Энэхүү зөвлөгөөг WikiHow сайтаас орчуулан хүргэж байна. Гэртээ ганцаараа л биш бол ном унших нь их төвөгтэй зүйл. Яагаад гэвэл тэнд байх нэг хүн хөгжим сонсох, хараал идсэн Солонгос савангийн дуурь үзэх нь барьж авсан номоо уншиж ойлгох гэсэн над шиг хүмүүст үнэхээр төвөгтэй санагдах нь бий. Тиймээс ч энэ талаар зөвлөгөө, мэдээлэл хайж яваад олсон нь энэ юм. Өөр олон хүмүүст хэрэгтэй зөвлөгөө ч байж мэдэх юм.
Таны хөрш метал хөгжим сонсох дуртай нэгэн байж, харин та маргааш нь шалгалттай. Иймэрхүү тохиолдолд хийж буй зүйлдээ анхаарал хандуулан ажиллахад их хүндрэлтэй гэдгийг бид мэднэ. Чимээ ихтэй орчин болоод тухайн хүнд үүссэн стресс хоёр нь харилцан хамааралтай зүйлс гэдгийг бас санаарай. Тус зөвлөгөө дээрх хүчин зүйлстэй хэрхэн тэмцэж, хүн өөрийн тайван тогтуун байдлыг олох, анхаарлаа төвлөрүүлэх талаар хэд хэдэн аргыг танд зөвлөх юм.
НЭГДҮГЭЭР АРГА. ЧИМЭЭ ШУУГИАНТАЙ ОРЧНЫГ АРГАЛАХ НЬ
Чихний хаалт болон шуугиан дарагчтай чихэвч хэрэглэх. Чихний хаалт бол хамгийн хямд бөгөөд үр дүнтэй сонголт байх болов уу. Харин шуугиан дарагчтай чихэвч гэвэл харьцангуй өндөр үнэ төлөх болно. Хэрэв та энэ аргыг хэрэглэхдээ оффис эсвэл сургууль, сургалтын орчинд байх болбол эргэн тойрны хүмүүстээ тайлбар өгөх хэрэгтэй. Жишээ нь тантай тэд хэзээ ч чөлөөтэй харилцаж болох талаар хэлэх, шаардлагатай бол мөрөн дээр цохих гэх мэт. Мэдээж хэрэг дарга, багш, профессорууддаа буруу ойлголт өгөхгүйн тулд тэдэнд ч бас мэдэгдэх хэрэгтэй шүү.Хийх ажлаа шинээр зохион байгуулах. Хаана, хэдий үед чимээ шуугиан бий болдог талаар мэддэг бол амархан ажлаа тэр үед нь хийгээд бусад үед номын санд ч юмуу, ажлын газрынхаа өөр нэг өрөөнд эсвэл хурлын өрөөнд анхаарал төвлөрүүлэх шаардлагатай ажлаа хийж гүйцэлдүүлэх хэрэгтэй. Оффисын орчинд суудлаасаа өөр газарт байх боломжгүй бол чимээ шуугиантай байдлыг нэгэнт хүлээн зөвшөөрч, түүнд дасан зохицох нь магад хамгийн сайн шийдэл байж мэдэх юм.
Хөгжим сонсох. Хэрэв та чихэвч зүүгээд хөгжим сонсох үедээ төвлөрөх, бичих, аливааг бодох техникийг эзэмшсэн бол шуугиантай орчноос зайлсхийх хамгийн найдвартай арга нь энэ байх юм. Хөгжим нь үггүй, жишээ нь сонгодог, транс, байгалийн чимээ бүхий байвал илүү үр дүнтэй. Давхар дууны хэмжээг нь бас анхаараарай. Хэрэв хэтэрхий чанга байвал аливаад төвлөрөхөд хэцүү байхаас гадна бусаддаа саад болж мэдэх юм шүү. Ойролцоо арай өөр арга гэвэл, хөгжимний оронд та цагаан шуугианыг (white noise) сонсоорой. Тохиромжгүй байвал, ягаан, саарал, бор гэх мэт шуугианыг сонсоод үзээрэй. Эдгээрийг та интернэтээс чөлөөтэй татаж аваад, ашиглах боломжтой юм шүү.
Гүн амьсгаа аваад тайвшрах. Чимээ шуугиан ихтэй орчин ер нь хүнийг стресстүүлэх нь бий. Тиймээс тэр орчноос бага ч атугай холдож, угаалгын өрөө орох, бага зэрэг алхах, дасгал хийх зэргээр өөрийгөө тайвшруулж байх хэрэгтэй. Мөн өөр бусад аргууд ч байна. Жишээ нь, байрлалаа олж, тухлан суугаад, гүн амьсгаа авч, удаанаар гаргана. Ингэхдээ давхар нүдээ аниад, ямар нэг зүйл дотроо төсөөлөн, түүндээ анхаарлаа хандуулаарай. Үүнийг 5-10 минутын турш давтан хийнэ шүү.
