Бид хуулийн сургуульд элсэн ороод буруу зөрүү зүйл хийх нь бий. Гэвч бусдын туршлагаас судалснаар бид тэр бүгдийг эрсдэлгүйгээр даван туулж чадах юм. Тэгвэл The Law School Toolbox сайтын хамт олон та бүхэнд тэд хуулийн сургуульд ороод анх юуг нь зөв хийж байсан талаар туршлагаасаа хуваалцсан байна.
Зөвлөгөөг цааш уншихаас өмнө тэдэнтэй товч танилцана уу.
Лий Бургэс (Lee Burges) – Тэр бол Law School Toolbox сайтын хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Сан Францискогийн хуулийн сургуулийг cum laude төгсчээ. Манайхаар бол улаан дипломтой төгссөн гэсэн үг. Суралцах хугацаандаа гэрээний эрх зүй, иргэний эрх зүйн чиглэлээр багшийн туслах, мөн сургуулийнхаа USF Law Review сэтгүүлийн албанд ахлах редактораар ажиллаж байжээ. Хожим нь Лий өөрийн ажиллаж байсан хуулийн фирмийг орхисон ба хуулийн оюутнуудад сургуулиа амжилттай төгсөх, баарын шалгалтыг амжилттай өгөхөд нь туслах хувийн зааварлагч, зөвлөхийн ажлыг сонгон хийх болсон.
Алисон Монахан (Alison Monahan) – Тэр бол Law School Toolbox сайтын хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2006 онд Колумбын хуулийн сургуулийг Кэнт болон Стонын тэтгэлэгт хөтөлбөрөөр амжилттай дүүргэсэн. Мөн суралцах хугацаандаа Иргэний эрх зүйн процесс дээр туслах багшаар, Columbia Law Review сэтгүүлийн нийтлэлчээр ажиллаж байжээ. Алисон холбооны шүүхийн шүүгчийн нарийн бичиг, Сан Франциско хотод байрлах томоохон хуулийн фирмд мөн зарга үүсгэгчээр ажиллаж байсан. Хожим нь тэрээр ажлаасаа гарч өөрийн The Girl’s Guide to Law School гэх хуулийн чиглэлээр ажиллаж буй хүмүүст тустай зөвлөгөө, заавар бүхий веб сайтаа нээсэн юм.
Ариэл Салзэр (Ariel Salzer) – Тэр бол Law School Toolbox болон Bar Exam Toolbox сайтуудад зөвлөхөөр ажилладаг нэгэн. Сан Францискогийн хуулийн сургуулийн оюутан байхдаа цагийн менежмент, шалгалтанд бэлтгэх, албан бичвэр бичих, хураангуйлах чиглэлээр 1-р курсийн оюутнуудад зөвлөгөө өгч, багшилдаг байсан. Хожим нь Калифорниад өмчийн эрх зүйгээр хэдэн жил ажилласны эцэст Ариэл оюутнуудад сургуулиа хэрхэн амжилттай төгсөх, баарын шалгалтыг амжилттай өгөхөд нь туслах хувийн дасгалжуулагчаар ажиллахыг илүүд үзэх болсон.
Бэн Нэлсэн (Ben Nelson) – Тэрээр Law School Toolbox сайтад Калифорни болон Орегон мужуудын баарын шалгалтын зөвлөхөөр ажиллаж байна. Багш мэргэжилтэй гэр бүлээс гаралтай, айлын хамгийн том хүү тэрээр бага байхаасаа л бүхнийг шинэлэг байдлаар хийхийг хүсдэг байсан. Тэрээр Колумбын хуулийн сургуулийг Кэнт болон Стонын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, 2014 онд төгссөн бөгөөд одоо тус сайтад зааварлагч, зөвлөхөөр ажиллаж байна. Чөлөөт цагаараа тэрээр Earthjustice гэх байгаль орчныг хамгаалах зорилго бүхий хуульчдын нэгдэлийн гишүүнээр ажиллаж, өдгөө Америкийн баруун хойд хэсгийг хариуцсан, Роки уулыг хамгаалах тус нэгдэлийн төлөөлөгчөөр мөн ажиллаж байна.
Илина Азунага (Ileana Azcunaga) – Тэрээр Bar exam Toolbox сайтад Флоридагийн баарын шалгалтын зөвлөхөөр ажиллаж байна. Бэйригийн хуулийн сургуулийг cum laude зэрэгтэй төгссөн. Илина төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлэх төвд Улсын өмгөөлөгчөөр олон жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд 40-өөд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийг удирдан оролцож байсан. Түүний чин хүсэл нь боловсролын салбарт чиглэсэн байсан ба сургуулийнхаа Баарын шалгалтанд бэлтгэх тэнхимд хагас цагаар ажиллаж, эсээ бичлэгийг хянаж, дүгнэдэг байсан. 2 жилийн дараа тэрээр тус тэнхимийнхээ захирал нь болсон юм.
