Тэгвэл Эрх зүй гэж чухам юу вэ? Энэ нь шинжлэх ухаан мөн үү, аль эсхүл урлаг уу? Эцсийн эцэст бүгд эрх зүй бол шинжлэх ухааны мэдлэг чадвараа практикт хослуулах урлаг гэдэгт санал нийлдэг байна. Учир нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох арга замаар шударга ёсыг бүрэлдүүлж, тэднийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ урлагаар эрх зүй нь журмыг баталгаажуулах бус маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зөв тайлбар өгөхөөр хязгаарлагдахгүйгээр үл барам хууль зүйн фактыг ангилж, онол зарчмыг боловсруулах үүргийг хүлээдэг.
Хүй нэгдлийн нийгэмд хүмүүсийн зан үйлийн үндсэн хэм хэмжээ зан заншил байсан төдийгүй зан заншлийн хэм хэмжээ тодорхой нөхцөл байдалд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах илүү оновчтой хувилбарыг тогтоон бэхжүүлсэн зан заншил нь хүмүүсийн амьдралын практик үйл ажиллагаатай, өөрөөр хэлбэл, тухайн зан заншил практикт удаан хугацаагаар хэрэглэгдсэн байх, уг зан заншлын хэм хэмжээ общины гишүүдэд ойлгомжтой төдийгүй тэдэнд уг хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх гэх зэрэг шаардлагатай уялдан тухайн хэм хэмжээг тогтоодог байв.
Хүн өөрөө байгалийн болон нийгмийн амьтан бөгөөд төрөхдөө л аминчхан үзэл, зан суртахууныг өөртөө агуулсан байдаг. Тиймээс ч нийгэмд тухайн хүн дасан зохицож, бусдад ямар нэгэн муу зүйл хийж, бусдын эрх ашгийг зөрчихгүйн тулд тухайн хүн хуулинд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, хууль нь төрөөс батласан, заавал дагаж мөрдөх ёстой эрх зүйн хэм хэмжээ юм.
Эртний Грек, Ромын үеэс эхлэн энэ асуулт тавигдсаар ирсэн. Эрх зүй бол нийтлэг хүсэл сонирхол, шударга ёс, бие хүний чөлөөт байдал гэх зэргээр тодорхойлж байснаас гадна саяхныг болтол манай улсад эрх зүй бол хууль бөгөөд түүнийг төрөөс тогтоодог гэж тодорхойлж байсан.
“Эрх зүй гэдэг бол шударга ёсонд тэмүүлэх, шударга ёс, тэгш ёс хоёрын хөл нийлүүлэх урлаг мөн” хэмээх тодорхойлолт эрх зүйн шинжлэх ухааны үнэ цэнэтэй сод цоморлиг болсон ромын Дигест хэмээх бүтээлийн эхэнд зүгээр ч нэг бичигдээгүй юм. Үнэхээр ч эрх зүй бол шударга ёс, эрх тэгш байдлаас урган гардаг. Хүн бүр Бурхан Будда эсвэл Есүс Христ шиг цэвэр ариун сэтгэлтэн байж, бусдын төлөө биеэ золиослон шударга байж чаддаггүй. Ихэнхдээ бид нэн түрүүнд өөрийн эрх ашгийг боддог. Үүнээс л болж хүмүүс бид бие биенийхээ эрхийг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэдэг. Энэ үед эрх зүй нь үүргээ биелүүлж, бидний харилцааг зохицуулан, хүний эрхийг хамгаалж, нийтийн сайн сайхны төлөө ажилладаг.
Хэрвээ бид бүх зүйлд шударгаар хандаж, үргэлж бие биенийхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй байсансан бол бидэнд эрх зүй, түүний зохицуулалт хэзээ ч хэрэг болохгүй байсан байж болох юм. Хүмүүс хоорондын харилцааг хайр энэрэл л зохицуулах байсан ч байж магад.
Хууль яах гэж гардаг вэ?
Дээр дурдсанчлан та бидний эрх ашгийг хамгаалах гэж. Хэрэв ямар нэгэн байдлаар бидний эрх ашиг зөрчигдвөл шударга, хараат бус шүүхээр шүүлгэхийн тулд бидэнд хууль хэрэгтэй. Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэх мэт дотоодын болон олон улсын эрх зүйн бидний зайлшгүй дагаж мөрдөх ёстой амин чухал хууль, дүрэм журмууд байдаг. Энэ нь хүн төрөлхтөн та бид өөрөө өөрсдийнхөө төлөө бүтээсэн үнэт зүйлс юм.
