Тодруулбал, хуулийн зөвлөгөө, хуулийн мэдээлэл гэсэн 2 тусдаа ухагдахуун бий. Гэвч хоорондын зааг ялгаа нь иргэдэд тийм ч тодорхой бус. Гэхдээ товчхон тайлбарлах гэж оролдвол, хуулийн зөвлөгөөг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуульч, өмгөөлөгч нар өгөх бол, хуулийн мэдээллийг бусад сонирхогч этгээдүүд өгөх боломжтой. Хэрэв хуульч бус этгээд хуульчийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг. Мөн хуулийн зөвлөгөө нь хуульч, өмгөөлөгчдөөс хянамгай байж, ул суурьтай бодож гаргасан хууль зүйн дүгнэлт байдаг бол хуулийн мэдээлэл нь хувь хүмүүсийн бодол, эргэцүүлэл байдаг. Тэгэхээр хуулийн зөвлөгөө, хуулийн мэдээллийн ялгааг өшөө жаахан дэлгэрүүлэх гээд оролдоё.
Хэрэв танд хуулийн ямар нэгэн асуудал, бэрхшээл тулгараад, түүн дээр хуульчийн зөвлөгөө албан ёсоор хэрэгтэй болсон бол юун түрүүнд хуульч та хоёрын хооронд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдах ёстой болдог. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдсаны үндсэн дээр хуульч/өмгөөлөгч – түүний үйлчлүүлэгч хооронд тэрхүү асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд эрх, үүрэг үүсч, хожим хариуцлагын асуудал яригдах боломжтой. Хуулийн зөвлөгөө нь дараах онцлогтой байна. Үүнд:
- Эрх зүйн онол, хуулийн мэдлэг, чадвар шаарддаг
- Хэргийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан эрх зүйн тусгай мэргэшил шаарддаг
- Хэн нэгний эрх зүйн байдалд эерэг болон сөргөөр нөлөөлдөг
- Зөвлөгөө өгөгч этгээдийн өмнө эрх, үүргийг үүсгэдэг
Хуулийн зөвлөгөө нь хуулийн мэдээллээс ялгаатай нь түүнийг хүлээн авагч этгээдийг шаардлагатай ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийхийг санал болгодог буюу өөрөөр хэлбэл, хэн нэгэнд аливааг хэрхэн хийх вэ гэдгийг хэлэхээс илүү юу хийхийг нь шууд байдлаар зааж өгдөг болно. Жишээ нь:
- Хуулийн баримт бичиг, гэрээг боловсруулах, засварлах, дүгнэлт гаргах
- Хуулийн байгууллага, шүүхийн өмнө хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх
- Төлөөллөөр эрх зүйн харилцаанд оролцох
- Аливаа шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг тооцоолох
Хуулийн зөвлөгөө тодорхой, шууд заасан, ямар нэгэн үйлдэл хийхийг санал болгосон шинжтэй байдаг бол хуулийн мэдээлэл нь ерөнхий, баталгаагүй, үйлдэл хийхийг шаарддаггүйгээрээ ялгаатай. Хүмүүс хуулийн зөвлөгөө, мэдээллийг голдуу сонин, веб сайтаар дамжуулан авах гэдэг тул нөгөө талаас тухайн нийтлэгдсэн мэдээлэл нь хуулийн зөвлөгөө биш гэдгийг ойлгуулахдаа “мэдээлэл, зөвлөмжийг ашигласнаас гарах аливаа үр дагаврыг бид хариуцахгүй” хэмээн анхааруулах нь бий. Учир нь үйлчлүүлэгч-хуульч/өмгөөлөгч хоорондын харилцаа зөвхөн бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр үүсдэг тухай дээр дурдсан билээ.
Хуулийн мэдээлэл нь дараах онцлогтой байна. Үүнд:
- Хуулийн мэдээлэл нь сонин сэтгүүл, сошиал сүлжээ, веб сайтуудаас олдох боломжтой байдаг
- Таны гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсадаас зөвлөгөө хэлбэрээр ирдэг
- Шүүх, ТББ, хуулийн фирмүүдээс гаргасан танилцуулга, гарын авлага дээр нийтлэгдсэн байдаг
Хэрэв та Google хайлтаас “Компани хэрхэн байгуулах вэ?” хэмээн бичвэл, хангалттай тооны мэдээлэл гарч ирэх ба тэдгээр нь хуулийн зөвлөгөө биш хуулийн мэдээлэл гэсэн үг юм.
Эцэст нь хэлэхэд, танд тулгарсан хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан, хуулийн зөвлөгөө болон мэдээллийн аль аль нь тустай байж болно. Харин эрүүгийн гэмт хэрэг, бусад төрлийн маргаанд холбогдсон, эсвэл хариуцлагад татагдсан ихэнх тохиолдолд танд өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй буюу өмгөөлөгчид хандаж байхыг зөвлөж байна.
Comments