Орчин цагийн хүний нийгэм маш нарийн зохион байгуулалттай бөгөөд тэдгээр нь олон тооны хууль, дүрэм журмаар зохицуулагдаж байдаг хойно бид хэдий болтол хууль гэхээр зөвхөн хуульчдад хамааралтай, энгийн ардад ойлгогдохооргүй үг хэллэгээр бичигдсэн бичвэр, тэр нь нууцлагдмал газар, хаа нэгтээ байдаг юм шиг ойлголттой явах вэ?
Хууль бол маш энгийн зүйл. Цагаан дээр хараар бичигдсэн, аль болох хүн бүрийн сайн сайхан, эрх ашигт нийцэхээр бүтээгдсэн, ингэхдээ олон жилийн шалгуураар тогтож үлдсэн өвөрмөц шинжийг өөртөө агуулсан, мөн хэн нэгнийг цөөнхийн талд оруулж шахаагүй, бүгдэд тэгш үйлчилж байхаар зохиогдсон нийгмийг зохицуулагч хэм хэмжээ юм. Жишээ нь та дэлгүүрийн худалдагчаас эд бараа худалдаж авч байгаа нь Монгол улсын Иргэний хуулиар зохицуулагдсан иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа нэг хэлбэр юм. Тэгэхээр хууль гэхээр заавал шүүх, цагдаатай холбогдох хэцүү, ээдрээтэй зүйл биш ажээ.
Номын нэрний тухайд, хууль нь нийгмийн гишүүн бүрт хүрч үйлчилдэг, тэдний өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болж байдаг учир зохиогч хуулийг “амьд” гээд бүтээлээ ийнхүү нэрлэсэн болов уу.
“Амьд хууль” номноос та Хууль гэж юу вэ гэдгээс авахуулаад хэрхэн хууль ёсоор гэр бүл болох вэ, ингэхдээ ямар нэгэн гэрээ байгуулах хэрэгтэй юу, ер нь гэрээ гэж юу юм бэ, түүнд тавигдах наад захын шаардлагууд, гэр бүлээ хэрхэн хууль ёсоор цуцлах вэ, хүүхдээ яах вэ, эд хөрөнгөө яаж хуваах вэ, шинээр эд зүйл худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ, иргэний хууль, эрүүгийн хуулийн тухай, шүүх дээр аливаа маргааныг хэрхэн шийдвэрлэдэг вэ, хэрэв та гэмт хэрэгт холбогдсон бол эрхээ хэрхэн хамгаалах вэ, өмгөөлөгчөө зөв сонгох нь, шинээр бизнес эрхэлж байгаа хүн бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ, хөгширсөн хойноо, өвдсөн хойноо тэтгэвэр, тэтгэмж хэрхэн авах вэ, нас барах үед өөрийн эд зүйлийг хэрхэн бусдад өвлүүлэх вэ гээд хуулийн маш өргөн ойлголтыг ерөнхийд нь мэдэж авах учраас тус номыг Монгол улсын иргэний Ultimate Legal Guide for Starters гэлтэй.
Хамгийн гол нь дээрх бүхнийг зохиогч маш энгийнээр – ойлгомжтой үг, хэллэг ашиглан, уншигчдад зааж, зөвлөх байдлаар бичиж, ингэхдээ гоёмсог дизайн болон зургаар чимэглэсэн нь хүүхэд, залуучуудын сонирхолыг татаад зогсохгүй, ирээдүйд тэднийг хууль ёсыг дээдэлсэн, зөв төлөвшилтэй иргэн болоход багагүй хувь нэмэр оруулах оюуны бүтээл болжээ гэсэн сэтгэгдлийг надад төрүүлсэн юм.
