Ойрд блогширсонгүй. Анх хуулийн сургуульд элсэн ороод өөрт тохиолдсон зарим мэдрэмж, үйл явдлын талаар бичие гэж бодлоо.
2009 онд би дунд сургуулиа төгсчихөөд ерөнхий шалгалтаас авсан оноонд маань таарах босго тавьсан ямар гайгүй сургууль байна, бүр ямар мэргэжил байна гэж хайж, бодож явлаа. Үнэнийг хэлэхэд тэр үед би юун эрх зүйч болох тухай хэдэн жилийн өмнөөс шийдэх байтугай, ирээдүйд ямар мэргэжилтэй болох тухайгаа ерөнхийдөө тунгааж бодож үзээгүй нэгэн байв. Ёстой л гэрийнхний санал болгосон, хэлсэн бүхий л мэргэжилд өөрийгөө тааруулж, сурч болох юм шиг л санагддаг байлаа.
За тэгээд л хотод их дээд сургуульд орж сурах гэсэн өөрийн алсын хараагүй, жаахан хүүхэд шиг нялцгай амьтан орон нутгаас хотод ирж ирэв. Сургуульд орж, бүртгүүлэх гэж тэр шүү дээ. Гэтэл нэг өдөр хамаатны ах маань Цагдаагийн академид орооч гэх саналыг ирүүлдэг юм байна. Би гэдэг хүн нэрийг нь сонсонгуутаа л сонин болж эхлэв. Зүүдэлж ч байгаагүй цагдаа мэргэжлээр суралцана гэж үү? Аав, би тэгээд цагдаа болох юм уу гэж ч асууж үзэв. Мэдээж заавал цагдаа болох албагүй гээд л надад тайлбарлаж гарав. Тэгээд тэрийг нь сүрхий ойлгосон ч юмуу бүү мэд, хэх. Цагдаагийн академид элсэгчдээс ямартай ч англи хэл, нийгмийн ухааны хичээлүүдэд тавьсан босго оноо нь ойролцоогоор 500-600 оноо байсан гэж санаж байна, яг нарийн бол санахгүй байна. Миний оноо ч үүнд нь тохирч байсан гэж жигтэйхэн, лол. Академиас гадна Их засаг гээд гайгүй хувийн сургууль байдаг гээд л тэнд ч бас давхар бүртгүүлэх шахав. За тэгээд ер нь нэг сургуульд бүртгүүлээд, түүндээ найдчихсан байсан юмуудаа.
Зуны халуун нартай өдөр академийн үүдний шалгах байрны гадаа бас ч удаан зогссон шүү. Бүртгүүлнэ, эрүүл мэндийн үзлэгт орно, зарим нь биеийн хүчний шалгалт ч өгөөд байх шиг. Ингээд бүх баримт материалаа ёс журмаар нь бүртдүүлж өгөөд хариу гарахыг хүлээж хэд хоног хотоор зугаалсан даа. Тэр зун Улаанбаатарт бяцхан үер болж байсан юм. Тэр үерээс хойш хэдхэн хоногийн дараа тэнцсэн хүүхдүүдийн тухай хариу гарсан эсэхийг шалгахаар аавтай хамт академи дээр очиход тэнцсэн хүүхдүүдийг улаан шугамаар зааглаад, нэрсийг нь шалгах байрны цонхон дээр жагсаагаад наасан байв. Мэдээж миний нэр тэр дунд нь байх нь тэр. Дотроо жаахан баярласан болчихоод, санаа амраад л буцаж явлаа. Тэгээд өөр яалаа сайн санахгүй байна. Ингээд ямартай ч Цагдаагийн академид орох нь ойлгомжтой болов. Тэр дундаа энгийн эрх зүйн анги гэнэ. Энэ нь цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан бэлтгэх үндсэн курсээс ангид энгийн хуулийн сургуулийн адил эрх зүйч бэлтгэдэг курс юм. Буруу санаагүй бол 2002 оноос авхуулаад биднийг төгсдөг жил хүртэл тус курс байсан гэхээр 11 жил хавьцаа үргэлжилсэн сургалтын хэсэг юмуудаа. Бид нар ямартай ч энгийн эрх зүйн ангийн сүүлчийн төгсөлт болсон юм. Энэ нь тухайн үеийн улс төрийн сонгуулийн үр дүнд сонгогдсон засгийн газрын гишүүн, түүний гаргасан тушаал шийдвэрийн үр дүнд академийн нэр ч өөрчлөгдөж, бүтцэд нэлээдгүй өөрчлөлт орсонтой холбоотой байлаа.
