Барааны тэмдэгт бүртгүүлэхийн ач холбогдол


1970, 80-аад онд үүсгэн байгуулагдсан Америкийн KISS хэмээх рок хамтлаг байдаг юм байна. Тэр үеийн манай "ах нар" ч сайн мэдэх байх. Миний хувьд "аймшигтай" зурагнуудыг нь харж байснаас цаашгүй. Нүүр будалт, тайзны өмсгөл, гал, цус зэрэг нь тэдний гол илэрхийлэл нь болдог бололтой.

Нэг авууштай зүйл нь, тэд танд оюуны өмчийн асуудалд яагаад нухацтай хандах ёстой вэ гэдгийг хангалттай ойлгуулж чадна.

Өнөөдөр KISS нэртэй бэлгэвч, кредит карт, тэр бүү хэл авс тэргүүтэй 3,000 гаран төрлийн бүтээгдэхүүнээс тэд хангалттай их орлого олдог аж.

Энэхүү амжилтын нууц нь тэдний хамгийн үнэт зүйл болох KISS гэсэн барааны тэмдэг юм. Монгол улсын хуулиар барааны тэмдэг гэж "Иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэхэд ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно" гэсэн.
 
Өөрөөр хэлбэл, KISS гэсэн үг, дүрс, логогоо тэд бусдад ашиглуулан, дундаас нь ашиг олж байна гэсэн үг.

Таны хувьд ч гэсэн ирээдүйн ийм сайхан боломжийг алдахгүйн тулд өөрийн эзэмшлийн барааны тэмдгийг хамгаалах арга хэмжээг авах ёстой.

Хэрэв танд оюуны өмчийн эрх зүйн зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол энэ чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид заавал хандаарай.

Монгол улсад барааны тэмдэгтэй холбоотой аливаа харилцааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж байна.

Comments