Өмгөөлөгч хөлслөхдөө түүний ямар чанарыг анхаарах хэрэгтэй вэ?


Хэрэв та хуульч, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах болбол энэ харилцаандаа онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Тийм бол яг хаанаас нь эхлэх вэ хэмээн та бодож магадгүй. Хэн нэгэн өмгөөлөгчтэй уулзах анхны уулзалтын үеэр та түүнээс дараах “сайн өмгөөлөгчийн” чанаруудыг нь анзаарч харахыг зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА. Флоридад байрлах үл хөдлөх хөрөнгийн даатгалын томоохон компанид ажиллах ахлах ажилтан Стэйси сар бүр хэд хэдэн өмгөөлөгчтэй хөлсөөр хамтран ажилладаг ба ингэхдээ зохих туршлагатай өмгөөлөгчийг хөлслөх нь ямар их чухал болохыг мэддэг. Тэрээр, “Хэрэв та эрүүл мэндийн хувьд зүрхний асуудалтай бол хөл барьдаг эмчид хандаж болохгүйтэй адил, өмгөөлөгчид хандахдаа хүртэл танд тулгарсан хууль зүйн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчид хандах нь зүйтэй” хэмээн зөвлөж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ. Танд тулгараад буй хуулийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчийг хөлслөх нь цаг хугацаа, эд хөрөнгийн хувьд хэмнэлттэй байх болно. Стэйси хэлэхдээ, “Өмгөөлөгч хөлслөхөд үйлчилгээний төлбөр цагаар тооцогддог байна уу, өндөр ханштай байна уу, ямар байх нь дараа дараагийн асуудал. Хамгийн гол нь хэрэг маргааныг таны талд ашигтайгаар шийдвэрлэж чадах мэргэжлийн ур чадвар юм” гэжээ.

НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАА. Сайн өмгөөлөгч - ярих, бичих, сонсох байдлаар бусадтай зөв харилцах ур чадварт суралцсан байх нь хэргийн оролцогч, шүүх бүрэлдэхүүн, шүүгчтэй амжилттай яриа, тохиролцоо хийхэд чухал үр нөлөөтэй байдаг. АНУ-ын Хьюстон хотод байрлалтай "Поттс" хуулийн фирмийн өмгөөлөгч Адам “Судалгаагаар Хуульчдын холбоонд хамгийн их ирдэг гомдол бол өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ байнгын харилцаа холбоотой байж чаддаггүй явдал юм. Иймд та өмгөөлөгчтэйгөө эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах үеэс л тэрхүү гэрээний заалтыг 2 тал хатуу баримтлах, өндөр үр дүн хүлээж буйгаа мэдэгдэх хэрэгтэй” гэж байна.

БУСДЫН ЗОВЛОНГ ОЙЛГОДОГ ЧАНАР. “Тайра” хууль зүйн фирмийн өмгөөлөгч Нэйл энэ талаар, “Таны зорилго, хэрэгцээг тань ойлгож, түүнд хүрч чадна гэсэн итгэлтэй өмгөөлөгч л танд чухал. Үйлчлүүлэгч бүрт тулгарсан асуудал “онцгой” байдаг шүү дээ” хэмээн зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНД. Өмгөөлөгч сонгохдоо гэр бүл, найзуудаас санал болгосон хүмүүсийг сонгох эсвэл өмгөөлөгчийн ярьсан сайхан ярианд итгэж, найдах хэрэггүй. Тэдний сошиал хуудас, веб сайт, товч танилцуулга, хүмүүсийн өгсөн санал, шүүмж зэргийг давхар шалгах хэрэгтэй. Өмгөөлөгч сонгохдоо гаргасан шийдвэр тань таны амьдралд, гэр бүлд хүртэл нөлөөлөх бололцоотой. Хэрэв танд “Энэ өмгөөлөгч ашиг сонирхолыг минь хамгаалж чадах болов уу” гэсэн эргэлзээ төрөх юм бол та буруу өмгөөлөгчөө сонгосон байна гэсэн үг юм.

Comments