Эрх зүйн ангийн оюутнууд, ер нь академийн бүхий л курсийнхэн өөр өөрийн онцлог бүхий дүрэмт хувцастай байдаг. Бидний хувьд хар хөх өнгийн хослол, цагаан цамц, хар зангиа зүүдэг байв. Хичээлийн хамгийн эхний өдрийн өглөө төөрч будилж явсаар хоцорс хийн өөрийн ангиа арай ядаж олж орлоо. Ангийн багш маань тэр үед ангид бүх оюутнуудыг оруулчихсан яриа хийж байлаа. Намайг хоцорч ороход “За сүүлд орж ирсэн хүн, өөрийгөө танилцуулна даа, 30 минут шүү” билүү үг хэлээд намайг эвгүй байдалд оруулав, би ч өөрийгөө хүүхдүүдийн өмнө товчхон танилцуулаад яаран суулаа.
За тэгээд эрх зүйн ангийн оюутнууд гэсэндээ, төлөв даруу, бас шийдэмгий, зоригтой царайлсан оюутнууд нүдэнд минь ихээр туслаа. Тэр өдөр тэгсхийгээд хичээл оролгүй өнгөрч, би ч ахындаа байрлаж байсан тул тийшээ гэлдрэхээ аядав.
Оюутны амьдрал ч дажгүй үргэлжилсээр байлаа. Эрх зүй, төрийн онол, Монголын түүх, Философи, Мэргэжлийн удиртгал, өөр юу юу ч билээ хичээлүүдийг тус бүр өөр өөр багш нар ороод л, өөр өөрийн заах онцлогтой тэд надад таалагдаж байлаа. Лав л одоо тод санаж байгаагаар Эрх зүй, төрийн онол хичээлийн багш, цагдаагийн дэслэгч цолтой, залуухан багш тэр үед их хатуу, бидэнд бүр хэдэн арван тодорхойлолтыг цаасан дээр маш ойлгомжтой бичиж өгч, хувилаад хүн нэг бүрт тарааж байв. Тэгээд л дараа дараагийн хичээл дээр нэр дуудаж, дундаас нь асуудаг. Тухайн үедээ л надад ихэд чанга багш шиг санагдаж байж билээ. Магадгүй хүчээр цээжилж байсны хүчинд л өдийг хүртэл тэр хэдэн тодорхойлолт нь толгойд бат сууж үлдсэн юм болов уу гэж би боддог юм.
Цагдаагийн академи л болсон хойно ерөнхийдөө эрэгтэй оюутнууд ихтэй. Багш нар нь ч бүгд цагдаа нар шиг дүрэмт хувцастай, цэргийн хүмүүс гэсэндээ ёс журамтай, оюутнуудтай албархаг харьцдаг. Бид ч хажуугаар нь зөрөхдөө, “Сайн байна уу, багшаа эсвэл Амрыг эрэе” гээд л мэндэлдэг байлаа. За тэгээд том том цолтой багш нараас хажуугаар нь зөрөхөөс хүртэл цэрвэдэг байлаа шүү дээ. Зарим нь бодож байж магадгүй, цэргийн зохион байгуулалт бүхий сургууль л хойно тэнд элдэв хүчирхийлэл гардаг уу гэж. Бидний өмнөх үед яадаг байсан юм мэдэхгүй, харин миний л анзаарснаар тийм зүйл академид үнэхээр байдаггүй байсан. Харин ч бүр жил ирэх бүрт хэн нэгнийг зүй бусаар дарамталсан сонсогчид сургуулиас хөөгдөх нь ихээр дуулддаг болсон юм. Чи мэдээж тэнд дүрэм, ёс зүйг чанга сахидаг байх хэрэгтэй, багш нар, ангийн дарга, дамжаа хариуцсан дарга нар чамд зүй ёсны шаардлага тавих эрхтэй, та нар биелүүлэх үүрэгтэй, ердөө л иймэрхүү байв.
За тэгээд нэгдүгээр курсын эхний улирлын шалгалтууд эхэлж, дуусах дөхөхөд би гэдэг хүн 3 хичээл дээр хангалтгүй үнэлгээ авч, давтан шалгалтанд орох юм болов. Биеийн тамир, Философи, Эрх зүй төрийн онол гэдэг 3 хичээл. Гэхдээ 3 буюу түүнээс дээш хичээлийн үнэлгээ хангалтгүй гарсан бол давтан шалгалтанд орохгүйгээр шууд кредит нөхөх сургалтанд суудаг байсан учир би өвлийн амралтаараа амарсан ч юмгүй давтан сургалтанд сууж, ёстой бидний хоорондоо ярилцаж, өөрсдийгөө хөгжөөж байсан шиг “магистарт” сурахын дайны юм болж өнгөрөв. Ёстой тэр үеэс л хичээл номд анхаарлаа хандуулая гэдэг ухаан бага ч атугай надад суусан болов уу гэж би боддог. Түүнээс хойш төгстлөө хичээлүүдээ гайгүй дүнтэй хаалгасаар 3.2 гэдэг голчтой төгссөн хүн дээ би. Энэ бодит түүхийг би хэнээс ичиж, нуухгүй ээ, учир нь энэ бүхэн миний өнөөдрийн би-г бий болгосон юм шүү дээ. Гэрээсээ холдож, оюутан болоод, академид сурсан тэр 4 жилд би өөрийгөө өмнөхөөсөө асар ихээр өөрчилж чадсан юм.