Таныг баривчилж саатуулсан бол яах ёстой вэ?


Энэхүү мэдээллийг "Легал Виндоу" хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Л.Нинжбат бэлтгэсэн болно. Эх сурвалж: GoGo.mn

Хэн ч, юунд ч “орооцолдож” болно. Хэрэв та ямар нэгэн асуудалд орооцолдоход хууль яг тэгш, шудрага үйлчлэх үү? Гэм буруугүй олон хүмүүс саатуулагдаж, баривчлагдаж, зарим нэг нь бүр солиотой гэмээр итгэмээргүй нөхцөл байдлын улмаас шүүхээр шийтгүүлж ял авсан тохиолдлууд ч байдаг.

Юун түрүүнд таныг эрүүгийн хэрэгт сэрдэж баривчилсан бол энэ тухайгаа ар гэрийнхэн болон найз нөхөддөө дуулгаж хаана байгаагаа хэлэх хэрэгтэй. Ихэнх улс оронд “утсаар ярих эрх” гэж хуульд нь байдаг бол манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх /ЭХХШ/ тухай хуульд тийм заалт байдаггүй. Гэхдээ манай ЭХХШ тухай хуулийн 31.6-р зүйлийн 5-д “Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ” гэж, 31.8-р зүйлийн 1.3-д “баривчлагдсан этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах эрхтэй” гэж тус тус заасан байна. Эдгээр заалтаас харахад мөрдөгч таныг баривчилснаас хойш 6 цагийн дотор таныг гэр бүлийн гишүүн, өмгөөлөгчтэй чинь холбогдох эрхийг тань хангах үүрэгтэй болж байна. Үүнийгээ анхааруулж шаардах ёстой. Эс бөгөөс энэ нь эрх зүйн тодорхой үр дагавартай бөгөөд эцэст нь шүүхээр хэрэг тань шийдвэрлэгдэх явцад таны эрхийг ноцтойгоор зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдвол танд хилсээр ял тулгасан гэж шүүх үзэж болох талтай юм.

Захиргааны зөрчил гаргасан хүмүүсийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2-р зүйлийн 5-д “Энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад үндэслэлээр хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор мэдэгдэнэ” гэж заасан байна. Уг нь 8 цаг бол арай л урт байгаа юм.

Өөрийгөө ямар нэгэн байдлаар баривчлагдаж саатуулагдсан тухайгаа ар гэрийнхэн, өмгөөлөгчдөө яагаад шуурхай мэдэгдэх ёстой вэ?

Саатуулагдсан үеийн хамгийн эхний хэдэн цаг нь мөрдөгчдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, саатуулагдсан этгээдийн хувьд хамгийн аймшигтай цаг хугацаа байдаг. Хэрэв ар гэрийнхэн чинь, өмгөөлөгч чинь таныг хаана байгааг мэдэхгүй, таныг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарласан тохиолдолд таныг эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх зэргээр таны хийгээгүй хэргийг хүлээлгэх ч явдал гарч болно. ЭХХШ тухай хуулийн 31.6-р зүйлийн 1.3-т мөрдөгч нь “баривчлагдсан этгээдэд түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах” үүрэгтэй гэсэн заалт бий. Би мөрдөгчид энэ хуулийн заалтыг хүмүүст анхааруулдаг гэдэгт ихэд эргэлздэг.

Хэрэв та сайн танил өөрийн гэсэн өмгөөлөгчтэй бол юуны түрүүнд түүн рүүгээ утасдаж мэдэгдэх хэрэгтэй. Тийм өмгөөлөгч байхгүй бол ар гэрийнхэндээ мэдэгдэж тэд нар хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч, өмгөөлөгч яаралтай олох болно.

Хугацаа:

ЭХХШ тухай хуулийн 31.4-р зүйлийн 5-д “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” гэжээ. Энэ 48 цагийн дотор шүүх танд цаашид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх, эсвэл таныг суллах эсэхээ шийднэ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2-р зүйлийн 1.2-т “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар саатуулна” гэжээ.

Баривчлан саатуулагдах үед юуг анхаарах ёстой вэ?

Хамгийн чухал зүйл бол мөрдөгч, цагдаагийн албан хаагчийн үйлдэж байгаа баримт бичгүүд юм. Эрүүгийн ч байна уу, зөрчлийн ч байна уу хэрэг нь бүрдүүлсэн бичиг баримтуудын хүрээнд шийдэгдэх тул процессын зөрчилтэй эсэхийг нь хянах гэж оролдох нь чухал юм.

Таны ярьсан хэлсэн зүйл үнэн зөв бичигдсэн байхыг уншиж хянасны эцэст гарын үсгээ зурах ёстой. Түүнчлэн хоосон зай үлдээсэн хэсгийг бөглүүлэх, эсвэл хэрээсээр зурж тэмдэглэхийг цагдаагийн албан хаагчаас шаардаж болно.

Хэрэв цагдаагийн албан хаагч танаар гарын үсэг зуруулаагүй, огноог алдсан, бичээгүй гэх мэтийн танд ашигтай байж болох алдаануудыг та анзаарвал заавал засуулах гэсний хэрэггүй байдаг. Учир нь эцэст нь тэр алдаануудын “ачаар” та асуудлыг өөрт ашигтай шийдвэрлүүлж болох талтай.

Танд өөр ямар эрх байдаг вэ?

ЭХХШ тухай хуулийн 3-т “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалт бий. Хамгийн чухал эрх бол МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ БАЙХ эрх юм. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх энэ эрх Үндсэн хуульд ч бий. Хуульч, өмгөөлөгчтэйгээ уулзаж байж л мэдүүлэг өгөх эсэхээ шийдвэрлэх эрхээ эдлэх нь маш чухал байдаг. Бусад эрхүүдэд эмнэлгийн тусламж авах, халуун хоол идэх, унтаж амрах, 00 орох гэх мэт зүйлс бий. Эдгээр нь ЭХХШ тухай хуулиас гадна Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль гэж тусгай хуулиар зохицуулагддаг юм.

Цагдаагийн байгууллагын ажилтнуудаас хүнийг саатуулах хугацааг хэтрүүлэх, өмгөөлөгчид нь мэдэгдэхгүй байх, өлсгөх, унтуулахгүй байх, 00 оруулахгүй байх гэх мэтээр цөөнгүй эрхийг зөрчдөг.

Энэ тохиолдолд боломжтой бол ЦЕГ-ын холбогдох жижүүрт залгаж мэдэгдэх, ЦЕГ-ын Ёс зүйн албанд хандах хэрэгтэй. Цаашлаад прокурорт гомдол гаргаж болно.