Товч хариулт нь гэмт хэрэг биш, гэхдээ зөрчил мөн юм.
Гэмт хэрэг болон Зөрчил - эдгээрийн аль аль нь хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй боловч учруулах хор хохиролын хэмжээгээрээ ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, таны хийсэн гэмт үйлдэл хөнгөн бол зөрчил, хүнд шинжтэй бол гэмт хэрэг болно хэмээн ерөнхийд нь ойлгож болно.
Яагаад дээрх сэдвээр бичих болов гэхээр, өнгөрсөн саруудад АНУ-ын мэргэжлийн хөл бөмбөгийн зарим тамирчид нийгмийн эмзэг асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд АНУ-ын Төрийн дуулал эгшиглэх үеэр босч зогсохоос татгалзаж, доош өвдөглөн сууж байсан билээ.
Мөн Хятадын бие даасан тусгай бүс Хонг Конгийн зарим иргэд томоохон тэмцээн, уралдааны үеэр БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэх үеэр орилж, эсэргүүцлээ илэрхийлэх тохиолдол их гардаг. Тэгвэл өнгөрсөн сард үүнтэй холбоотойгоор Хятадын хууль тогтоох байгууллагаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэв төрийн дууллын үг, аяыг өөрчилсөн, гутаан доромжилсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол иргэнийг 3 хүртэл жил баривчилж, хорихоор заажээ. Тус нэмэлт өөрчлөлт нь өнгөрсөн 10-р сараас хятадын эх газарт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Хонг Конгийн хуульд Үндсэн хуулийн хавсралтад заагдсан нөхцлийн дагуу нэмж оруулсан байна.
Монгол улсын тухайд, Хэрэв та төрийн дуулал эгшиглэх үеэр босч зогсохгүй, хүндэтгэл үзүүлэхгүй бол энэ нь зөрчил болно. Зөрчилд хүлээлгэх хариуцлага бий. Тодруулбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд зааснаар “Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх иргэд босож, дуулж хүндэтгэнэ. Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэсэн. Төрийн дуулал бол өөрөө төрийн бэлгэ тэмдэг гэдгийг санах хэрэгтэй. Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг Зөрчлийн тухай хуульд дараах байдлаар тусгасан. Үүнд, “Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол хүнийг 50,000₮, хуулийн этгээдийг 500,000₮-өөр торгоно” гэжээ.
Нэг ёсондоо, хэрэв та Төрийн дуулал эгшиглэх үеэр босож зогсоогүй, төрийн дууллын үг, аяыг гутаан доромжлох зорилгоор өөрчилж, найруулсан бол 50,000₮-өөр торгуулах нь байна. Хэн намайг торгох юм бэ гэж үү? Мэдээж цагдаагийн байгууллага буюу түүний эрх бүхий албан тушаалтан байх юм. За тэгээд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бол гэмт хэрэг болж хүндрэх нягууртай аж.
Comments