CV бичих алтан дүрэм: Богино бөгөөд мэргэжлийн байлгах


Их сургуулиа төгсөөд, ажлын талбар гэх аймшигт ертөнцөд морилон, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эсвэл уушийн газарт зөөгчөөр ажиллах аль нь ч байсан, танд CV бичих шаардлага зайлшгүй тулгарах болно.

Тэгэхээр та бүхэнд тус болох CV бичихтэй холбоотой зарим зөвлөгөөг доор сийрүүллээ. Гэхдээ энэ нь бүх хүмүүст тохирох төгс зөвлөмж биш ч, таныг өөртөө тохируулан ашиглахыг санал болгож байна.

Гуйя, төгсөөд анх удаа ажилд орох гэж байгаа бол та хичнээн мундаг нэгэн байсан бай CV материалаа 2 хуудсаас илүү байлгах гэсний хэрэггүй. Магадгүй аль нэгэн компанид зохиолч, нийтлэлчээр ажиллах гээд өөрийн намтарыг бичиж байгаа тохиолдолд энэ зарчим үйлчлэхгүй байж болох юм.

Хэн ч ямар нэгэн алдаатай зүйл харахыг хүсэхгүй. Алдаатай бичвэр бичих нь онцгүй бөгөөд мэргэжлийн бус явдал юм. Цаашлаад, ярилцлагад дуудагдахгүй байх, тухайн компаниас ямар ч хариу сонсохгүй хоцрох зэрэг үр дүнд хүргэж мэднэ. Хүн л хойно болгоомжгүй байдлаар энгийн алдаа гаргаж болох учраас та ажил олгогчид CV материалаа илгээхээс өмнө өөрөөсөө гадна хэд хэдэн хүнээр түүнийг давхар уншуулаад, шалгуулахад илүүдэхгүй.

Ажил олгогч нарт таны ямар спортоор хичээллэдэг байсан, олон жилийн өмнө ямар медал авч байсан нь огтхон ч сонин биш. Энэ тохиолдолд та CV-ээ аль болох хуучин биш шинэ мэдээлэлтэй байлгах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө тал бүрийн авьяас сонирхолтой хүн болохоо бүрэн таниулж чадна. CV-г мөн товч мэдээлэлтэй байлгахыг мартаж болохгүй. Хэрэв ажил олгогчид асуух асуулт гарах тохиолдолд тэртэй тэргүй таниас тодруулж таарна.

Ямар ажилд өргөдөл өгч байгаа вэ, түүндээ тааруулж CV материалаа бичих хэрэгтэй. Жишээ нь бааранд зөөгч хийх болон компанид хуульчийн туслах хийхэд тэд танаас харилцан адилгүй ур чадвар шаардана. Тиймээс тус бүрийнх нь ажлын байрны тодорхойлолттой танилцаж, дараагаар нь түүнд нийцсэн, өөрт байх давуу чанаруудаа бичээрэй.

Хэрэв танд ажлын туршлага байхгүй бол санаа зовох хэрэггүй. Энэ тохиолдолд хичээл орж байсан багш нар болоод өөрийн тань давуу чанарыг дүгнэж чадах хэн нэгнээр тодорхойлолт бичүүлээрэй. Мөн ажлын туршлагатай ч өмнө нь хамт ажиллаж байсан байгууллагынхаа ахлах ажилтнаар, захирлаар тодорхойлолт хийлгүүлсэн байх нь хамгийн зөв алхам болно.

CV материал тань түүнийг уншиж буй хүний нүдэнд уншигдахад таатай байхаар хэмжээ, загвартай фонтоор бичигдсэн байх хэрэгтэй. Хэрэв стандартгүй байх тохиолдолд таны CV материалыг хэн нэгэн барьж аваад, харах боломж асар хомс байх болно гэдгийг санаарай.

Happy job hunting! Таны ажил хайх үйлсэд тань амжилт хүсье!

Эх сурвалж: Жесс Си, Survivelaw.com

Comments