Хуулийн сургуулийн оюутныг зөвөөр ойлгоход туслах 6 зөвлөмж


Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр хуулийн сургуулийн оюутнууд хичээлдээ орох нь байна. Магадгүй таны танил эсвэл найз нөхдөөс хэн нэгэн нь хуулийн оюутан байгаа байх. Та хоёр өдийг хүртэлх цаг хугацаанд, амьдралын олон янзын асуудал дээр бие биенээсээ тусламж, зөвлөгөө авч, харилцан дэмжлэг үзүүлж ирсэн. Тэгэхээр найзыгаа хуулийн сургуульд суралцах үеэр хэрхэн дэмжиж байвал зохистой вэ? Хариултыг нь та өөрөө хуулийн сургуульд суралцах хүртлээ сайн мэдэхгүй. Гэвч энэхүү нийтлэлээр хуулийн оюутнуудад найз нөхдийн зүгээс чухам ямар хэлбэрийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг тухай авч үзэх болно. Үр дүнд нь та найздаа зохих дэмжлэгийг үзүүлээд зогсохгүй, тэдний хуулийн сургуульд суралцах үйл явцыг илүү хялбар болгож болох юм.

ХУУЛИЙН ОЮУТНУУД ЗАВ МУУТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГО

Хэрэв найз тань “Надад унших ёстой зүйл их байна” гэж хэлбэл та түүнийг худлаа ярьж байна хэмээн ойлгож болохгүй. Хуулийн сургуульд унших үйл явц байнгын, үргэлжийн бөгөөд судлах ёстой материал их байдаг тул хуулийн оюутанд амралтын өдөр байдаггүй гэхэд болно. Иймд тэдний амралтын өдрийг бүтэн авах элдэв үйл ажиллагаанд оролцуулах хэрэггүй. Оронд нь нэг газар кофе уунгаа ярилцаж болж байна, эсвэл цугтаа кино үзэж болж байна. Энэ байдлаар хэсэгхэн ч болов хичээлээсээ завсарласан найз тань таны дэмжлэгт талархах болно.

ХИЧЭЭЛ, СУРГУУЛИЙНХ НЬ ТАЛААР СОНИРХОЖ АСУУ

Хуулийн оюутан хичээл, дадлага, сургууль дээр зохион байгуулагдсан элдэв үйл ажиллагааны талаар ярихдаа хэзээд дуртай байх болно. Иймд тэдгээрийн талаар түүнээс асууж сонирхоорой. Магадгүй та өмчлөх эрх шилжих тухай, гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай мэдэхгүй байх, гэвч энэ мэт ойлгомжгүй зүйл яриад эхэлбэл дор бүр нь асууж тодруулж байгаарай. Хуулийн оюутанд сурсан зүйлийнхээ талаар бусдад ярих нь сонирхолтой санагдах нь мэдээж, бас, аливааг ийн тайлбарлах нь нэг төрлийн суралцах онцгой арга барил юм шүү дээ.

ХЭТРҮҮЛЭН АСУУХ ХЭРЭГГҮЙ

Дээр дурдсан хоёр дахь зөвлөгөөтэй холбогдох юм. Юу вэ гэхээр, хуулийн оюутантай тэдний сурлага, амьдралынх нь талаар ярилцах үеэр тэдэнд сэтгэл зүйн дарамт өгөхгүй байх нь чухал гэдгийг санаарай. Магад таны асуусан зүйлийн талаар ч юмуу, ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа идэвхигүй хандаж байж болно, энэ нь тэрхүү хичээлээ сайн ойлгоогүй, шалгалтандаа хангалтгүй дүн авсантай холбоотой байж болно. Иймд зөв цагт нь түүнтэй ярилцахыг хичээгээрэй.

ЖИЖИГХЭН ҮЙЛДЭЛ Ч ТУС БОЛНО

Хуулийн сургуулийн оюутнууд зав муутай байдаг учир тэд гэр бүл, найз нөхөдтэйгөө хүссэн үедээ цуг байж чаддаггүй. Энэ нь хааяа тэдэнд ганцаардсан, орхигдсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Иймд та өөрийн зүгээс түүнийг мартагдаагүй болохыг дуртай хоолыг нь авч өгөх, хөгжилтэй зураг илгээх, гэнэтийн бэлэг барих байдлаар мэдрүүлэх нь чухал юм.

МУУ МЭДЭЭ ДУУЛГАХ БОЛ БОЛГООМЖИЛ

Тэдэнд хамаарах муу мэдээ байвал нэн даруй дуулгах нь зүйн хэрэг ч, үр дүнд нь бий болох сэтгэлийн зовлонг хэрхэн бага ч атугай нимгэлэх вэ? Муу мэдээг аль болох боломжтой, зөв үед нь дуулгах нь чухал. Шалгалтанд орохын өмнө муу мэдээ дуулгавал энэ нь тэрхүү хуулийн оюутанд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг бодоод үзээрэй. Иймд хэрэв боломжтой бол, тэрхүү муу мэдээг түр хугацаанд ч болов та өөртөө хадгалж байгаад, найздаа зөв цагт нь хэлээрэй.

ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ ХЭРЭГГҮЙ

Хэрэв хуулийн оюутан гэр бүл, найз нөхдөөс асуусан хуулийн зөвлөгөө бүрийг төлбөртэй өгдөг байсан бол тэрээр саятан болчихсон байх байлаа. Хэдий хуулийн оюутан өөрөө туслахыг хүсч байлаа ч үүнийхээ төлөө хожим ноцтой үр дагавартай тулгарч болно. Иймд тэднийг ийм байдалд оруулах гэсний хэрэггүй юм шүү.

Эх сурвалж: Katie Day, LSToolbox

Comments