Хууль зүйн сургуульд шинээр элсэж орсон оюутнуудын хувьд шантрах, бэрхшээх зүйл багагүй тохиолддог. Энэ тохиолдолд та дотны найз нөхөд, багш нараас зөвлөгөө авч болох ч таны сэтгэлд бүрэн хүрэхгүй байх нь бий.
Тэгвэл энэхүү асуудлын шийдлийг танд бүрэн утгаар нь, онлайнаар буюу алсын зайнаас зөвлөж, “Амжилттай хуулийн оюутан” болоход тань туслах зорилготой The Law School Toolbox гэх веб сайтыг танилцуулж байна.
Тус веб сайтын түүх 2012 оноос эхтэй. Үүсгэн байгуулагчид нь Lee Burgess болон Alison Monahan нар бөгөөд тэд тухайн үед хоёулаа хуулийн сургуулиа амжилттай дүүргэчихээд, АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж, амьдраад удаагүй эмэгтэйчүүд байжээ.
Үүсгэн байгуулагчдын талаар товч мэдээлэл хүргэхэд, Lee Burgess хуульч гэр бүлд төрсөн бөгөөд багаасаа цайны ширээний ард суун, аав, ээжийнхээ хэрэглэж буй хуулийн этгээд үг хэллэгийг сонсож өссөн нь эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөхөөр Сан Францискогийн их сургуулийн Хуулийн сургуулийг улаан дипломтой төгсөж, хуульч болоход хүргэжээ. Харин Alison Monahan бол өөрийн гаргасан “гэнэтийн” шийдвэрээр Колумбын хуулийн сургуульд орж, 2006 онд амжилттай дүүргэн, холбооны тойргийн шүүхэд нарийн бичиг, Сан Франциско хотын хуулийн фирмд патентийн мэргэшсэн хуульчаар ажилласны эцэст The Girls’ Guide to Law School гэх өөрийн веб сайт дээр ажиллаж байсан.
Тэд анх санамсаргүй тохиолдлоор Твиттерээр танилцаж, холбогдсон ба 2 тал төд удалгүй өөрсдийгөө бараг нэг дор шахуу амьдардаг болохыг олж мэдсэн байна. Энэ талаар Alison дараах байдлаар өгүүлжээ.
Зүүн талаас Alison болон Lee |
Анх нэгэн кафед уулзалдаж байсан юм. Тэр үеэр бид өөрсдийн юу хийдэг талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан ба Lee өөрийгөө “Баарын шалгалтанд унасан нөхдүүдэд зөвлөгөө болоод давтан сургалт өгдөг” тухай ярьсан юм.
Тэгвэл сургалтанд нь суугаад баарын шалгалтыг амжилттай давсан гэх нөхдүүдэд тэр яг юу заадаг байсан юм бол? Түүний өгсөн прагматик хариулт надад сонирхолтой байлаа.
Гэхдээ үргэлжлүүлэн ярьсан дараагийн зүйл нь бүр сонирхолтой байв. Юу вэ гэхээр, тэрээр “Тэдгээр төгсөгчид миний зааж байсан зүйлсийг анх 1-р курсэд орохдоо мэддэг байхгүй яав, хэрэв бэлтгэлтэй байсан бол хуулийн сургуульд ороод сурахад хүртэл илүү дөхөм байж, илүү хүчин чармайлт гаргах ёстойг ухаарч, цаг мөнгөө ч хэмнээд, эхний оролдлогоор баарын шалгалтаа амжилттай өгч болох байж хэмээн халагладаг” гэсэн юм.
Яг энэ үед л миний толгойд нэгэн гэрэл асах нь тэр. Бид удалгүй түүний заах арга барил болон сургалтын агуулгын талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, хуулийн сургуульд орохоор бэлтгэж буй оюутнуудад цахим хуудсаар дамжуулан хэрэгцээт контент, зөвлөгөө, мэдээллийг бэлтгэж, хүргэхээр санал нэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар The Law School Toolbox цахим хуудас дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Хуулийн сургуульд орохоор төлөвлөж буй хүмүүст зориулсан мини-заавар, зөвлөгөөнүүдийг хэн бүхэн уншиж болохоор нийтэлж байна /үнэгүй/
- Хуулийн сургуульд суралцаж буй оюутнуудад зөв суралцах арга барилыг зааж, зөвлөсөн блогийг тогтмол хүргэж байна /үнэгүй/
- Хуулийн сургуульд орохоос эхлээд Баарын шалгалт өгөх хүртэл бүхий л сэдвийг хамарсан The Law School Toolbox нэртэй подкаст хийж байна /үнэгүй/
- Хуулийн оюутан курс харгалзахгүй, мөн баарын шалгалтанд бэлтгэж буй хүмүүст зориулсан “тусгай курсуудыг” ажиллуулж, мөн “ганцаарчилсан зөвлөгөөг” өгч, үйлчилж байна /төлбөртэй/
Өөрөөр хэлбэл, хуулийн оюутнуудад хэрэгцээтэй байж болох бүхий л заавар, туслалцааг агуулсан жижиг Wikipedia гэмээр. Тус веб сайт одоогийн байдлаар нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Миний зүгээс веб сайтын агуулга, дизайн, үйлчилгээнүүдийг нэгтгээд /төлбөртэй үйлчилгээг нь авч үзээгүй/ 5 онооноос 4,9 оноо өгмөөр байна. Учир нь “Хуулийн Сургууль”, “Хуулийн Оюутан” гэх 2-хон ойлголтын цаана ийм өргөн агуулга бүхий бид бүхний “заавал мэдэх ёстой онолын бус зүйлс” нуугдаж байдаг гэдгийг The Law School Toolbox сайтыг харах хүртлээ би мэддэггүй байсан юм.
Уншигч танд таалагддаг, бусдадаа сонирхуулах, дээрх төрлийн өөр гоё “Веб сайт” бий юу? Тийм бол Сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.