Таны Фэйсбүүк пост хэний өмч вэ?


Фэйсбүүк хэрэглэгчид өөрсдийнх нь оруулсан текст, зураг, видео хэлбэрийн постууд тэдний мэдлийнх хэмээн боддог. Ер нь бид энэ талаар нээх нухацтай бодож үздэггүй болов уу. Гэхдээ үүнийг хууль зүйн талаас нь харвал, арай өөр дүр зураг харагдах аж.

Фэйсбүүкийн Үйлчилгээний нөхцлийг харвал, “Хэрэглэгч өөрийн нийтлэсэн бүх мэдээлэл, контентийг өмчилнө” гэсэн байгаа. Гэвч энэ нь маш хязгаарлагдмал. Энэ тухай Фэйсбүүкийн “Нууцлалын бодлого” хэмээх баримт бичигт тусгагдсан.

Хэрэв та “public” буюу “олон нийт” тохиргоогоор аливаа мэдээллийг нийтлэсэн бол тэр зөвхөн таных бус “бусдын хоол” болох боломжтой. Жишээ нь public тохиргоогоор өвөрмөц хоолны жор бичиж орууллаа гэж бодоход, түүнийг цааш нь хэн нэгэн алдартай тогооч, ресторан авч ашиглах боломжтой. Харин таны тухайд жор ашиглуулснаас авах роялти буюу татвар, хувь хүртэх эрхгүй болно гэсэн үг. Дээр нь хоолны жорыг зохиогчийн эрх, патентаар хамгаалахад төвөгтэй байх нь бий.

Харин дээрх асуудал зураг, видеон дээр арай өөрөөр яригдана. Гэхдээ та Фэйсбүүкийг тэдний гаргасан Үйлчилгээний нөхцөл дор ашиглах тул, зураг болон видеогоо “онцгой эрх агуулаагүй, бусдад дамжуулагдаж болох, үнэгүй ашиглагдах” боломжтой байхаар анхнаас нь тооцож, нийтлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Фэйсбүүк таны нийтлэсэн зураг, видеог төлбөргүйгээр ашиглаж болно, энэхүү эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой юм. Шаардлагатай тохиолдолд Фэйсбүүк компанийг шүүхэд өгч болох боловч тэдний урьдчилан тавьсан нөхцлийг та өөрөө хүлээн зөвшөөрсөн болохоо санах хэрэгтэй.

Дээр дурдсан нөхцөл байдлууд таны хувьд ашиггүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл, үүнээс татгалзах арга нь Фэйсбүүк үйлчилгээгээ салгах буюу бүр мөсөн хаах явдал юм.

Тэгэхээр Фэйсбүүк дээрх пост таны өмч гэж байгаа боловч, түүнийг хэн нэгэн этгээд цааш түгээсэн, ашигласнаас гарах эерэг/сөрөг үр дагаврыг өөрийн хяналтанд байлгах нь маш хязгаарлагдмал түвшинд байх нь байна.

Comments