Олон улсын Эрүүгийн шүүхийн мэтгэлцээний тэмцээний тухай 1-р хэсэг


Юун түрүүнд, доорх видеог бүрэн үзэхийг хүсч байна. Орчинд нь байгаа юм шиг л мэдрэмж төрлөө, сандарч ч байх шиг.



Нидерландын Гааг дахь Олон улсын Эрүүгийн шүүх болон Leiden их сургуулийн Олон улсын эрх зүй судлалын төвөөс хамтран жил бүр зохион байгуулдаг тус мэтгэлцээний тэмцээн 2005 оноос эхлэлтэй. Анх АНУ-ын хууль зүйн сургуулиудын дунд зохион байгуулагддаг байж байгаад 2007 оноос өргөжин, олон улсын их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулдаг болсон бөгөөд шүүхийн мэтгэлцээн нь англи, орос, хятад, испани гэсэн 4 хэлээр 6 өдрийн турш явагддаг ажээ.

Шүүх хуралдаанд шүүгч, шүүгчийн туслах ажилтан байхаас гадна тэмцээнд оролцогч багууд прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч, засгийн газрын төлөөлөл эсвэл хохирогчийн өмгөөлөгчөөр оролцоно. Олон улсын Эрүүгийн шүүхэд харьяалах хэрэг маргаан нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийлэл үйлдэх гэмт хэрэг байдаг. Тэгвэл Олон улсын Эрүүгийн шүүх бодит амьдрал дээр хэрхэн үйл ажиллагаа явуулдаг тэрхүү журам, процедурын дагуу талууд шүүхийн өмнөх болон дараагийн шатанд зохиомол хэрэг дээр ажиллаж, оролцдог байна. Тодруулбал, нэг улсаас 2-3 баг төлөөлж оролцох боломжтой, түүнээс илүү байх тохиолдолд урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулна. Өнөөгийн байдлаар Хойд Америк, Энэтхэг, Хятадад бүсийн сонгон шалгаруулалт зохион байгууллагддаг болсон байна. Мөн баг тус бүрт дээд тал нь 3 илтгэгч, 2 судлаач, 2 дасгалжуулагч байхаар шүүхийн мэтгэлцээний журамд заажээ.

Дээрх видеон дээрээс анзаарсан бол Rome Statute буюу Ромын Дүрэм гэсэн ном, гарын авлага харагдана. Энэ бол 1998 онд батлагдсан, Олон улсын Эрүүгийн шүүхийг байгуулсан үндсэн баримт бичиг бөгөөд товчхондоо, олон улсад хэрэглэгддэг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль юм. Дүрмийн монгол хэл дээрх хувилбарыг та энд дарж үзнэ үү. Олон улсын эрх зүй өөрөө ярвигтай гэх үү салбар учир /миний хувьд/ зөвхөн энэ дүрмээр аливаа зөрчлийг шийдвэрлэдэг гэж ойлгож болохгүй. Үүнээс гадна бусад олон улсын гэрээ, конвенц болоод олон улсын эрх зүйн практикт тогтсон заншил, эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн ерөнхий зарчим зэрэг нь нэмэлт эх сурвалж болж өгдөг байна.

Лайдан их сургуулийн Хуулийн сургуулийн баг

Тус тэмцээнд оролцох багийн тоо жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байх ба хагас финалын шатанд 2013 онд 9 баг, 2016 онд 27 баг оролцсон байна. Олон улсын Эрүүгийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд тэргүүн болон дэд байрыг шалгаруулахаас гадна шилдэг илтгэгч шалгаруулдаг ажээ. Энэ жилийн хувьд Нидерландын Лайдан /Leiden/ их сургуулийн Хуулийн сургуулийн баг тэргүүн байранд орсон байна. Мөн тэмцээний эцсийн шалгаруулалтанд Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчид биеэр оролцож, тус шүүхийн байрны хурлын зааланд хуралддаг байна. Үүнээс өмнөх шат Лайдан их сургуулийн оюутны кампуст, Олон улсын Эрүүгийн шүүхийн туслалцаатайгаар зохион байгуулагддаг хэмээн ойлгож болно.

Дараагийн удаад энэхүү мэтгэлцээний тэмцээн ямар хэлбэр, дэс дараалалтайгаар явагддаг талаар хүргэх болно.

Comments