“Хуулийн Сургуулийн Элсэлтийн Хороо” буюу “Law School Admission Council” (LSAC) хэмээх байгууллага хуулийн сургуульд элсэх хүсэлтэй оюутнуудаас “Law School Admission Test” буюу “Хуулийн Сургуулийн Элсэлтийн Шалгалт”-ыг жилд дөрвөн удаа авдаг байна. 6, 10, 12, 2 дугаар саруудад зохиогддог энэхүү шалгалт нь элсэгчдийн унших чадвар, логик хийгээд үг зүйн чадварыг голчлон сорьдог бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд л гэхэд АНУ-ын хэмжээнд 142,331 хүн дээрх шалгалтыг өгсөн байна. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 1.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Шалгалт тус бүр нь 35 минут үргэлжлэх олон сонголтот хариулт бүхий таван хэсгээс бүрдэх буюу түүнээс гадна 35 минут үргэлжлэх бичлэгийн чадвар сорих хэсэгтэй.
Мэдээж олон сонголтот шалгалтыг шударга зохион байгуулах талаар сайтар бэлтгэсэн өрөө танхимд, өндөр хяналтын дор зохиодог. Шалгалт нь дотроо логикийн сорилт, унших чадварын сорилт, аналитик сорилт, оноо өгөгддөггүй хэсэг, бичгийн хэсэг зэрэг үндсэн бүтэцтэй. Ихэнх хуулийн сургуулийн жишгийг харахад голдуу Америк оюутнаас дээрх шалгалтыг авдаг бөгөөд гадаад оюутнуудаас тэр бүр шаарддаггүйгээрээ онцлогтой.
Эх сурвалж: Д.Эрдэнэболд "Veritas буюу Америкийн хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл"
Comments