ХОЁРДУГААР АРГА. ОРЧНОО ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭХ НЬ
Асуудлыг тодорхойлох. Хэрэв ажиллахад үнэхээр хүндрэлтэй байвал, жишээ нь, радио, хөгжим сонсогдоод байвал тэр орчинд хамт сууж буй бусад нөхдөөс энэ асуудлыг тодруулж, хэлэлцэх хэрэгтэй. Эцсийн эцэст ажиллах, сурах орчин хүмүүст үндсэн ажлаа хийж гүйцэтгэхэд таатай байх ёстой. Магадгүй асуудлыг хэлэлцсэнээр та тэнд ганцаараа зовж шаналаад байгаа нэгэн нь биш байж таарах ч юм билүү. Хэрэв хамт ажиллагсад тань асуудалд дургүй хандаж байвал Хүний нөөцийн хэлтэст хандаж үзэх талаар бодоорой. Эцсийн аргаа хэрэглээд болохгүй бол тайвшраад, бусадтай эелдэг байхаас өөр аргагүй. Хүмүүс хоорондын маргаан таны асуудлыг дордуулахаас илүү дээрдүүлэхгүй болов уу.Чимээгүй ажиллах орчныг өөрөө өөртөө бүрдүүлэх. Бас нэгэн сонирхолтой арга. Гэртээ байх хүмүүст илүү тохиромжтой. Боломжтой бол хаалга, цонхоо бүгдийг нь бүрэн дүүрэн хаа. Учир нь дуу чимээ бага гэлтгүй зай завсраар дамжин бидэнд сонсогдсоор байдаг. Мөн хоосон өрөөнд аливаа чимээ, цуурай ихээр сонсогддог. Тиймээс шалан дээрээ хивс дэвсэх, цонхны наагуур хөшиг өлгөх, ханандаа мөн хивс өлгөх байдлаар түүнийг багасгаж болох юм.
Мэргэжлийн улсуудад хандах. Та гэрээсээ ажилладаг бол, гэртээ ер нь байдаг бол мэргэжлийн байгууллагад хандаж, өрөөгөө дуу тусгаарлагчаар чимэглэж болох юм. Санхүүгийн хувьд жаахан үнэтэй тусч мэдэх ч энэ нь танд эрх чөлөө, урт хугацааны ашигтай байдлыг авчрах арга юм.
Өөр газарруу нүүх. Хөршийн, байрны гадна дуу чимээ танд үнэхээр байж тэсэхийн аргагүй байдлаар нөлөөлсөн байдлын илэрхийлэл, хамгийн энгийн бөгөөд шийдэмгий арга бол өөр газарруу нүүх юм. Энэ нь таныг стрессээс холдуулж, ингэснээр эрүүл мэндэд тань тустай байж ч мэднэ. Энэ аргыг хэрэгжүүлэхдээ хаашаа нүүх талаар зөв төлөвлөгөөг боловсруулсан байх хэрэгтэй. Мэдээж хуучин байрнаас нүүж гараад, дахиад нэг өөр чимээ шуугиан ихтэй орчинд очиж амьдрахыг хэн ч хүсэхгүй биздээ?
ГУРАВДУГААР АРГА. ӨӨРИЙГӨӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ УХААНД СУРАЛЦУУЛАХ НЬ
Өлсөхгүй, цангахгүй байхад анхаарах. Өлсөж, цангах нь таны бүтээлч байдлыг бууруулаад зогсохгүй, аливаа стрессийн хүчин зүйлд амархан автуулах үндэслэл болно. Ингэхдээ эрүүл хооллолтыг сонгоорой. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, түргэн хоол идэх зэрэг нь бүгд таны анхаарлын түвшинд муугаар нөлөөлдөг байна. Мөн ус ууж байгаарай. Энэ нь таны биед сайнаар нөлөөлөөд зогсохгүй, таны тархины анхаарал төвлөрөх чадварыг нэмдэг гэдэг нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон байна.Сэргээх үйлчилгээтэй эм, ундаанаас татгалзах. Эдгээр нь кофе, энергийн ундаа, сахар ихтэй цай зэрэг нь болно. Тодруулбал, тодорхой үйл ажиллагааны дараах багахан хугацаанд л үр дүн нь үйлчилдэг. Цаашлаад, кофейны өргөн хэрэглээ нь толгой өвтгөхөөс авхуулаад бидний анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлдөг байна.
Сайн унтаж амрах. Нойр дутуу байх нь таны анхаарал төвлөрөлтөнд муугаар нөлөөлөх ба бусад хүчин зүйлд илүү мэдрэмтгий болгох нь бий. Хэрэв та чимээ шуугиан ихтэй газар ажилладаг бол сайн амарч байхыг чухалчлаарай.
Ажлаас завсарлага авч, өөрийгөө тайвшруулах. Хэрэв ажил дээрх чимээ шуугианаас залхаж, ядарсан бол гэртээ амрахыг бодоорой. Эсвэл саун, массажинд орж, усан спортоор хичээллэхэд ч буруу зүйлгүй. Таны биеийн эрүүл мэндийн байдал гадны сөрөг хүчин зүйлсийг ямар түвшинд эсэргүүцэхтэй шууд холбоотой. Спортоор хичээллэх нь таны бие махбодийг амраах хамгийн зөв арга зам. Мөн дотны найзуудтайгаа уулзаж, ажлын чимээ шуугиантай орчныг мартах хэрэгтэй. Хэрэв ингээд болохгүй бол эмчид хандах хэрэгтэй шүү. Стресс болоод чимээ шуугиан таныг сэтгэл санааны тогтворгүй байдалд муугаар нөлөөлдөг учир давхар ажлаасаа завсарлага авах хэрэгтэй.
Эх сурвалж: WikiHow
Comments