Хууль зүйн практик менежментийн програм хангамж


Дээрх төрлийн програм хангамжууд барууны зах зээлд олон тоогоор нийлүүлэгдэх болсон нь хуулийн сургуулиуд суралцагч нартаа тэр бүр бизнес эрхлэх мэдлэг олгодоггүй, ур чадварт сургадаггүй нөхцөл байдалтай холбоотой гэдэг. Мөн Америкийн Баарын холбооноос нэгэнтээ хуулийн практикт хамгийн их гарч байгаа алдааг хуульч нар аливаа товлогдсон цаг хугацааг тодорхойгүй шалтгаанаар хэтрүүлдэг, андуурдаг хэмээн тодорхойлсон. Ийм нөхцөлд хуулийн практикт шинээр, хувиараа, баг хамт олноороо бага зардлаар, богино хугацаанд “хууль зүйн зөвлөгөө өгөх” бизнесийн үйл хэрэгт оролцохдоо хүмүүс хамгийн түрүүнд технологид ач холбогдол өгч эхэлсэн байна. Өнөөдөр хуульч, өмгөөлөгч нарт зайлшгүй байх ёстой нэг хэрэгсэл нь “Хууль зүйн практик менежментийн програм хангамж” ажээ.

Хууль зүйн практик менежментийн програм хангамж гэдэг нь хуульч, хуулийн фирмийн хариуцаж авсан хэрэг маргаан; үйлчлүүлэгчийн мэдээлэл; үйлчилгээний төлбөр тооцоо; нягтлан бодох бүртгэл; шүүх хурал, уулзалтын тов, хуваарь; компьютерийн файлууд болон баримт бичиг боловсруулах үйл ажиллагааг хялбарчилсан, тэдгээрийг бүхлээр нь удирдахад зориулагдсан цогц хэрэгсэл юм. Товчхондоо, хуулийн фирмийн үйл ажиллагааг бартаа саадгүй явуулахад тустай мэдээллийн технологийн ололт хэмээн ойлгож болно. Энэ төрлийн програм хангамжийн бизнесийн өрсөлдөөн Хойд Америк болон Их Британид хамгийн хүчтэй гэдэг. Жишээ нь Британид “Хууль зүйн програм хангамж нийлүүлэгчдийн холбоо” гэж байдаг бол АНУ-ын Баарын холбоонд Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх орчны менежмент буюу энэ салбарт ямар төрлийн програм хангамжийг бий болгох, хөгжүүлэх талаар судалгаа эрхэлдэг тусдаа нэгж, хэлтэс үйл ажиллагаа явуулж байна.

Практик менежментийн програм хангамжийн тухай бүр илүүг мэдэе гэвэл доорх 2 бүтээгдэхүүний танилцуулга видеог үзээрэй, мянга сонссоноос нэг үз гэдэг шиг.

App4Legal:


Clio:



Соло өмгөөлөгч болон Жижиг, дунд хуулийн фирмүүдэд зориулсан хуулийн технологийн талаар мэдээллийг нийтэлдэг АНУ-ын Lawyerist.com веб сайтаас дээрх төрлийн зарим програм хангамжийг тэдний үзүүлэлт, үйлчилгээний тарифаар нь дараах байдлаар харьцуулсан байна. Томруулж байгаад үзээрэй.



Хууль зүйн практик менежментийн програм хангамж /ПМПХ/ бүтээгчдээс танд санал болгодог зарим боломжуудыг нь доор тайлбарлаж бичив.

Email client. Тус програм хангамж Google Mail, Yahoo Mail, Outlook шиг өөртөө имэйл илгээх, хүлээн авах, ангилах зэрэг бие даасан системтэй байхыг ойлгоно. Мөн хэрэв та Google, Yahoo зэрэг хэд хэдэн мэйл тусад нь ашигладаг байсан бол дахиж тийм илүү ажил хийх хэрэггүй болно гэсэн үг. Ухаандаа, олон мэйл системийг нэг дор нэгтгээд, зөвхөн нэг програмаас тэдгээр хаягуудад ирэх мэйлүүдийг шалгах, мөн өөр өөр хаягаас илгээх боломжтой болно гэсэн үг юм.

Calendar. Google Calendar, Outlook тэргүүтэй өөр олноор ашиглагддаг календартай холбоотой ямар програм хангамж байдаг билээ, тэр бүгдтэй ПМПХ тань sync хийж, бүх календарийг тань нэг дор харуулах боломжтой байхыг ойлгоно. Мөн тус програм хангамж өөртөө бие даасан календар сервистэй байх бөгөөд таны өдөр тутмын ажилд тохирсон олон тохиргоог санал болгодог.

