Өмгөөлөгчийн ажлын хөлс хэд байдаг вэ?
Энэ асуултад шууд хариулах боломжгүй юм. Өмгөөлөгчийн ажлын хөлс нь тухайн хуульчийн алдар нэр, хэр олон том хэрэгт ажиллаж ялалт байгуулсан байдал, хэр их ажлын ачаалалтай байгаа, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар, тухайн салбар эрх зүйгээр мэргэшсэн байдал, ажлын туршлага, тухайн хуульчийн өөрийгөө үнэлэх үнэ цэнэ гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалж тогтдог.Тийм ч учраас өмгөөлөгч, хуульчдын нэг цагийн ажлын хөлс нь 3,0 мянган төгрөгөөс 3,0 сая төгрөг хүртэл янз бүр байдаг. Нэг цагт 500-1000 ам.долларын үнэлгээтэй хэд хэдэн хуульчдыг би мэднэ.
Хууль зүйн туслалцаа, өмгөөлөл нь хувийн хэвшлийн бизнесийн нэг төрөл тул төрөөс үнэ, хөлсийг зохицуулсан хууль тогтоомж байдаггүй. Зах зээлийн нийгэмд угаасаа байх ч боломжгүй биз. Зарим нэг чинээлэг хүмүүс асуудалд холбогдохоороо 3-4 өмгөөлөгч хөлсөлж авдаг. Хуулиар хөлсөлж авах өмгөөлөгчдийн тоог хязгаарлаагүй юм.
Гэтэл зарим нэг иргэд “Өмгөөлөгчийн хөлс хэтэрхий өндөр байна” гээд гомдол гаргасан байдаг. Монгол Улсад өмгөөллийн салбарт гурван мянга орчим хүн тусгай зөвшөөрөл аван ажиллаж байгаа юм билээ. Та гурван мянган хүнээс хямд ажлын хөлс санал болгосон хүнээ олох боломжтой тул бухимдах нь илүүц юм. Өөрөөр хэлбэл тэр өндөр үнэ санал болгосон өмгөөлөгчийн үйлчилгээг заавал авах албагүй гэсэн үг.
Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажлын хөлсийг ямар хэлбэрээр тооцдог вэ?
Олон улсад бол өмгөөлөгчийн ажлын хөлсийг цагаар тооцох систем ноёрхдог. Хуульч, өмгөөлөгчид хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нэг цагийн тариф үнэлгээгээ өөрийн сайт, сурталчилгааныхаа самбарт байршуулсан байдаг.Хуучин соц орнуудад цагийн төлбөрийн систем орж ирж байгаа боловч голдуу тухайн хэргийн хүнд, хөнгөн байдал, нэхэмжлэлийн үнийн дүн зэрэг хүчин зүйлээс үндэслэн хэрэг маргааны шийдвэрийн үр дүнгээр ажлын хөлсөө тохиролцох нь элбэг байна. Уг нь, бүх хуульчид цагийн төлбөрийн систем рүүгээ орж дэлхий нийттэйгээ зэрэгцэж алхавал зүгээр байгаа юм. Цагийн төлбөрийн систем шудрага бөгөөд хэргийн үр дүнгээс бараг хамаардаггүй.
Одоо бол манайд үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёр шууд ярилцаад ажлын хөлсөө тохироод л явчихаж байгаа. Урьдчилгаа төлөөд гэрээгээ байгуулаад хэргийн үр дүн ялалтаар шийдвэрлэгдэвэл үлдэгдэл ажлын хөлсийг төлөх маягтай. Энд нэг зовлон байдаг. Үйлчлүүлэгчид нь хэргээ шийдвэрлүүлчихээд өмгөөлөгчөө үлдэгдэл мөнгө дээр нь “мурьчихдаг”. Тиймээс өмгөөлөгчид урьдчилгаа өндөр авах гээд байдаг тал бий. Миний хувьд би эрүү, иргэний болон захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцохдоо голдуу шүүх хуралдаанаар хөлсөө тохироод явдаг. Анхан шатны шүүхэд нийт хөлсийн 30 хувь, давж заалдах шатны шүүхэд 30 хувь, хяналтын шатны шүүхэд 30 хувь, 10 хувь ялалтын бонус гэх мэтчилэн.
Дээх нь үед Хууль зүйн сайдын тушаалаар иргэний хэргийн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувиар тооцох жишиг үнийн журам батлагдаж байсан. Одоо тэр тушаал хүчингүй болсон байх. Жишиг үнэ учраас баримтлах нь ч ховор байсан.
Улсын өмгөөлөгч гэж хэн бэ? Төлбөргүй өмгөөлөгч гэж байдаг уу?
Монгол Улсын парламент 2013 онд “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль” хэмээх хууль баталсан байдаг. Энэ хуулиар төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульчийг төрөөс “улсын өмгөөлөгч” хэмээх нэрээр томилж ажиллуулахаар болсон байна. Одоогоор улсын хэмжээнд 32 салбарт 58 улсын өмгөөлөгч ажиллаж байна. Гэхдээ төлбөрийн чадваргүй гээд л шууд улсын өмгөөлөгч авах боломж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3. зүйлийн 1.6.-д “төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан” гэж зааснаар уг хүн нь өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага, шүүх тухайн этгээдийг улсын өмгөөлөгчтэй холбож өгдөг юм.Төлбөрийн чадваргүй этгээд гэж хэнийг хэлэх вэ?
“Төлбөрийн чадваргүй этгээд” гэдэгт Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд зэргийг ойлгоно.Хэрхэн хямд үнээр өмгөөлөгч олж авах вэ?
Дээр өгүүлснээр ямар ч түвшингийн орлоготой хүн өөрийнхөө түрийвчний хэмжээгээр өмгөөлөгч олж авах боломжтой юм. Гэхдээ энэ нь тийм амар зүйл биш л дээ. Олохын тулд нилээн олон зар, мэдээ уншиж, цөөнгүй хуульч, өмгөөлөгчидтэй уулзаж, үнэ ханш ярилцаж байж олох байх.Хувийн ажиглалтаас хуваалцахад өмгөөлөл, хуулийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө аваад удаагүй байгаа, “будаг нь ханхалсан” залуучууд нэг их өндөр үнэ хэлдэггүй санагдсан. Тэднийг өмгөөлөгчөөрөө авбал мэдлэг, туршлага дутаж болзошгүй ч гэсэн эрч хүч, үл шантрах өөдрөг байдал нь таны зарганд хэрэгтэй байж болох юм. Мөн шүүх, цагдаагийн байрны хажууд орон сууцны нэг давхрын өрөөг түрээслээд авчихсан өмгөөлөгчид нэг их үнэрхээд байдаггүй, хэрэг голж шилдэггүй юм шиг байна билээ.
Таны эрхийг зөрчиж байгаа зөрчил өөр бусад этгээдийн эрхийг бас зөрчиж байвал нийлж нэгдээд дундаа нэг хуульч, өмгөөлөгч хөлсөлж авах нь зардал хэмнэх нэг арга байдаг.
За бүүр арга барагдвал үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх төв гэх мэтийн газрууд бий. Тэднийг олж очиж уулзахыг зөвлөе.