Тус номыг уншсан зарим хүмүүст зохиогч хуулийн асуудлуудыг зөвхөн гадна талаас нь хэлбэрийн төдий тайлбарлаад, асуудлын гүнзгийрүү орж чадаагүй, нэг л дутуу дулимаг бичсэн мэт санагдаж магадгүй. “Амьд хууль” номны зорилго нь энгийн иргэдэд хуулийн анхан шатны мэдлэг, мэдээлэл өгөх, түүний ач холбогдлыг тайлбарлах гэдгийг зохиогч Б.Ган-Очир нь номны өмнөх үг болон зохиогчийн үг хэсэгт оруулсан байсан. Энэ утгаараа Монгол улсад өнөөдрийг хүртэл хэвлэгдсэн хуулийн номнууд дундаас хамгийн энгийн, хамгийн загварлаг ном болж чадсан хэмээн дүгнэмээр байна.
Мэдээж аливаа бүхэн төгс сайхан биш, номын хуудсыг эргүүлэх явцад үг үсгийн алдаа болон “засах” энэ тэр гэсэн хэвлэлтээс өмнөх үеийн ноорог бүрэн шалгагдаагүйн илрэл дэл сул үгнүүд цөөнгүй харагдаж байв. Мөн уламжлалт дизайнтай гэхүү ном уншаад сурчихсан над шиг хүмүүст номын агуулга тэр чигтээ нүүр бүрт 3 баганад хуваагдаж, ингэхдээ өгүүлбэр дуусаагүй байхад дунд нь сана, анхаар гэх мэт нэмэлт мэдээллийн талбартай оруулсан байсан нь ядаргаатай гэмээр сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.
Зохиогч Б.Ган-Очир нь өөрөө хуульч мэргэжилтэй ба МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, судлаач, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх хийж байсан тэрээр өдгөө Монголын эдийн засгийн форумын Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байх бөгөөд “Амьд хууль”, “Амьд эдийн засаг” гэсэн номнуудыг нийтэд хэвлүүлсэн ажээ. Миний анзаарснаар тэрээр их сайн илтгэдэг хүн шиг санагдсан. Хүсвэл та бүхэн Ютүб сайтаас түүний лекц, ярилцлагуудыг хайж үзнэ үү.
Тус номноос хуулийн ойлголттой болсон уншигчид хүсвэл цаашлаад холбогдох хууль тогтоомж болон мэргэжлийн ном, сурах бичгүүдийг өөрийн санаачилгаар олж судлах бүрэн боломжтой.
Зарим уншигчдын санал сэтгэгдэл.
Хүүхэд залууст хуулийг хялбар аргаар ойлгуулах шинэлэг бүтээл болжээ.
– Баабар
Энэ номыг агуулга талаас нь харвал хуулийн цаана хууль байдаг гэдгийг харуулахыг зорьсон байна. Ач холбогдол талаас нь харвал хууль дээдлэн амьдрах, эрх, эрх чөлөөгөө хамгаалах ач ухааныг зааж зөвлөснөөрөө иргэн бүрийн ширээний ном гэж хэлмээр санагдлаа.
– Профессор Н.Лүндэндорж
Эхлээд хүмүүс өөрийн мөн чанартаа үнэнч байж гэмээнэ хуулийн үнэ цэнэ хүнд хамаатайг мэдэж, хуулиар өөрийгөө хамгаалах боломж чамд өөрт чинь байна гэдгийг энэ ном хэлээд өгнө дөө. Уншихад сонирхолтой, зөв сэтгэлгээтэй ном бол энэ дээ…
– Маестро Д.Сосорбарам
Хууль зүйн ном гол төлөв их уйтгартай, хатуу хэллэгээр дүүрсэн байдаг. Гэтэл миний шавь энэ бүхнээс зайлс хийж, бүтээлч сэтгэл гаргасныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх болно.Тус ном нь хатуу болон зөөлөн хавтастай гээд 2 төрөл байх ба миний авсан зөөлөн хавтастай нь Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд 22,000.00₮-өөр худалдаалагдаж байв.
– Академич С.Нарангэрэл
Comments