Нэг хэсэг “Приусны босс” кино эрэлт ихтэй байсны дээр интернэт орчинд, нэн ялангуяа фэйсбүүкт тус киног “шууд үзэх” линкийг олон page хуудас байрлуулсан байсан. Тэр явдлын дараахан тус киноны гол дүр, продюсер, жүжигчин Батаа дээрх “хууль бус” явдлыг бататгасан Screenshot бүхий нотлох баримтуудыг цагдаагийн газар өгч, гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн билээ.
Манай улс таны хийсэн, бүтээсэн аливаа оюуны бүтээлийг хамгаалах, түүнтэй холбоотой харилцааг “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулиар зохицуулсан ба жүжигчин Батаа туурвисан бүтээлээрээ ашиг, орлого олох боломжоо алдахгүйн тулд хуулийн байгууллагад хандсан нь хэн ч буруутгамааргүй, ойлгомжтой зүйл. Магадгүй тэрээр 60 жилийн дараа энэ киногоороо цагдаа, шүүх гээд явж байвал “ер бусын тэнэглэл” мэт хүмүүст санагдаж болох. Гэхдээ л Батаагийн энэхүү “ер бусын” эрх нь Зохиогчийн эрхийн хуулиар баталгаажсан байдаг болохыг анхаарах хэрэгтэй.
Одоо арай жаахан өөр тохиолдлыг авч үзэе. Хэрэв та хэн нэгний нийтлэсэн видео, зураг бүхий контентийг publish эсвэл copy-paste хийлгүй, “зохих ёсоор” нь шэйрлэсэн, эх холбоосыг нь веб сайтад хуулж тавьсан бол яах вэ, зохиогчийн эрхийн зөрчлийн асуудал энд хөндөгдөх үү?
Жишээ нь, зурагчин Түшиг гээд залуу Фэйсбүүкт өөрийн авсан фото зурагнуудаа тогтмол оруулдаг, тийм үү? Хэрэв би түүний зургийг сэтгүүлчийн хувиар өөрийн ажилладаг ikon, gogo, news гэх мэт веб сайтуудад монгол улсын онгон сайхан байгалийн тухай өгүүлэх нийтлэлийнхээ завсар embed буюу шигтгээ байдлаар оруулж шэйрлэсэн бол энэ нь зөрчил болох боломжтой. Зурагчин Түшиг хуулиар олгосон онцгой эрхүүдийг эдлэх эрхтэй бөгөөд түүний бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, өөрчлөх зэрэг асуудалд зохиогч, эрх эзэмшигч нь дотоод үзэмжээр хандах боломжтой гэсэн үг.
Яагаад би дээр сэтгүүлчийн хувиар бичсэн гэхээр манай мэдээллийн сайтууд сүүлийн үед хүмүүсийн нийтлэсэн элдэв status, photo, video, tweet зэргийг бэлтгэсэн мэдээллийнхээ завсар хавсаргаж, оруулдаг болсон байсан. Үүнд: Ub.life, Ikon зэрэг сайтуудыг хамгийн түрүүнд дурдмаар байна. Энэ нь эргээд зөрчил, маргаан дагуулах эрсдэлтэй болохыг энэхүү нийтлэлээрээ анхааруулахыг зорьсон хэрэг. Хэрэв хувь хүн та өөрийн блог, профайл зэрэгт тэдгээрийг шэйрлэсэн, хамгийн гол нь ашиг олох зорилго агуулаагүй бол энэ нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдохгүй байх боломжтой юм.
Comments