Энд би иргэний харьяаллын тухай зарим асуудлыг хөндөх гэсэн юм. Та бол 28 настай царайлаг залуу. АНУ-д суралцах, оршин суух 2-3 жилийн хугацаанд жирийн сайхан монгол бүсгүйтэй танилцаж, тэнд байх үедээ хүүхэдтэй болжээ. Энэ үед таны хүүхдэд америкийн харьяат болох уу, монгол улсын харьяат болох уу гэдэг сонголт тулгарна. Учир нь хууль, эрх зүйн талаасаа аль аль улс нь таны хүүхдийг өөрийн харьяат иргэнд тооцох боломжтой байгаа юм.
Тодруулбал, улс орнууд тус бүрийн “иргэний харьяаллын бодлого”, “зарчим”-тай байдаг бөгөөд тэднээс олон улсад дараах 2 зарчмыг баримталдаг байна.
Эдгээр нь “Төрснөөр” /цусны эрхийн зарчим/, “Төрсөн газраар” /хөрсний эрхийн зарчим/ юм.
Монгол улсын хувьд хуулиндаа “цусны эрхийн зарчмын” байр суурийг тусгасан нь "Харьяатын тухай" хуулийн зүйл заалтаар илэрдэг. Тус хуульд “Эцэг эх нь хоёулаа Монгол улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол улсын нутаг дэвсгэрт төрсөн эсэхээс үл хамаарч Монгол улсын харьяат байна. Монгол улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол улсын иргэний үнэмлэх авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна. Монгол улсын харьяат болох хүсэлтийг Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газраар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, дөнгөж төрсөн хүүхэд Америкт төрснөөрөө тэндхийн хууль тогтоомжийн дагуу Америкийн иргэншилтэй болчихоод байдаг. Гэтэл эцэг эх нь монгол улсын харьяат бөгөөд хүүхдээ мөн адил монгол улсын харьяат байлгахыг хүссэн. Энэ тохиолдолд өнөөгийн практикаар эцэг эх нь Монгол улсаас тухайн улс оронд суугаа элчин сайдын яаманд хандаж, төрсний гэрчилгээ, регистрийн дугаар давхардуулан авч байгаа аж. Ийм асуудалтай 5,000 орчим хүүхдийг өнөөдөр манай засгийн газар “иргэншлийн асуудалтай” хэмээн мэдээллэж байна. Сүүлийн жилүүдэд давхар иргэншлийн асуудал сөхөгдөж, зөвхөн онцгой тохиолдолд түүнийг зөвшөөрдөг байх чиглэлээр судалж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгчээ.
Тэгвэл та ийнхүү асууж магадгүй. Асуудал ер нь юу байна вэ, хүүхдээ Америкийн иргэншлээс гаргаад л Монголын харьяат болгочихвол асуудалгүй юм биш үү?
АНУ-д “хөрсний эрхийн зарчим” үйлчилдэг нь Америкийн нутаг дэвсгэрт төрсөн ямар ч хүүхэд автоматаар тэдний иргэншлийг хүлээн авдаг, мөн эцэг эх нь хүүхдийн нэрийн өмнөөс АНУ-ын харьяатаас гаргаж болдоггүйг тэд Үндсэн хууль, Холбооны ерөнхий хууль, Харьяатын асуудал зохицуулсан зэрэг хуулиадад тусгасанд байгаа юм. 18 нас хүрээгүй хүүхэд үнэхээр АНУ-ын иргэншлээс татгалзахыг хүсвэл Харьяатын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад өөрийн биеэр хүсэлт гаргах, консулын ажилтанд шалтгаанаа тайлбарлан, итгэн үнэмшүүлэх, сайн дураар иргэншлээс татгалзах, энэ тухай тангараг өргөснөөс гарах үр дагаврыг бүрэн хэмжээнд ухааран ойлгож буйгаа илтгэх процесс явагддаг аж. Өөрөөр хэлбэл, хүүхдэд тань өөрийгөө илэрхийлэх чадвар суух хүртэл хугацаанд АНУ-ын харьяатаас гарах боломж байдаггүй ажээ.
Comments