- Та хуулийн сургуулиа төгссөн ч юуг ч мэдэхгүй. Хуулийн сургуульд хуулийг практикт хэрхэн хэрэглэх талаар заадаггүй. Мөн ажил дээр гараад хуулийн сургуульд хийж гүйцэтгэж байгаагүй ажил үүргүүдийг биелүүлэх шаардлагатай болдог. 2-3 жил ажиллаж мэдлэг, чадвар хуримтлуулсны дараагаар л сэтгэлийн зовнил тань арилж, мэргэжлээрээ ажиллаж чадна гэсэн бат итгэлийг олж авах болно.
- Та шүүх танхимд их цаг үрэхгүй. Магадгүй та шүүх хурлын танхимд орж үзээгүй байх. Бодит амьдрал дээр хуульчаар ажиллах нь кинонд гардгаас нэлээд ялгаатай. Өөрөөр хэлбэл, тэд 7 хоног бүр шүүх хурлын танхимд очиж, шүүх бүрэлдэхүүний өмнө гайхалтай сайхан илтгэл тавиад байдаггүй аж.
- Хуульч болно гэдэг нь зохиолч/бичээч болно гэсэн үг. Мэргэшлээсээ хамаараад зарим хуульчид бусдаасаа илүү бичих хэрэгтэй болдог. Би нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалдаг хуульчийн хувьд орой бүр сууж, нэхэмжлэлийн шаардлага бичдэг. Цаашлаад ямар ч чиглэлийн хуульч бай өдөр бүр албан бичиг, тэмдэглэл, гэрээ, захидал, имэйл бичих хэрэгцээ шаардлагатай тулгарна. Иймд бичих чадвараа эртнээс сайжруулаарай. Үр дүнтэй, ойлгомжтой харилцааг бий болгож чаддаг байх нь ажлын хамгийн чухал хэсэг юм.
- Та өөрийнхөө зан байдалд тохирсон мэргэшлийн салбарыг сонгохгүй бол ажлаасаа уйдах болно. Миний бие бизнесийн болон эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн. Учир нь ийм төрлийн хэрэг маргаанд би өөрийгөө үргэлж шинээр сорих шаардлагатай тулгардаг, мөн хамгийн гол нь шүүхийн шийдвэр үйлчлүүлэгчийн талд гарах бүрийд надад баяр баясгаланг авчирдаг юм. Хэрэв таны сонирхол нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэдэг байгаад экологийн эрх зүйгээр бус дампуурлын эрх зүйгээр дагнавал тэр ажлаасаа их л уйдах байх.
- Танд эцсийн хариулт үргэлж олдохгүй. Аливаа хуулийн асуудлууд цогцолбор шинжтэй бөгөөд шийдэл нь тэр бүр шулуун дардан замаар олдоод байдаггүй. Магадгүй зөв хариултыг олоход дүн шинжилгээ, судалгаа хийх, харилцан ярилцах, юмыг олон талаас эргэцүүлж бодох, мөн шийдвэр гаргах чадвар маш их шаардлагатай.
- Та тэмдэглэл зайлшгүй хөтөлнө. Таны санах ой алдаа гаргахгүй байна гэж байхгүй. Би хуулийн сургуульд оюутан байхдаа тэр бүр тэмдэглэл хөтөлдөггүй байсан бол хуульч болоод 5 минутын хурал, өдрийн турш үргэлжлэх уулзалт гээд ямар ч үед тэмдэглэл хөтлөх болсон. Учир нь эргээд тэрхүү асуудал дээр ажиллах болоход би тухайн үед яригдсан үйл явдал бүрийг нарийн санаж чадахгүй шүү дээ. Мөн дээрх асуудлууд хэдэн сар, жилийн дараа ч эргэн сөхөгдөж болох тул тэр үеэр бид бичсэн тэмдэглэлээ уншиж, үйл явдлыг сэргээх хэрэгтэй болдог.
- Таны өдөр тутмын үйл ажиллагаанд хуанли, хийх зүйлсийн жагсаалт хэрэгтэй. Ажлын тухайлсан нэг өдөр та яг юу юу хийх ёстойгоо бүгдийг нь санахгүй. Иймд ямар ажлыг хэзээ гүйцэтгэж, дуусгах ёстой билээ, хэнтэй хэзээ уулзах, хэнрүү утас цохих билээ гээд бүгдийг нь өөрийн хуанли дээр урьдчилан тэмдэглэж, өдөр бүр хийх зүйлсийн жагсаалт хөтөлдөг байгаарай.