Client/contact management. Үйлчлүүлэгч, харилцагчтай тань байнгын холбоотой байлгаж, тэдэнд хэрэг маргааны явцын талаар мэдээллийг тогтмол өгөх үйл ажиллагааг хялбаршуулах нь өөрөө ПМПХ-ийн гол зорилго нь билээ. Зарим програмууд бие даасан CRM системтэй байдаг.

Case/matter management. Таны хариуцаж буй кэйс, асуудлыг зохион байгуулалтад оруулах нь мөн л ПМПХ-ийн нэг гол зорилго байдаг.

Task management. Хийх ажлын жагсаалтыг үүсгэх, хугацаа тавих, салбараар нь ангилах, хуульч нарт хуваарилах боломжийг олгоно.

Secure portal. Таны үйлчлүүлэгчтэй харилцсан яриа, текст, шилжүүлсэн-хүлээн авсан баримт материалууд, бусад үйлдлүүд цөм аюулгүй хадгалагдах ёстой. Энэ төрлийн олон хамгаалалтыг ПМПХ хөгжүүлэгчдээс санал болгодог.

Conflict checking. Таныг элдэв ашиг сонирхолын зөрчилтэй байдалд оруулахаас сэргийлэхэд тустай нэмэлт функц.

Document management. Танд хадгалагдаж буй эсвэл байнга ашиглагддаг баримтуудыг тань цэгцлэхэд энэ төрлийн менежментийн шийдлийг агуулсан функц ПМПХ-д байх хэрэгтэй болно. Дээр дурдсан Email client-тай төстэй байдлаар та өөрийн Box, Dropbox, Google Drive зэрэг үйлчилгээнүүдийг нэг системд нэгтгэх боломжтой.

Document assembly. Фирмийн дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгийн загваруудыг ПМПХ-д оруулах нь таны цагийг хэмнээд зогсохгүй, бичиг баримт тань нэг хэвийн стандартад байхад тустай.

Timekeeping. Ажил хэргийнхээ асуудал бүрт тухайлсан цаг тавьж, тэдгээрийг хянахад тустай функц.

Billing/invoicing. Үйлчилгээний төлбөрийг тооцоолж, нэхэмжлэх хуудас илгээх функц.

Online payments. Интернэтээр дамжуулан төлбөр хүлээн авах боломжтой функц. Зарим ПМПХ ийм функц өөртөө багтаасан байдаг бол зарим нь өөр интернэт төлбөр тооцооны үйлчилгээг нэмэлтээр ашигладаг.

Trust accounting. Итгэлцлийн бүртгэл буюу таны үйлчлүүлэгч үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь шилжүүлж байсан эсэхийг хянах зориулалттай функц.

Basic bookkeeping. Таны орлого, зарлагыг бүртгэх, хянах зориулалттай функц.

Full accounting. Бүх үйл ажиллагааны тань тайлан, тооцоог гаргах зориулалттай функц.

Clio програмын харагдах байдал

Хуульчдад зориулсан практик менежментийн програм хангамж зах зээлд хангалттай олон байна. Тэндээс гагцхүү өөрийн хэрэгцээнд тохирсон, зөв сонголтыг хийхэд л танд хэцүү байж магадгүй. Ямартай ч энэ төрлийн програмыг худалдаж авахдаа таныг дараах зүйлсийг анхаараасай хэмээн зөвлөж байна.
  • Хэрэглэгч хаан гэдэг үг байдаг. Иймд дараах мэдээллүүдийг програм нийлүүлэгчээс юун түрүүнд асууж мэдэх хэрэгтэй. Мөн тэд танилцуулга веб хуудсандаа энэ бүгдийг ил тод тусгасан байх ёстой. Үүнд: Програмын үнэ тодорхой байх; Туршилтаар үнэгүй ашиглах боломжтой байх; Програмын талаарх сургалт-зөвлөгөө үнэ төлбөргүй байх; Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг тухай дэлгэрэнгүй бичсэн байх; Тус програмаас аливаа тайлан мэдээг нийтлэг форматаар гаргах боломжтой байх;
  • Ажиллаж буй фирмийнхээ хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Заавал байх ёстой болон байвал зүгээр гэсэн боломж, шаардлагуудаа тодорхойлон бичиж, худалдан авахаар сонирхож буй практик менежментийн програм хангамжтай жишиж, харьцуулах.
  • Практик менежментийн програм хангамжуудыг хооронд нь харьцуулж, дүгнэх. Энд даржхарьцуулсан хүснэгтэн мэдээлэлтэй танилцаарай.
  • 1-3 тооны програмыг сонгож, тэдгээрийг тус бүрт нь туршилтын байдлаар үнэ төлбөргүй ашиглаад үз. Ингээд л та эцсийн сонголтыг хийнэ дээ.
Эх сурвалж: Wikipedia, Lawyerist
Зургийг ShutterStock

Comments