Сүүлийн үед гэрийн тэжээмэл нохой, муур, тэр бүү хэл адуу мал тарчлаан зовоож байгаа тухай видео бичлэгүүд сошиал ертөнцөөр тархах болсон нь нийгмийн шүүмжлэл дагуулах, амьтны эрхийг хөндөх шалтгаан болсон. Бид амьтны эрх гэхээр л барууны ертөнцөд хамаарах, биднээс хол зүйл мэт санадаг. Харин манай улсын хуулиудад амьтны эрхийг хамгаалах тухай тусгасан байдаг уу?
Монгол улсын хамгийн “том” буюу суурь хууль нь Үндсэн хууль бөгөөд түүгээр хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлнэ хэмээн тунхагласан. Мөн амьтантай холбогдох “Амьтны тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” гэсэн хуулиуд байдаг. Гэвч эдгээр хуулиар мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, үржүүлэх, нөөцийг нь зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан.
“Амьтны тухай” хуулинд, амьтныг дараах хэлбэрээр хамгаална гээд, тэдгээр нь амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, удмын сан, үр хөврөлийг хамгаалах гэжээ. Мөн дараах заалтыг тусгасан байна. “Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, агнуур хийх үйл ажиллагааг явуулахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн, энэрэнгүй ёсоор хандана”.
Олон улсад амьтны эрхийг хамгаалах “Universal Declaration on Animal Welfare” гэсэн баримт бичиг байна. 2000 онд амьтны эрхийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагууд нэгдэж, энэхүү тунхаглалыг санаачилсан бөгөөд зорилго нь амьтныг хэрцгий балмад болон тарчлаан зовоох үйлдлээс хамгаалах; гэрийн, фермийн, зэрлэг байгалийн амьтдыг хүмүүнлэг аргаар өсгөх, тэжээх, туршилтанд оруулах, үржүүлэх стандартыг бататгах шаардлагыг засгийн газруудад санал болгосон тунхагийн шинжтэй баримт бичиг ажээ. Мөн тус тунхаглалд амьтны эрх чөлөөг хангах дараах 5 эрх чөлөөг зааж өгсөн. Үүнд:
- “Өлсөж, цангахаас ангид байх эрх чөлөө”. Сайн эрүүл мэнд, идэвхийг нь дэмжихийн тулд ус болон хоол байнга өгч байна.
- “Таагүй байдлаас ангид байх эрх чөлөө”. Орон байр, унтах болон амрах газрыг оролцуулан амьдрах зохих орчинг бүрдүүлнэ.
- “Өвдөх, гэмтэх, өвчин зэргээс ангид байх эрх чөлөө”. Зохих арга хэмжээ буюу эрт оношлогоо, эмчилгээ хийх замаар бүрдүүлнэ.
- “Жам ёсны зан үйлийн эрх чөлөө”. Харгалзах таатай нөхцөл, хэрэгсэл бүхий байраар хангах, өөртэйгээ адил амьтадтай үерхэх нөхцөл бүрдүүлнэ.
- “Айдас, стрессээс ангид байх эрх чөлөө”. Ёс суртахууны зовлонд оруулахааргүй зохих ёсны нөхцөл, харилцааг бүрдүүлнэ.
Амьтны эрхийг хамгаалах үзүүлэлтээр ямар улс орнууд, ямар учраас тэргүүлж байгааг та дараах холбоосоор орж хараарай: https://www.worldanimalprotection.org/
Мэдээллийг бэлтгэсэн: DLN
Ашигласан эх сурвалж: Ganaa.mn
Comments