Миллениал хуульчдад зориулсан “мэргэжлийн ур чадвартай байхад туслах“ 20 зөвлөгөө


Намайг “Professionalism Tips for Young Attorneys” нэртэй нийтлэл бичсэнээс хойш хүмүүс Professionalism хэмээх үгийн утгыг асуух нь ихэссэн юм. Энэ нь Professional буюу Мэргэжлийн байх гэсэн үндсэн утгыг агуулахаас гадна дараах нэмэгдэл утгыг агуулсан байдаг. Professionalism нь хуульч гэсэн мэргэжилтэй холбогдохоороо, ур чадвартай байх, үр нөлөөтэй ажилладаг байх, үйлчлүүлэгч болон шударга ёсны тогтолцоог хамгаалдаг байх гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн Professionalism биднээс хуульчийн үүрэг ролийг “хууль зүйн тогтолцооны түшмэл, өмгөөлөгч, зөвлөгч, хэлэлцээр хийгч, асуудал шийдвэрлэгч” гэсэн өргөн хүрээнд ойлгохыг шаардахаас гадна энэ нь харилцан хүндэтгэл, боловсон харилцаа, мэргэжлийн туршлагатай холбогдож, хуульчийн амьдрал тэр чигтээ суралцах үйл явц болох тухай утгыг агуулдаг.

Ажлын шаардлагаар хот, мужуудаар аялах явцад professionalism буюу мэргэжлийн ур чадварын тухай зөвлөгөө асуух гэсэн залуу хуульчидтай олон удаа таарч байв. Тэдний асуултууд дараах нэг утгыг илэрхийлдэг, “Ажлын байран дээр хэрхэн ‘тогтсон нэг хэв маягтайгаар байх биш’, ‘шинэ хуульч шиг’ биеэ авч явах вэ?” гэж. Тиймээс хуульчаар ажиллах хугацаандаа хэрхэн энэ салбарт амжилт олж болох вэ, зарим башир арга, туршлагыг хуримтлуулсан хүний хувьд “мэргэжлийн ур чадвартай байхад туслах” дараах 20 зөвлөгөөг санал болгож байна.
  1. Та шинэ хүн гэдгээ санаж бай. Миллениалуудын үндсэн шинж тэмдэг нь тэд багаар хамтран ажиллах сонирхолтой бөгөөд өөрийн хэлэх үг, хийх үйлдлээ хэдийд ч хэлэх, хийхэд бэлэн байдаг нь өмнөх үеийн зарим хуульчдад үл хүндэтгэл мэт харагдах талтай. Ахмад хуульчдын хувьд тэднийг анхааралтай сонсох нь өөрсдийг нь хүндэтгэж буйн илрэл гэж үздэг.
  2. Эхлээд сонс. Өмгөөлөгчийн ажлын онцлог нь хүмүүстэй их ярилцдаг. Иймд шинэ хуульчийн хувьд ахлах хуульчийн юу хэлж буйг сонсох нь маш чухал. Энэ нь мөн өөртэй тань ярилцаж буй нөгөө хүнээ хүндэтгэж буйн илрэл бөгөөд бусдыг сонсох нь цаашдын ажил хэргийг тань бүтэмжтэй байлгахад чухал нөлөөтэй ур чадвар гэж ойлгож болно. 
  3. Авахыг нь аваад, хаяхыг нь хая. Хүмүүс аливаа шүүмжлэлд эмзэг хандах нь бий. Шинэ хуульчийн хувьд мэргэжил нэгт нөхдөөс ирэх шүүмжийг эерэгээр хүлээн авч, шаардлагатай тохиолдолд ажиллах арга барил эсвэл хандлагаа өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Таны энэхүү үйлдэл бусдын хүндэтгэлийг хүлээж, таныг насанд хүрсэн хүн болохыг батлан харуулна.
  4. Өөртөө итгэлтэй байхаас хямсгар байх хэрэггүй. Компаниуд өөрийн гэсэн бодолтой, урам зоригтой, хийсэн ажилдаа эзэн нь байх чадвартай нэгнийг ажилд авахыг илүүд үздэг. Иймд өөртөө итгэлтэй хуульч байх уу эсвэл хямсгар, дээрэлхүү хуульч байх уу гэдэг зааг ялгааг ялгаж, салгаж ойлгох нь нэн чухал. Өөртөө итгэлтэй байна гээд бусдыг үл тоосон, биеэ тоосон хүн шиг байж болохгүй л гэсэн санаа.
  5. 3 удаа үг, үсгийн болон дүрмийн алдаагаа хяна. Үг үсгийн болон утга найруулгын алдаатай бичвэр бичиж болохгүй. Иймээс хэвлэж гаргахаасаа өмнө нэг унш, хэвлэж гаргаад нэг унш, бусдад танилцуулахаасаа өмнө дахин нэг уншиж, шалгаарай.
  6. Өмсөх хувцсандаа анхаар. Та ажлын байрны орчинд, тэр тусмаа ажлын эхний өдөр хувцаслалтын тал дээр алдаа гаргаж болохгүй. Хуульч нар мөн энэ тал дээр бусдаас юуг нь анхаарч байна вэ гэдгийг ажигла. Бас ийм үг байдаг шүү дээ, “Ажилдаа тааруулж биш, харин хүсч буй ажилдаа тааруулж хувцасла” гэж. Хэрэв та партнер болно гэж боддог л бол партнер шиг хувцаслаарай.
