Хуулийн сургуульд сурч байхдаа бусдаас хэрхэн онцгойрох вэ?


Өнөөгийн “өрсөлдөөнт” эрин үед хуулийн сургуулийн оюутнууд бусдаасаа ялгарах буюу “онцгой байх” арга замыг эрж хайх ёстой. Төгсөгчдийн өрсөлдөх чадвар улам сайжрахын хэрээр ажил олгогчоос тэднийг зөвхөн академик амжилтаар нь бус, нэмэлт ур чадвар, туршлагаар нь үнэлэн, сонгон шалгаруулдаг болж байна. Иймд хуулийн оюутан таныг давуутай болгох хэд хэдэн зүйлийг тоочиж, бичлээ.

Блог хөтлөх: Блог хөтөлснөөр таны бичих, найруулах ур чадвар сайжраад зогсохгүй, үр дүнд нь та хэнд зориулж, ямар хэлбэрээр бичихээ хүртэл мэддэг болох юм. Мөн тодорхой нэг сэдвээр дагнан, бичиж сурснаар – судалгаа хийх, мэдээлэл хайх арга барилд суралцаж, өөрийнхөө бодол санаа, хуримтлуулсан мэдлэг мэдээллийг зөв хэлбэрээр илэрхийлэх буюу бичгийн хэлбэрт буулгаж сурах юм. Цаашлаад блог тань хүмүүст хүрч, уншигчид таны бичсэн сэдвийн доор ярьж, хэлэлцдэг болбол, таны хүнтэй харилцах ур чадвар, өөрийн аргументыг дэвшүүлж, түүнийг хамгаалах, нэгтгэн дүгнэх чадваруудад ихэд тустай болно – хуулийн фирмүүд эдгээр ур чадварыг ажил горилогчдоос хардаг гэдгийг санаарай.

Арга хэмжээнд оролцох: Нетворкин буюу шинэ хүмүүстэй харилцаа, холбоо тогтооход хэзээ ч эртдэхгүй. Арга хэмжээнд оролцсоноор та хуулийн фирмүүд хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг, ажлын байрны сонгон шалгаруулалтыг хэзээ, хэрхэн явуулах вэ зэрэг сонирхсон асуултуудаа асууж, мэдэх боломжтой. Мөн хуульч, өмгөөлөгч нартай танилцаж, өөрт хэрэгтэй зөвлөгөөг авч болно шүү дээ. Энэ төрлийн арга хэмжээг танай сургуулиас болон бусад төрийн бус байгууллага, хуулийн фирмүүдээс зохион байгуулах болно.

Нээлттэй өдөрлөг: Жилийн цөөн хэдэн өдрүүдэд зарим хууль зүйн фирм нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хуулийн оюутнуудад өөрсдийн үйл ажиллагаа, үнэт зүйлийг тайлбарлан, ажлын байрны орчныг танилцуулдаг. Үр дүнд нь хуулийн оюутнуудад тухайн хуулийн фирмд орж ажиллах сэдэл төрүүлээд зогсохгүй, нөгөө талаас ч гэсэн “зөв” хүнийг олж авах сонирхолтой байдаг.

Үнэгүй зөвлөгөө өгөх төв: Хууль зүйн сургуулийн дэргэдэх зөвлөгөө өгөх клиник төвд сайн дураар ажиллах нь таны хувьд практик туршлага хуримтлуулах сайхан арга. Тэнд хүмүүстэй биеэр уулзаж, хуулийн зөвлөгөө өгөх бөгөөд үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх, тулгарсан асуудалтай нь холбогдуулан зөв асуулт тавих чадварт суралцах болно. Үүнээс гадна хууль амьдралд хэрхэн үйлчилдэг, хүмүүст яаж нөлөөлдөг болохыг бодитоор харж ойлгон, хүмүүст туслаж байгаадаа өөрөөрөө бахархаж, сэтгэлийн таашаал ч эдэлж болох юм.

Мэтгэлцээн: Мэтгэлцээний тэмцээнд хэрэг маргааны нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох нь өмгөөлөгч хүнд заавал байх ёстой мэтгэлцэх чадварыг тань хөгжүүлэх бодитой туршлага болно. Хууль зүйн сургуулиуд болон төрийн бус байгууллагуудаас жил бүр энэ төрлийн тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Хуулийн оюутнуудын хувьд үүнд заавал оролцож, өөрийгөө сорьж байх хэрэгтэй юм шүү. Мөн асуудал шийдвэрлэх чадварт суралцаж, лекц болон семинар дээр сурсан зүйлсийг ил гаргаж турших боломж гэж харах хэрэгтэй.

Эх сурвалж: Lawbore.net

Comments