Корнелийн тэмдэглэх аргыг хэрэглэх тухай зөвлөмж


Хичээлийн үеэр тухайн нэг лекцийг хэр чанартай тэмдэглэж авч үлдэх нь эцэстээ таны улирлын шалгалтын дүнг тодорхойлоход хүргэдэг. Лекцийн тэмдэглэл хийхтэй холбоотой ерөнхий загварчлалын арга, оюун санаанд зураглах арга, схемийн арга гэх мэт олон арга бий ч хамгийн өргөнөөр ашиглагддаг нь “Корнелийн тэмдэглэх арга” ажээ.

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Тус аргыг 1950-иад онд АНУ-ын Корнелийн их сургуулийн профессор Волтер Полк анх сэдэж, энэ тухай өөрийн “How to Study in College” номондоо өгүүлсэн.

Корнелийн тэмдэглэх аргын гол зорилго нь аливаа мэдээллийн агуулгыг бүрэн зураглалаар нь байж болох хамгийн бага түвшинд зохион байгуулж, тэмдэглэх явдал юм.

2010 онд Вичита их сургуулиас явуулсан судалгаанд – оюутнууд аливаа мэдээллийг хүлээн авахдаа өөрсдийн гараар нэгтгэн нийлүүлж, боловсруулах нь тэдэнд түүнийг тогтооход хялбар болгох төдийгүй, хожим эргэж санах үед бусад аргаас илүү үр дүн үзүүлж байсан тухай дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хэргийн товч утга их бичдэг хуулийн сургуулийн оюутнуудын хувьд хамгийн тохиромжтой арга юм.

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Корнелийн аргыг дэвтрийн цаасан дээр гараар буулгахад их амархан. Хүсвэл та компьютер дээрээ ч ашиглаж болно. Доор оруулсан зураг дээр дарж, жишээ форматыг харна уу.


Юуны түрүүнд та нэг нүүрийг 3 хуваах хэрэгтэй. Хуудасны доод хэсгээс дээш 6 нүдний харалдаа хөндлөн зураас; зүүн талаас 5 см зайд босоо зураас татна.

Баруун талын багана: Лекцийн тэмдэглэл
Илүү их зай талбай бүхий баруун талын баганад та лекцийн гол агуулгыг бичнэ. Ингэхдээ түүнийг аль болох богино өгүүлбэрээр бичиж, илэрхийлбэл зохино. (Видео бичлэгийг үзнэ үү)
Боломжтой бол дунд нь товчлол ашиглаж байх хэрэгтэй. Жишээ нь:
Бас/болон > &
Жишээ нь > Ж:
Хувь хүн > Альфа үсэг
Байгууллага > Бета үсэг г.м.
Мэдээллийг тэмдэглэхдээ олон өгүүлбэрийг ар араас нь угсруулах биш, жагсааж бичиж байвал зүгээр. Мөн дараа нь гүйлгэж уншихад хялбар байлгах үүднээс хэрэгцээгүй, илүү дутуу үгс оруулахгүй байвал зохино.
Тэмдэглэл дунд зай талбай үлдээж байх. Энэ нь хожим нөхөж, нэмэлт мэдээлэл оруулж бичих үед хэрэгтэй.

Зүүн талын багана: Гол сэдэв/Түлхүүр үгс
Тэмдэглэл бичсэний дараагаар буюу 24 цагийн дотор баруун баганад бичсэн тэмдэглэлийг уншиж үзээд, түүнийг илэрхийлсэн гол санаа, түлхүүр үгийг зүүн баганад оруулж бичнэ.
Жишээ нь, хэрэв та Гэрээний эрх зүйн тухай лекц дээр Гэрээгээр хүлээсэн үүргийг нэг тал нь зөрчих тухай үзсэн байгаа бол түүнийг тэмдэглэхдээ, зүүн баганад “Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах нөхцлүүд” гэх мэт байдлаар тэмдэглэнэ. (Видео бичлэгийг үзнэ үү)
Цаашлаад, баруун баганад бичигдсэн тэмдэглэлтэй холбоотойгоор түлхүүр үгийг Асуулт хэлбэрээр тэмдэглэж болдог. Ингэвэл та шалгалтын үеэр тэмдэглэлээ дахин уншихдаа баруун баганыг дараад, зүүн баганад бичигдсэн гол асуултаар өөрийгөө сорих боломжтой болно.
Хүмүүсийн хэрэглэдэг бас нэг арга нь – зүүн баганад өөрт тань өвөрмөц сонсогдох болон харагдах, сэдвийн гол мэдээллийг танд эргэн сануулах асуулт, түлхүүр үгсийг хамтад нь жагсааж бичих байдаг. Ашиглаж чадвал, магадгүй зөвхөн нэг үг танд тухайн үед үзэж байсан хичээлийн агуулга болон дурдагдаж байсан фактуудыг эргэн санахад туслах болно.

Хуудасны доод хэсэг: Товч дүгнэлт
Баруун болон зүүн баганыг бичиж дүүргэсний дараагаар та хуудасны доод хэсэгт тухайн сэдвээс юу ойлгож авсан тухайгаа 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ.



Нэмэлт зөвлөмж:

Лекцийн тэмдэглэлийг байнга шалгаж, уншиж байх нь хуулийн сургуульд амжилттай суралцах гол аргуудын нэг төдийгүй Корнелын аргыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Толгойд үлдсэн мэдлэгээ шалгахын тулд зүүн баганын Гол сэдэвийг ашиглаарай. Гол сэдвийн дагуу холбогдох мэдээллийн агуулгыг эргэн санасан бол доод баганад байх товч дүгнэлт хэсэгтэй санасан мэдлэг/мэдээллээ тулгаж, шалгаарай. Ийм байдлаар та тухайн нэг сэдвийг үнэхээр ойлгосон эсэхээ шалгаж болох юм. Корнелийн аргыг хэрэглэж сурахад, эхэн үед жаахан хэцүү байж болох ч нэгэнт дадсан бол танд үр дүнгээ заавал өгөх болно. Амжилт хүсэе!

Эх сурвалж: LawSchoolToolbox, Learn English with Emma

Comments