Та ямар ч хууль, дүрэм журам бидний амьдралд байхгүй байна гээд төсөөлөөд үзээрэй. Хэрэв тэгвэл бидний амьдралд юу тохиолдох бол? Хүний эд хөрөнгө, мөнгөний төлөөх шунал, эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн шунал, өс хонзон хэрээс хэтэрч, хүчтэй нь хүчгүйгээ мөлжиж, дээрэлхэж, алан хядлага, дээрэм тонуул, хүчирхийлэл, зах замбараагүй, аюултай ийм л нийгэм биднийг угтана. Тийм ч учраас энэ байж болох бүх муу муухай хэрцгий үйлдэл, үр дагавраас сэргийлэхийн тулд, мөн хамгаалахын тулд, урьдчилан сэргийлэхийн тулд хууль дүрэм, эрх зүй байдаг юм.
Одоо өмнө тавьсан асуултаа дахин асууя. Эрх зүйгүйгээр бид хэр удаан байж чадах вэ?
Мэдээж хүн амьсгалах агааргүй, уух усгүй хэдхэн хором ч байж чаддагүйтэй адил эрх зүйгүйгээр нэг ч хором байж чадахгүй гэвэл хэт өрөөсгөл болно. Үүний нэг тод жишээ бол бидний сайн мэдэх Английн нэрт шог зохиолч Даниель Дефогийн “Робинзон Крузо” зохиол юм. Энэхүү зохиолд эзэнгүй зэлүүд арал дээр Робинзон Крузо ямар ч хууль цааз, эрх зүйгүйгээр 27 жил 2 сар 19 өдөр амьдран суудаг тухай гардаг. Эндээс хүн ганцаараа ямар ч хууль цааз, эрх зүйгүйгээр хэдэн ч жил, бүр насан туршдаа амьдарч болно гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. Гэхдээ энд та “ганцаараа” гэдэг үгийг чухалчлан авч үзээрэй!
Тийм ээ, хүмүүс хамтдаа аж төрж буй газар болгонд дэг журам, дадал зуршил, шаардлага, хорио цээр хэрэгцээтэй байдаг бөгөөд тэдгээр нь бидний хамтдаа аж төрөхийг зохицуулдаг. Нэг ёсондоо дээр өгүүлсэнчлэн хүмүүс бид үргэлж өөрсдийн эрх ашгийг урьтал болгодог болохоор эрхийн зөрчилдөөн байнга гарна гэсэн үг. Энэ үед эрх зүй зайлшгүй хэрэг болно.
Эцэст нь дүгнэхэд, бид өлсөж цангах, хүний наад захын хэрэгцээ дутагдаж хомсдоход шууд л үүнийгээ мэдэрч, түүнийг хангахын төлөө ажиллаж эхэлдэг. Харин бид өөрсдийн эрх, эрх чөлөөг зөрчигдөж байгааг тэр бүр мэдэрч түүнийг хангахыг эрмэлздэг нь юу л бол. Учир нь бид эрх зүй гэж чухам юу байдаг, яаж бидний амьдралыг зохицуулж, хэрхэн бидэнд үйлчилдэг болохыг сайн мэддэггүй.
Хэдийгээр эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ? гэдгийг судалдаг “эдийн” шинжлэх ухаан юм гэдэг шиг тодорхой нэг тогтсон тодорхойлолтод эрх зүй судлаачид одоог хүртэл хүрээгүй байгаа ч хүн бүр эрх зүйн талаар зохих мэдлэгтэй болох нь чухал.
Эрх зүй нь “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр”, “хэнийг ч хэн гэхгүй, хээрийг ч алаг гэхгүй” гэдэг шиг тэгш эрх, эрх үүрэг, шударга ёсыг зорилгоо болгодог учир хүний амьдралын сайн мууг дэнслэн тэнцвэржүүлэгч жинлүүр ажээ.
Тийм ээ, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.
Бичвэрийг А.Гүнбилэг
Comments