Бодоорой, за сайндаа л замын цагдаа ч юмуу жолоочид загнуулах биз хэмээн та бодож байж магадгүй. Гэвч яг ч тийм биш аж.
Монгол улсад мөрдөгдөх замын хөдөлгөөний тухай бүхий л зохицуулалт, журмыг “Замын хөдөлгөөний дүрэм” гэдэг баримт бичгээр тогтоож өгсөн байдаг. Үүнд, явган зорчигч дараах үүрэгтэй гээд, “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно” гэсэн. Цаашилбал, “Явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” хэмээн заажээ.
Явган зорчигч болон жолооч аль аль нь замын хөдөлгөөнд оролцогч гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, явган зорчигч та хотын төвөөр явж байгаа бол ногоон гэрлээр л зам хөндлөн гарна шүү гэсэн утгатай юм.
Тэгэхээр дээрх дүрэм болон хуулийн зүйл, заалтыг зөрчсөн тохиолдолд танд хэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Монгол улсын Зөрчлийн тухай хуулинд зааснаар, “Явган зорчигч, эсвэл тээврийн хэрэгслээр зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч түүнийг 10,000₮-өөр торгоно” гэсэн. Тэгэхээр хэрэв та гэрлэн дохио хүлээж сураагүй хүн бол улаан гэрлээр зам хөндлөн гарах бүртээ цагдаа бүү байгаасай, байсан ч намайг бүү торгоосой гээд, алсаас загнуулдаг юм бол дотроо “баярлалаа” хэмээн өнгөрөөрэй. 10,000₮ чинь дажгүй мөнгө шүү дээ. Гэхдээ би таныг хууль, дүрэм зөрч гэж байгаа юм биш шүү. Энэ нь таны эрүүл мэнд, аюулгүй байдалтай мөн хамаатай асуудал гэдгийг тунгаагаарай.
Comments