Подкаст гэж юу вэ?


Хуулийн сургуульд цаг бол алт. Олон оюутнууд өөрсдийн сонирхсон подкастыг интернэтээс хайж олоод сонсож байдаг нь шинэ зүйл сурах, мөн өмнө үзсэн хичээлээ эргэн санах зэрэгт ач холбогдолтой. Подкаст гэдэг нь товчхондоо компьютерт бичигдсэн аудио файл. Өөрөөр хэлбэл хүний ярьж буй яриаг микрофоноор эсвэл диктафоноор бичээд хадгалсан зүйл. Тэр нь тухайн хүнд, бусад олонд гол нь хэрэгтэй зүйл байх ёстой. Танд mp3 тоглуулагч байхад л хангалттай юм.

Хаанаас олж авах вэ? Миний мэдэхээр хамгийн том сан iTunes store дээр байгаа. Түүнийг хэрэглэхийн тулд танд Apple бүтээгдэхүүн эсвэл компьютер дээр тань тус нэртэй програм байх шаардлагатай.

Подкастууд дийлэнх хувь нь сонсох болон татаж авахад үнэгүй байдаг. Хууль, эрх зүйн холбогдолтой яриа, илтгэл, лекцийг сонсох бол Америкийн хуулийн сургуулиудын сан тус бүр рүү орж хараарай. Эсвэл хайлтын хэсгээс хүссэн түлхүүр үгээ оруулан дан ганц подкаст гэлгүй тусгай апп татаж авах боломжтой.

Өнөөдөр англи хэлтэй бол бидэнд бүх зүйл нээлттэй байна. Интернэт ашиглаад Харвард, Йелийн их сургуулиудын хууль зүйн профессорын лекц, хичээлийг чөлөөтэй, үнэгүй сонсож болно. Харин Монгол хэл дээрх энэ мэт эх сурвалжууд маш хомс буюу бараг байхгүй байна. Нэг зүйл, миний блогт Цагдаагийн академийн ИЭЗ тэнхимээс өмнө нь гаргаж байсан Төр, эрх зүйн онолын хичээлийн подкаст бий.

Comments