Монголчууд бидний хувьд Америкийн хуулийн оюутнууд их сургуулиа төгсөөд “Баарын шалгалт” өгдөг тухай, тэр нь манайхны “Хуульчдын сонгон шалгаруулах шалгалт”-тай төсөөтэй болохыг аль хэдийнээ мэдэх болсон бизээ. Нэгдсэн улсад Муж улс бүр “Баарын шалгалт” зохион байгуулдаг. Аль нэг мужид дээрх шалгалтыг давсан бол тухайн муждаа л хууль эрх зүйн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Техасын Баарын шалгалт давсан хүн Индианад өмгөөлөл хийх эрхгүй. Хэрвээ Индианад хууль эрх зүйн ажил эрхлэхийг хүсвэл тухайн мужийн шалгалтыг давсан байхыг шаарддаг. Мэдээж эрдэм шинжилгээ судалгааны тухайд бол ийм хязгаар байхгүй.
Олон улсын оюутнууд хуулийн сургуулиа төгссөний дараа Нью-Йоркийн “Баарын шалгалт” өгдөг. Зөвхөн тэнд шалгалт өгснөөр олон мужид хууль зүйн ажил эрхлэх боломж нээгддэг. “Баарын шалгалт” нь хуульчдын эрх зүйн боловсролыг практик орчинд үйл ажиллагаа явуулахад нийцсэн эсэхийг тогтооно. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн хүү, 1999 он болтол амьдарч байсан бага Кеннеди өөрийн муждаа гурвантаа өгч байж Баарын шалгалтыг давьж байсан түүх байдаг. Энэ жишээнээс алдар хүндтэй болоод баян чинээлэг хэний ч өмнө хуульчийн сонгон шалгаруулалт зөвхөн шударга өрсөлдөөний дүрмийг л санал болгодог болохыг харж болно. Нэгдсэн Улсад хуулийн сургууль төгсөгчдийн давбал зохих хамгийн том даваа болох “Баарын шалгалт” нь Америкийн Баарын Холбооноос (American Bar Association) зохион байгуулагддаг. Тус Холбоо 1878 оны Наймдугаар сарын 21-нд байгуулагдсан бөгөөд өдгөө 410,000 гишүүдтэй үндэсний хэмжээний байгууллага юм. Тус холбооноос Америкийн хууль зүйн боловсролын шалгуур тогтоож, хуульчдын ёс зүйн дүрмүүдийг баталдаг. Анх 1969 онд “Хуульчдын мэргэжлийн хариуцлагын дүрэм”-ийг баталсан бөгөөд 1983 онд шинэчлэн баталсан нь өдгөө Нэгдсэн Улс даяар Калифорниагаас бусад 49 мужид мөрдөгдөж байна. Калифорнийн засаглал дээрх дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдний хуульчдад тавих ёс зүйн шалгуур нь ерөнхийдөө ойролцоо жишигтэй юм билээ.
Шалгалт АНУ-ын 48 мужид долдугаар сар, хоёрдугаар саруудын сүүлийн лхагва гарагуудад жилд хоёр удаа зохиогддог. Харин Delaware, North Dakota зэрэг хоёр мужид жилд ганцхан удаа долдугаар сард зохиогддог байна.
Шалгалт ерөнхийдөө хоёр өдрийн турш үргэлжилж нийтийн эрх зүйн тогтолцоо, үндсэн хууль, гэрээ, нотлох баримтын эрх зүй гээд эрх зүйч мэргэжлийн бүх стандартыг хангасан байх шалгуурын бүхий л төрлөөр хуульчдыг сорьж “шүүсийг нь шахдаг”. Зөвхөн Louisiana муж шалгалтаа гурван өдрийн турш зохион байгуулдаг. Нэг дэх өдөр, гурав дахь өдөр, тав дахь өдөр тус бүрдээ бүтэн 7 цаг, нийтдээ 21 цагийн турш хамгийн урт шалгалт нь үргэлжилдэг муж юм. Ер нь Louisiana муж Нэгдсэн Улсын бусад 49 мужаасаа өвөрмөц онцлогтой. Энэ муж шүүхийн прецедент болох өмнө шийдэгдсэн төсөөтэй хэргийн шийдвэрийг удирдамж болгон шүүхийн практиктаа хэрэглэдэггүй өвөрмөц системтэй. АНУ-ын 49 муж Англо-саксоны тогтолцоотой бол ганцхан Луйзиана муж л Ром-германы тогтолцоо бүхий зөвхөн хууль тогтоомж ашиглаж кейсийн шийдлийг тогтоодог. Та санаж байгаа бол Леонардо Де Каприогийн тоглосон “Catch Me If You Can” буюу “Чадвал намайг бариарай” гэдэг тун сонирхолтой кино байдаг даа. Тэр киноны гол дүр болох Абэгнэйл хүү эхлээд нисгэгч, дараа нь эмч, тэгээд хуульч болж хувирдаг. Тэр бүрийдээ хуурамч чек хийж хэдэн сая долларын “залилан” үйлддэг. Тэрээр хуульч болохдоо Луйзиана мужийн Баарын шалгалтыг төвөггүй давж мөрдөгч “Том Хэнкс” түүнээс Луйзианагийн Баарын шалгалтыг хэрхэн давсан тухай киноны турш хэд хэд асуудаг. Чухамдаа Абэгнэйл нь бодит хүн бөгөөд хамгийн нүсэр шалгалтыг 14-хөн хоног бэлдээд давсны учир нь түүнд хэдэн зуун кейс унших шаардлага байгаагүй, ердөө батлагдсан хуулиудын хүрээнд шалгалтандаа бэлтгээд тийнхүү амжилттай давах бололцоо байсан байна. Нэг талаас сод ухаан, нөгөө талаас тус мужийн эрх зүйн тогтолцоо ийм боломж олгожээ.
Эх сурвалж: Д.Эрдэнэболд "Veritas буюу Америкийн хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл"
Comments