжүүлэх болоод залуусын эх оронч сэтгэлгээ, хүмүүжлийг төлөвшүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлөхөд оршино гэж үзсэн. Гэвч сайныг дагаад саар гэгчээр “Балай юм, хэнд хэрэгтэй юм; 2 сарын хугацаанд юу ч сурах билээ дээ; Хэрэггүй хоолны савууд; Эд нар эх оронч сэтгэлтэйдээ биш төрийн албанд орох гэсэндээ явж байна; Цэргийн албыг тоглоом болголоо;” гэх мэт сэтгэгдлүүд мэдээний сайтууд доор багагүй байрласан байсан. Ямартай ч “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн үр дүн цаг хугацааны эрхээр харагдана гэж найдаж байна.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахгүй байж болох уу? Мэдээж хэрэг болно. Магадгүй зарим оюутнууд чамайг хамрагдаагүйн төлөө “Ийм сайхан боломжийг ашиглаж чаддаггүй тэнэг” хэмээн хэлж магадгүй юм. Гэвч чиний л мэдэх хэрэг шүү дээ.
Эмэгтэй оюутан хамрагдаж болох уу? Болохгүй. Зөвхөн эрэгтэй оюутан бөгөөд тэрээр Монгол улсын аль нэг их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцдаг байх ёстой.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа? Ойролцоогоор 3-4 сар. Зарим хүмүүс хэлэхдээ, 1-р курсээсээ эхлээд жил бүрийн зун тус бүр 3 сар цэргийн ангид байрласнаар 1 жилийн цэргийн алба болох учир нийт 4 жил үргэлжилнэ гэдэг. Гэвч тийм биш юм. Зөвхөн 1 удаагийн зуны амралтаар та цэргийн алба хаана гэсэн үг. Тийм болохоор л зарим хүмүүсийн атаархлыг төрүүлээд байгаа хэрэг.
Сонгон шалгаруулалтанд юу нөлөөлөх вэ? Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийн шалгалтын дүн, хамгийн гол нь тухайн оюутны эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг гол шалгуур үзүүлэлт болгосон.
Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар хөтөлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтэй болбол яах вэ? Болно. Нэгэнт цэргийн ангид оччихсон байсан ч бай тухайн оюутныг эрүүл мэнд, ар гэрийн шалтгаанаар зайлшгүй чөлөөлөх шаардлагатай бол сургалтаас бүр мөсөн чөлөөлнө. Энэ тохиолдолд дараа жил дахин хамрагдах боломжтой. Гэхдээ давуу тал эдлэхгүй.
Оюутан цэрэг чөлөө авч болох уу? Болохгүй. Хэдий оюутан цэргүүд суралцах хугацаандаа цэргийн дүрэмд заасан хугацаат цэргийн алба хаагчид хамаарах эрхийг эдлэх ч түүнд цэргийн дүрмийн чөлөөгөөр явахтай холбоотой заалт хамаарахгүй тухай холбогдох журамд заасан.
Энэ сургалтанд хамрагдсанаар цэргийн алба хаасанд тооцох уу? Тийм. Тус хөтөлбөрт сайн дураар хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл хөтөлбөрийг хангасан оюутныг цэргийн дайчилгааны нөөцийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, түүнийг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно.
Эх сурвалж: Lawstudent.mn
Comments