Би бол Киев хотын нэгэн завгүй хуулийн фирмийн эзэн. Жил бүр шинэ төгсөгчид ажил горилохоор манайд ирэх үед би тэдэнд “Юу мэддэгээ надад хэлэх хэрэггүй ээ, харин юу чаддагаа л харуул” гэж хэлдэг.Хэрэв та олон улсын хуулийн фирмд, эсвэл олон улсад салбартай томоохон корпорацийн хуулийн хэлтэст орж ажиллахаар төлөвлөж буй бол TOLES буюу Хууль зүйн англи хэлний TOEFL-ийн шалгалтын талаар мэдээлэлтэй байж, тэрхүү шалгалтыг заавал өгсөн байх хэрэгтэй болно.
– Киев дэх хуулийн фирмийн партнер
Тодруулбал, TOLES гэдэг нь Test of Legal English Skills гэсэн үгийн товчлол бөгөөд хуулийн сургуулийн оюутан болон хуульчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг, тэрэн дотроо унших, бичих, сонсох чадварыг нь үнэлж, баталгаажуулдаг олон улсын шалгалт юм. Тус шалгалтыг төрөлх англи хэлтэй бус хүмүүс өгдөг онцлогтой.
Анх 2000 онд Их Британи дахь хуулийн фирмүүд болон ажил олгогч хуульч нарын санал, санаачилгын дагуу TOLES үүссэн түүхтэй. Шалтгаан нь, компаниуд шинээр ажилтан авахдаа тэднийг ихэвчлэн ярилцлагын аргаар дүгнэж, шалгаруулдаг ба энэ тохиолдолд, ажил горилогчийн баримт бичиг боловсруулах, мэргэжлийн үг, өгүүлбэрийг зөв ашиглах, тэдгээрийг ойлгох зэрэг нарийн чадварууд бодитой үнэлэгддэггүй байж. Тэгвэл энэхүү асуудлын шийдэл нь TOLES байсан юм. Мөн TOLES шалгалтанд ярианы чадварыг шалгах хэсэг байдаггүй нь дээрхтэй холбоотой.
TOLES шалгалт нь Анхан, Дунд, Гүнзгий гэсэн 3 түвшинтэй.
Анхан түвшин нь хууль зүйн англи хэлийг эхлэн суралцагч нарт илүү тохиромжтой, тэдний унших, бичих чадварыг 90 минутын хугацаанд шалгадаг. Таныг Англи-Америкийн эрх зүйн тогтолцоог заавал мэддэг байхыг шаардахгүй, харин олон улсын эрх зүйд өргөн хэрэглэгддэг үгсийн сан; англи хэлний дүрмийн ерөнхий мэдлэгийг тань шалгах гол зорилготой. Авч болох дээд оноо нь 100.
Дунд түвшин нь анхан түвшнээс илүү ахисан түвшний хууль зүйн англи хэлний мэдлэгтэй суралцагч нарт зориулагдсан, тэдний унших, бичих, сонсох чадварыг 120 минутын хугацаанд шалгадаг. Энэ түвшинд таныг хуулийн кэйс, гэрээ, албан захидал дээр илүүтэй ажиллуулна. Мөн сонсох чадварыг шалгах хэсэг нэмэгдсэн тул та хуульч нар болон, хуульч-үйлчлүүлэгч хоорондын яриаг сонсож, тавигдсан асуултуудад хариулах хэрэгтэй болно. Авч болох дээд оноо 100.
Гүнзгий түвшин мэдээж ойлгомжтой, гадаадын аль нэгэн хуулийн фирмтэй олон сая доллараар хэмжигдэх ажлын гэрээг боловсруулж, байгуулах чадвартай түвшний хуульч нарт зориулагдсан, тэдний унших, бичих чадварыг 120 минутын хугацаанд шалгана. Энэ түвшинд шалгалт өгч буй хуульчийг унаган англи хэлтэй хуульчтай эн зэрэгцүүлэн авч үздэг. Голчлон гэрээний төсөл бичих чадвар, түүнд хэрэглэгдэх англи хэлний дүрэм, үгсийн санг шалгах зорилготой. Авч болох дээд оноо 500.
TOLES шалгалтыг Англи, Уэльсийн Хуулийн Нийгэмлэгийн Олон улсын хорооны гишүүд/хуульчдын эрхэлдэг Global Legal English компаниас боловсруулдаг. Иймд хэрэв та тус шалгалтыг өгөхөөр төлөвлөж буй бол Британи аялгатай англи хэл дээрх яриаг сонсож, дассан байх хэрэгтэй болно. 2017 оны хувьд Глобал Легал Инглиш ХХК-иас тус шалгалтыг албан ёсны салбар төвүүдээр дамжуулан 5 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Та ТОЛЕС шалгалтыг түвшин хамаарахгүйгээр хэдэн ч удаа өгч болох бөгөөд авсан оноондоо сэтгэл хангалуун байвал дараа нь дахин өгөх шаардлагагүй. Учир нь тэрхүү оноо тань насан туршид тань хүчинтэй байж байдаг байна.
Жишээ болгон http://www.toleslegal.com сайтаас тус шалгалтын Анхан түвшний жишиг материалыг энд оруулав.
Монгол улсад ТОЛЕС-ийн сургалт эрхлэх, шалгалт авах гэрээтэй албан ёсны 2 газар байна. Шаргалтсан линк дээр дарж, Фэйсбүүк хаягруу нь орно уу. Нэг нь The Academy of English төв. Холбогдох утас: 99108635, 99105652. Веб сайт http://www.theacademyofenglish.mnНөгөө нь Легас ХХК. Холбогдох утас: 11324587. Веб сайт http://www.legas.mn
Эх сурвалж: Toles Legal, Wikipedia

Comments