Танд ямар тохиолдолд хуульч, өмгөөлөгч хэрэгтэй вэ?


Хуульч, өмгөөлөгчийн туслалцаа зайлшгүй хэрэгцээтэй хууль зүйн асуудал олон бий. Үүнд жишээ нь, бусад этгээдээс танд гэм хор учруулах, ажлаас зүй бусаар халагдах, бизнес эхлүүлэх, гэмт хэрэгт буруутгагдах тохиолдлуудыг нэрлэж болох юм. Анзаарвал, хүмүүс асуудал өөрсдөд нь тулгарсны дараа хуульч, өмгөөлөгчид хандах нь элбэг. Гэвч нөгөө талаас, хуулийн асуудал урган гарахаас өмнө хуульчтай зөвлөлддөг байх юм бол ирээдүйд бий болох аливаа эрсдэлээс та урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалж чадах юм.

Хуульч, өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй зарим тохиолдлуудыг доор бичив.
  • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох маргаан
  • Гэр бүлийн асуудлууд болох гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваарилах, хүүхдийн асрамж, тэтгэлэг
  • Эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой асуудал
  • Ажлын байрны ялгаварлан гадуурхалт, ажил олгогчтой холбоотой харилцаа
  • Компани үүсгэх, нийлүүлэх, нэгтгэх гэх мэт асуудал
  • Өв залгамжлалтай холбоотой харилцаа
  • Татвар, даатгалын асуудал
  • Баривчлагдах, байцаалт өгөхтэй холбоотой эрүү, зөрчлийн асуудлууд
Хуульч, өмгөөлөгчид хандах үед, тэрээр танд тулгарсан хуулийн асуудалд юун түрүүнд дүн шинжилгээ хийж, анхан шатны зохих зөвлөгөөг өгөх, шаардлагатай тохиолдолд зайлшгүй хийгдэх ёстой арга хэмжээний талаар тайлбарлах болно. Хэрэв зөвлөгөө ёсоор таны талд гарах эцсийн шийдвэр, үр дүн танаас гарах зардлыг давахааргүй байвал цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Үгүй гэвэл, хуульч, өмгөөлөгч таны асуудалд дүгнэлт өгч, танд байгаа сонголт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг шат дарааллаар нь тайлбарлаж, хууль судлах, гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, тусгай мэргэжлийн эксперттэй зөвлөлдөх, өмгөөллийн стратеги боловсруулах, шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргах, эсрэг талын оролцогчтой зөвшилцөх гээд таны эрх, ашгийг хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эхлэх юм.

Дээр дурдсан бүхий л тохиолдолд мэргэшсэн хуульч, өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй болохыг санаарай. Магадгүй бусад бага хэмжээний асуудлуудад та шүүхэд өөрийгөө өмгөөлөх боломжтой. Гэхдээ энэ талаараа таныг хуульч, өмгөөлөгчөөс анхан шатны зөвлөгөө авч байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Findlaw

Comments