ЛИЙГИЙН ЗАХИАС
Би хичээлээ тараад, ажлын цагаар ихэвчлэн профессоруудтай уулздаг байсан. Миний бодлоор тэдэнтэй танилцаж, тэднийг тодорхой хэмжээгээр мэддэг байх нь хуулийн сургуульд суралцаж буйн нэг чухал зүйл нь юм болов уу. Мөн багш нар оюутнуудтай ярилцах дуртай байдаг билээ. Тэдэнтэй тааралдах бүртээ би асуух гэсэн зүйлээ асууж, тодруулдаг байсан нь тухайн үедээ миний хувьд хамгийн зөв явдал байлаа. Багш, профессорудын зарим нь бүр намайг сургуулиа төгссөний дараах ментор, зөвлөх болсон гээч.Би үргэлж уншдаг байсан. Олон цагаар үргэлжлэх энэхүү үйл явц нь заримдаа мэдээж хэцүү бөгөөд залхамаар санагдах нь бий бөгөөд би аль болох үргэлж, тасралтгүй уншдаг нэгэн байхыг хичээж ирсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн сургуульд суралцах үед бусдын ард нэгэнт хоцорчих юм бол буцаад гүйцэхэд хэцүү байдаг юм шүү.
Бас би чөлөөт цагаа хуулийн сургуулийн бус найзуудтайгаа өнгөрөөдөг байсан. Тухайн үед өөрийн амьдарч байсан хотод байрлалтай хуулийн сургуульд суралцсан тул хуучин найзуудтайгаа нөхөрлөж байсан хэрэг. Тэдэнтэй цагийг өнгөрүүлэх нь хуулийн сургуульд суралцаж буй өөрийгөө бодитоор шалгуулах нэг сайхан боломж юм.
АЛИСОНЫ ЗАХИАС
Би хичээл эхлэхээс өмнө нэг өрөөнд хамт амьдрах хүнтэйгээ интернэтээр урьдчилан танилцсан юм. Бидэнд мэдээж хичээлийн жил эхлэхээс өмнөх хэд хоногийн хугацаа байсан тул хамтдаа элдэв зүйлийг хийж, илүү дотно нөхөрлөж эхэлсэн юм. Өрөөний найз маань өмнө нь Нью Йорк хотод олон жил амьдарч байсан тул метрогоор, автобусаар хэрхэн зорчих, аль дэлгүүр нь хямд бөгөөд хүргэлттэй байдаг зэрэг бидний сургуулийн ойр орчмын соёлыг надад таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хуулийн сургуульд та нөхөрлөх хүнээ зөв сонгох хэрэгтэй.АРИЭЛИЙН ЗАХИАС
Би 7 хоногийн хамгийн багадаа 1 өдрийг хичээлээс завсарлаж, чөлөөтэй өнгөрүүлдэг байлаа. Тэрхүү өдрөө хөгжилдөн, бусадтай зугаатай өнгөрүүлэх нь надад ирэх 7 хоногт ажиллах, суралцах эрч хүчийг бүрэн өгдөг байлаа.Би аливааг урьдаас төлөвлөж, зорилго зорилт тавихдаа сайн байсан. Жишээ нь, тухайн өдөр, 7 хоног, сард юу хийхээ Гүүгл календар гэх мэт програм дээр шахуу бөгөөд зөв төлөвлөн тэмдэглэж байсан нь хожим надад үнэхээр их тусалсан юм.
Мөн семестрийн туршид би өөртөө элдэв шалгалтын асуулт, тест зохиож бичдэг байсан тул энэ нь миний эхний хичээлийн жилийн сурлагын дүнд хамгийн сайнаар нөлөөлсөн зүйл болсон юм.
БЭНИЙН ЗАХИАС
Би үнэхээр хичээнгүй нэгэн байсан. Цаашлаад одоо ажил мэргэжлийн хүрээнд байх танил хүмүүстэйгээ би анх сургуульд байх тэр үеэр танилцаж байлаа.ИЛИНАГИЙН ЗАХИАС
Би бүгдтэй эелдэг байдаг байсан. Тиймээс ч олон найзтай байлаа. Мөн цагийг зүй зохистой ашиглаж чаддаг байсан юм.Эх сурвалж: Law School Toolbox
Comments