Өмгөөлөгч хөлслөх ёстой 10 шалтгаан


Хууль зүйн шинжтэй асуудал тулгарах тутамд заавал өмгөөлөгч хөлслөх шаардлага байхгүй л дээ, хүсвэл та өөрөө зохицуулах боломжтой. Жишээ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байхад торгуулийн хуудас ирэх, даатгалын нөхөн төлбөртэй холбоотой бага сага асуудал гэх мэт. Гэвч туршлагатай хуульчийн туслалцаа авахгүй л бол эрсдэлд орж болох аливаа хуулийн маргаан, сорилт, хэлэлцээрийн үед та ганцаар цааш явахыг хүсэхгүй болов уу. Хэдий хуульч, өмгөөлөгчийн төлбөр “хямд биш” ч гэлээ, гэр бүл цуцлалт, ажлаас халагдах зэрэг хүнд хэцүү тохиолдолд, мөн гэрээ, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг таны талд ашигтайгаар шийдвэрлэхэд хуульч, өмгөөлөгч туслах л болно. Хамгийн муугаар бодоход, хэн нэгний хоригдох ялын хугацааг багасгахад нөлөөлж болно шүү дээ.

Хүн бүхэнд тулгарах хууль зүйн асуудал нь харилцан адилгүй байх учир ер нь тухайн тохиолдолд та яагаад өмгөөлөгч хөлслөх ёстой тухай дараах 10 шалтгааныг тоочиж бичлээ.

Хууль бол ярвигтай зүйл. Та өөрөө хуульч биш л бол асуудал бүрийн шийдлийг тийм ч хялбар олоод байхгүй. Зарим туршлагатай хуульч нар хүртэл шүүхэд өөрийнхөө өмнөөс бусдыг төлөөлүүлэх нь бий. Мөн бизнес эхлүүлэх, гэрээ байгуулах гээд эцэст нь хууль зүйн асуудал дагуулж мэдэх тохиолдол бүрт та хуульч, өмгөөлөгч хөлслөх нь эрсдэлээс урьдчилан сэргийлж буй хэлбэр юм.

Өмгөөлөгчгүй байснаар танаас илүү зардал гарч болно. Эрүүгийн хэргийн тохиолдолд та торны цаана хэр удаан суух вэ гэдэг асуудал яригддаг бол иргэний хэрэг дээр санхүүгийн хувьд хэр их хохирол хүлээх вэ гэдэг асуудал яригддаг. Үүнээс гадна, та нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас буюу буруутай этгээдээс өмгөөлөгчийнхөө хөлсийг нэхэмжлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хөлслөх нь таны цаг, мөнгөнд хэмнэлттэй байх юм.

Өмгөөлөгч нар нотлох баримттай хэрхэн харьцахаа мэддэг. Таны эсрэг буй нотлох баримтыг нөгөө тал хууль бусаар цуглуулсан, эсвэл гэрчийн мэдүүлэг түүний өмнөх мэдүүлэгтэй нь зөрсөн эсэхийг та анзааралгүй өнгөрүүлэх вий. Мөн хуулийн байгууллага нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааг хуульд заасан журмаар хийсэн байна уу? Тэгвэл энэ бүхэнд таны өмгөөлөгч анхаарал хандуулах юм.

Өмгөөлөгч нар шүүхэд хэрхэн нэхэмжлэл, тайлбар гаргах талаар мэднэ. Хэрэв та өөрөө хуульч, өмгөөлөгч биш л бол шүүхэд хэрхэн үр дүнтэй хандах, шүүхийн процессийн үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох зэрэг асуудал дээр бүдрэх вий. Цаг хугацааны хувьд оройтох, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тавих нь таны хэргийг нөгөө талд ашигтай байдлаар шийдвэрлэгдэх, хэрэгсэхгүй болгоход хүргэх эрсдэлтэй байдаг.

Танд мэргэжлийн холбоо сүлбээ байхгүй. Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийн хэргийн нөхцөл байдал ямар байхаас шалтгаалан нэмэлтээр өөр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах, тэднээс туслалцаа авах эсэхээ шийддэг. Хуульч-биш хүн бол нотлох баримтууд дээр ашигтай тоглолт хийх, эсрэг талын мэдүүлэг дээр хэрхэн ажиллахаа мэдэхгүй байх нь бий.

Ашиггүй нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэх.
Бүхий л нотлох баримтууд таны эсрэг байлаа ч та өөрийн бурууг хүлээх нь цор ганц сонголт биш. Хуулийн нарийн мэдлэгтэй өмгөөлөгч бээр танд ашигтай хэд хэдэн сонголтыг санал болгож, шүүхээс гарах ашиггүй шийдвэр, муу нөхцөл байдлыг зайлуулахад тусална.

Олон эм уусны оронд багахан хэмжээний сэргийлэх арга хэмжээг авсан нь дээр. Ажил, амьдралын олон тохиолдолд хуульчтай хамтран ажиллах нь таныг хууль зүйн толгой өвтгөм асуудлуудаас хол байхад тусална. Гарын үсэг зурахаар барьж буй тэрхүү гэрээнийхээ үр дагаврыг та бүрэн дүүрэн ойлгож чадах уу? Ямартай ч хуульч бол чадна.

Сайн хуульч сайн тохироо, хэлэлцээрийг хийдэг. Туршлагатай хуульч танд тулгарсан асуудалтай төстэй хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан байж таарна. Үгүй бол шүүхийн шатанд хэрхэн шийдвэрлэгдэх талаар тодорхой төсөөлөлтэй байх болно. Зарим тохиолдолд хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс илүүтэй тохиролцоо хийх буюу маргааны 2 тал хоорондоо эвлэрэх нь ашигтай сонголт байдаг. Таны өмгөөлөгч эвлэрэхдээ юун түрүүнд танд ашигтай нөхцөл байдлыг харгалзаж үздэг.

Таны нөгөө тал өмгөөлөгч хөлсөлсөн байдаг. Энэ тохиолдолд та ч мөн адил өмгөөлөгчтэй байх хэрэгтэй. Үгүй бол өмнө нь дурдаж байсанчлан “хууль ярвигтай зүйл” төдийгүй, тэрхүү маргаанд хүч тэнцвэргүй нөхцөл байдал үүсч бий болох болно.

Өмгөөлөгч нар анхан шатны хууль зүйн зөвлөгөөг үнэгүй өгдөг.
Танд тулгарсан хуулийн асуудлыг шийдэх өмгөөлөгчийг сонгохоор тэдэнтэй уулзаж байхад алдах зүйлгүй. Анхан шатны хуулийн зөвлөгөө авах нь танд ямар нэгэн шинэ сэдэл, санаа өгч болох төдийгүй, үнэхээр өмгөөлөгч хөлслөх шаардлагатай эсэх шийдвэрийг гаргахад туслах юм.

Мэдээллийг бэлтгэсэн: FMB
Эх сурвалж: FindLaw

Comments