- Өөртөө анхаарал хандуулах ёстойг мартаж болохгүй. Ажлынхаа ширээн дээр зүрхний шигдээсээр явах гээгүй л юм бол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай нойр авах, эрүүл хүнс хэрэглэх зэрэг зөв амьдралын хэвшилд суралцах хэрэгтэй. Амралтаа цаг хугацаанд нь авч бай – таныг байхгүй боллоо гээд дэлхий сүйрчихгүй шүү дээ.
- Хувцасны шүүгээгээ албаны хувцсаар дүүрэн байхаар тооцоол. Ажлын байранд ажилтан ямар хувцас өмсөх нь тухайн байгууллагын соёлоос хамаарах ч хэдий танд чөлөөт хувцас өмсөх сонголт байсан ч гэлээ үдэшлэг, цэнгүүнд орохоор төлөвлөж буй мэтээр хувцаслаж болохгүй. Эмэгтэйчүүдэд хувцасны асуудал хүнд тусдаг. Миний хувьд хэдэн жилийн турш ажил дээр өмсөх хувцсаа нэг нэгээр нь цуглуулсаар, өдгөө хувцасны шүүгээгээ нээн харвал дан хар, саарал өнгийн хувцастай болсон байна. Ийм өнгийн хувцас ажлын байранд болон гадуур явахад хоорондоо гойд сайн зохицохоос гадна өглөө бүр чухам ямар хувцас өмсөх тухай бодож, цаг гарздаад байхгүй сайн талтай байдаг.
- Та олон цагийг ганцаараа өнгөрөөх болно. Зарим үед би өөрийгөө телевизийн шоуны хөтлөгч хийж байгаагаар төсөөлдөг. ТВ шоунд дуртайдаа, эсвэл зурагтаар гарах гэсэндээ биш, зүгээр л өдөр бүр шинэ хүмүүстэй уулзаж, арга хэмжээнд оролцдог бол гоё байх даа хэмээн бодсондоо ийнхүү төсөөлдөг. Учир нь би хуульчийн ажлынхаа дийлэнх цагийг оффис дээр сууж, компьютер ширтэн, хавтаст хэрэг уншиж, тэмдэглэл, бичвэр бичиж өнгөрөөдөг юм л даа.
- 24/7 цагийн турш бэлэн байдалд байна. Хуульчдын ажил цаг наргүй бөгөөд үйлчлүүлэгчид таны анхаарлыг татах асуудал амралтын өдөр, баяр ёслолын өдрүүдээс үл хамааран хэзээ ч гарч ирж болно. Гэвч мэдээллийн технологид талархъя. Дээрх тохиолдолд та хаана байгаагаас үл хамаарч, боломжит богино хугацаанд үйлчлүүлэгчтэйгээ холбогдон харилцаж, зайнаас ажиллах боломжтой болсон шүү дээ. Ажилдаа туршлагажих тусам ямар асуудлыг хэдийд шийдэж болох тухай хооронд нь ялгаж, салгадаг болох ч та ямар ч тохиолдолд, түр хугацаанд ч болов хуульчийн ажлаа орхин, амар тайван явж болохгүй юм.
- Та баян болохгүй. Дахин хэлэхэд, Холливүүдийн кино тэр бүр бодит байдлыг дүрсэлдэггүй. Мэдээж хэрэг тодорхой тооны сайн явж байгаа /баян/ хуульчид бий боловч тэд хуульч мэргэжлийн зөвхөн оройд нь байгаа хүмүүс гэдгийг санаарай. Гэвч ихэнх хуульчид дундаж давхаргынхнаас арай илүү орлоготой байдаг. Мөн хуулийн сургуулийн төлбөр өндөр бөгөөд хэрэв та өр зээлэнд хутгалдахыг хүсэхгүй л бол, үнэхээр хуульчаар ажиллахыг хүсээгүй л бол хуульч болох гэсний хэрэггүй.
- Ичингүйрэх хэрэг байхгүй. Хэн нэгний хаалгыг тогшоод, түүнд тулгарсан, таны сонирхлыг татсан хуулийн асуудал дээр зөвлөж, ажиллах хүсэлтээ илэрхийлэх, эсвэл ажиллаж байгаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд тустай гэрчийн этгээдээс шүүхэд мэдүүлэг өгөх талаар гуйх, бүр эсвэл хүмүүст ирээдүйд тулгарах хуулийн асуудал дээр нь та өөрийгөө хэрхэн сайн ажиллах талаар илэрхийлэх нь байдаг л нэг зүйл. Хэрэв та өөрөө өөрийнхөө төлөө явахгүй юм бол та хүссэн үр дүндээ хүрэхгүй шүү дээ.
Эх сурвалж: Amanda Devereux, Cosmopolitan
Comments