Залуу эрх зүйч нарт: Эдгээр 3 алдааг давтах хэрэггүй


Зарим мэдэхгүй хүмүүст хэлэхэд, би өөрийн туршлагаас хуваалцах дуртай байдаг. Лаг, онцгой гэсэндээ биш, магадгүй миний хийсэн алдаанаас хэн нэгэн суралцаж магадгүй гэсэн үүднээс. Мэдээж, би маш олон удаа алдаа хийж байсан. Тэгэхээр залуу эрх зүйч нарт өгөх миний зөвлөгөө бол миний хийснийг давтан хийх хэрэггүй. “Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас суралцдаг” гэсэн үг байдаг шүү дээ.

Би төгс төгөлдөр нэгэн биш. Гэхдээ би таныг real буюу өөрөөрөө байгаасай хэмээн хүсч байна. Өөрөөрөө байхын нэг чухал зүйл нь өөртөө шударга хандах явдал юм.

БИ БУДАА БОЛГОМООР БАЙНА, ЯГ ОДОО

Анзаарахад, залуу эрх зүйч нар тэсвэр тэвчээргүй зангаасаа болоод нэлээн зүдэрдэг. Магадгүй залуу хүнд байдаг нэг байгалийн өгөгдөл байж болох ч аливаа өөрчлөлтийг хийхэд тэвчээртэй зан чухал үүрэг нөлөөтэй байдаг. Гэвч тэд үүнийг үл хайхран, амжилтанд хүрч чадна хэмээн эндүүрдэг. Би ч гэсэн тийм л бодолтой байсан. Тодруулбал, хуулийн сургуулиа төгссөний дараа зүгээр л алаад өгөе гэсэн дэврүүн хүсэл эрмэлзлээр дүүрэн нэгэн байлаа. Гэвч ажлын байран дээр гарахад энэ хандлага маань талаар болж, өдөр өнгөрөх бүрийд өөрийнхөө хүчинд итгэх итгэл минь суларсан юм. Нэг л мэдэхэд оффисоос шүүхрүү, шүүхээс оффисруу явахдаа нэг л итгэлгүй, баримт бичиг боловсруулах, засч янзлах үедээ нэг л итгэлгүй, оюун ухаанаа шинэ зүйлд сорих бүрийд нэг л итгэлгүй болсон байв. Уг нь би бүх ажлыг хамгийн сайнаар нь, хамгийн богино хугацаанд гүйцэтгэж, цааш урагшлахыг хүсч байсан. Гэтэл миний менторууд намайг ажлын үр дүнд анхаарал хандуулахаас илүүтэй цагаа зөв хуваарилж, хариуцсан ажлаа нягт нямбай аргаар гүйцэтгэхийг зөвлөсөн. Тэгэхээр богино хугацаанд од болох гэсэн дэврүүн мөрөөдлөөсөө татгалзаад, ирээдүйд илүү мэргэжлийн болгох ур чадваруудад таныг тэвчээртэйгээр суралцаасай хэмээн хүсэх байна. Хэдий би хуульчаар ажиллахаа больсон ч, хэрэв би тэвчээртэй загнасан байсан бол миний хуульчаар ажилласан цаг хугацаа илүү таатай өнгөрөх байсан болов уу.

ШИЙДВЭР ГАРГАХДАА БУСДЫН АМЫГ ХАРСАН

Энэ тухай бичихэд жаахан хэцүү юм. Би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодсон учраас хамгийн сайн фирмд ажиллахаар тэмүүлж байлаа. Зарим үдэшлэгүүдийг эс тооцвол, фирмд хийж байсан бичиг хэргийн шинжтэй ажил надад үнэхээр таалагддаггүй байв. Гэвч сургуулиа төгсчихсөн, шинэ залуу эрх зүйчийн хувьд шилдэг хуулийн фирмд ажиллахаас өөр сонголт байсан гэж үү? Бид хааяа нийгэм, гэр бүлийн дарамт шахалтаар олон үйл явдлын шийдвэрийг гаргадаг. Зарим азтай тохиолдолд тэрхүү шийдвэрүүд зөв байх нь бий. Миний зүгээс таныг өнөөдрийн байр байдалдаа ямар замаар, хэрхэн явж ирсэн талаар эргэцүүлээд, дараа нь юу хийхийг хүсч буй тухай шийдвэрээ өөрөө гаргаасай хэмээн хүсч байна. Нөхцөл байдал сайнгүй байгаа тохиолдолд та өөртөө шударгаар хандаж, бүрэн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Амьдралд юу ч тохиож болно, өөр өөр цаг үед бид өөр өөр зүйлийг хүсдэг шүү дээ.

ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ БАЙСАН

Их сургуулиа төгсөх нь тухайн үед нуруундаа үүрсэн байсан олон ачааг аваад хаячихсан мэт мэдрэмжийг төрүүлж байлаа. Миний хувьд энэ нь 5 жилийн нөр их хөдөлмөр байсан бол үргэлжлүүлээд 40 жил мэргэжлээрээ хөдөлмөрлөх амьдралын нэгэн үетэй золгосон. Одоо бодоход, ажилд орохоосоо өмнө хэсэг амраад, өмнөө шинэ зорилго тавих хэрэгтэй байсан юм билээ. Гэтэл би оронд нь тэр зун 2 ажил зэрэг хийж байгаад үндсэн ажилдаа үргэлжлүүлэн орж байв. Хэлэх гэсэн гол санаа нь би сургуулиа амжилттай дүүргэх зорилгодоо хүрчихээд, цааш яах талаар шинэ зорилгоо тавиагүй байв. Ингээд залуу эрх зүйчээр ажиллаж эхлэх үеэр нэг зүйлийг ойлгосон нь дахин олон зүйлийг суралцах шаардлагатай болсон, үнэндээ миний хувьд энэ тал дээр дургүйлхэж хандсан. Уг нь гоё сайхан мэдрэмжийг аваад явж байх ёстой хүн гэнэт л зорилго чиглэлгүй болчихсон. Тэгэхээр мэргэжлээрээ ажиллаж эхлэхээс өмнө өөрийн карьерийн зорилтыг богино, дунд, урт хугацаагаар төлөвлөх хэрэгтэй юм шиг байгаа юм. Энэ нь таны ажил амьдралд тодорхой байдлыг бий болгоод зогсохгүй, тодорхойгүй нөхцөл байдалд орохоос сэргийлэх юм. Таны зорилго зөвхөн өөрийнх тань байх болохоос өөр хэн нэгнийх биш шүү дээ.

Эх сурвалж: Beyond Billables

Comments