Дрон, та юу болохыг нь гадарлаж л байгаа байх. Зураг, видео авах сонирхолтой хувь хүн, байгууллагууд дроныг гаднаас оруулан ирж, ашигладаг билээ. Гадаад мэдээ унших явцад БНХАУ-ын Шанхай хотод дрон нисгэхийн тулд тухайн этгээд шалгалт өгч, үнэмлэх авна тэргүүтэй нийтлэлүүд нүдэнд тусна. Тэгэхээр Монгол улсад үүнийг зохицуулсан ямар нэгэн дүрэм, журам байна уу?
Дрон хэмээх төхөөрөмж нь радио давтамж, радио долгионы тусламжтайгаар алсаас удирдагддаг аж. Энэхүү харилцааг Монгол улсын “Радио долгионы тухай” хуулиар дараах байдлаар зохицуулсан. Үүнд: Иргэн, хуулийн этгээд радио давтамжийн зурвасыг ашиглахдаа Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авна гэсэн.
Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагад та худалдаж авсан дроноо монгол улсын нутаг дэвсгэрт ашиглах гэж буйгаа мэдэгдэн, өргөдөл гаргаж, эрхийн бичиг авах хэрэгтэй болох нь.
Дроноо бүртгүүлчихлээ, нисгэх эрхийн бичгээ авчихлаа гэдэг нь одоо та иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болсон гэсэн үг. Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан “Иргэний нисэхийн дүрэм-101” гэж бий. Энэхүү дүрмээр дрон шиг зайнаас удирддаг нисдэг элдэв төхөөрөмжүүд, тэр бүү хэл биднийг хүүхэд байхад тоглодог байсан хятадын “цаасан шувуу”-ны үйл ажиллагааг хүртэл зохицуулсан байдаг. Тэгэхээр дрон нисгэгч та мөн энэхүү дүрэмд захирагдана гэсэн үг. Зарим онцлох заалтыг дурдвал:
- Бусдад эрсдэл учруулахгүй байх бүх шатны арга хэмжээг авах
- Зөвхөн өдрийн гэрэлтэй цагаар нисгэх
- Нисдэг төхөөрөмжийг хэт хол зайнд нисгэхгүй байх
- 120 метрээс дээш өндөрт нисгэхгүй байх
- Нисэх онгоцны буудлын ойр орчимд нисгэхгүй байх
- Хүмүүсийн дээгүүр нисгэх бол урьдчилан мэдэгдэх
Comments