  7. Хувийн хэрэглээгээ хязгаарла. Ажлын цаг болон цагаар хэмжигдэх ажлууд тань таны ажилладаг хуулийн фирм болон үйлчлүүлэгч нарт хамаатай. Иймд эдгээр цагийг хувийн блог хөтлөх, сошиал сайтаар хэсэх гэх мэт байдлаар үр дүнгүй зарцуулж болохгүй. Мөн ажил олгогчоос ажилтны компьютер дээрх хувийн хэрэглээг хянах эрх нээлттэй байдаг болохыг санаарай.
  8. Бусдыг мэддэг бай. Мөн байгууллагын дотоод дүрэм, журмыг ч мэддэг байх хэрэгтэй. Ахлах партнерууд хэргийн гол, чухал фактуудыг богино хугацаанд мэдэхийг хүсдэг бол, түүнээс бага албан тушаалтнууд тайлангаас тань илүү дэлгэрэнгүй, нарийн мэдээлэл шаардах нь бий. Өөрөөр хэлбэл, хэнд дүгнэлт, тайлан танилцуулж байна вэ гэдгээ мэддэг бай, мөн тэд танаас юу шаардаж болохыг урьдчилан мэддэг байгаарай.
  9. Аливаад алгуурлалгүй, хүндэтгэлтэй хариул. Жишээ нь та дуут шууданд хариулахдаа имэйл илгээх хэрэггүй, имэйлийн хариуг утсаар өгөх хэрэггүй. Мөн партнер эсвэл үйлчлүүлэгч тань л хүсээгүй бол ажил хэргийн харилцаанд мессэжээр харилцах нь зохимжгүй болохыг санаарай.
  10. Байгууллагын соёлд хувь нэмрээ оруул. Бүхий л байгууллага, хуулийн фирмүүд өөрийн гэсэн тогтсон соёлтой байдаг. Эхний саруудад та бусдыг сонсож, ажиглаж, тухайн соёлд суралцана, магадгүй таны зан төлөвт ч өөрчлөлт орж болох юм. Гэхдээ залуу хуульчийн хувьд та байгууллагын соёлд хувь нэмрээ оруулахыг чухалчлаарай.
  11. Хийх ажлын жагсаалт гаргадаг бай. Танд богино хугацаанд олон ажил амжуулах шаардлага тулгарч болно. Энэ тохиолдолд хийх ажлын жагсаалт гаргаж, тэдгээрийг цагт хуваарилан төлөвлөх нь гүйцэтгэл болон үр дүнтэй ажиллахад тань эерэг нөлөөтэй байна гэдгийг санаарай.
  12. Бусдад хэт их амлах хэрэггүй. Магадгүй хийсэн ажлын тань үр дүн ахлах хуульчийн хүлээсэн хүлээлтэнд хүрэхээргүй, муу байж болно. Иймд бага амлаж, ихийг бүтээхийг илүүд үзээрэй.
  13. Мэдэхгүй бол асуу. Хэт их асуулт асуудаг нь миллениалуудын нэг шүүмжлэлтэй тал гэдэг ч таны хувьд хийх ажлынхаа хүрээ хязгаарыг нэн тэргүүнд танин мэдэж, ойлгосон байх нь юу юунаас илүү чухал. Иймд шинэ даалгавар хүлээж авахдаа аль болох олон мэдээллийг цуглуул, явцын үед, шаардлагатай тохиолдолд ахлах хуульчтайгаа зөвлөлддөг байгаарай.
  14. Хамт ажиллагсаддаа хүндэтгэлтэй, эелдэг ханд. Оффист байх бүхий л ажилчид таны тэднээс хүсдэг шиг хүндэтгэл, эелдэг зан байдлыг хүсэмжилдэг.
  15. Ёс зүйтэй байх замыг дага. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй танилцаж, өдөр тутмын практикт мөрдлөгө болгож хэвшээрэй.
  16. Мэргэжлийн бүлгэм, холбоо, сайн дурын байгууллагад элс. Энэ мэт байгууллагууд шинэ хуульчдад бүрэн нээлттэй байдаг учраас танилын хүрээгээ нэмэгдүүлэх, мэргэжлийн хэлэлцүүлэг, лекцэнд хамрагдах зорилгоор элсэх нь таны цаашдын ажил хөдөлмөрт тустай байх болно.
  17. Санхүүгээ удирд. Таны санхүүгийн төлөвлөгөө сургалтын төлбөрийн зээл буцаан төлөхөөр хязгаарлагдах бус хувийн хадгаламж нээх, амьдралын даатгал төлөх, хөрөнгийн зах зээлд оролцох, ипотекийн зээлд хамрагдах гэх мэтээр нарийн төлөвлөгдсөн байвал зохистой.
  18. Амжилтуудаа бичиж тэмдэглэ. Эцсийн эцэст та л өөрөө өөрийгөө батлан хамгаалж, үнэлүүлэх тул мэргэжлээрээ ажиллах явцдаа оролцсон төсөл хөтөлбөр, олсон амжилт, шагнал урамшуулал зэрэг мэдээллээ дор бүр нь бичиж, тэмдэглэж байгаарай.
  19. Өөрийгөө сорь. Өдөр тутмын ажилдаа сэтгэл ханах хэрэггүй. Аль болох бүтээлч, шинийг сэдэгч байх хэрэгтэй. Та ажилладаг компани эсвэл фирмийнхээ үйл ажиллагаанд оролцож, шинэ санаа гаргах, шинэ төсөл хэрэгжүүлэхэд хэзээд бэлэн байгаарай.
  20. Ментортой бол. Танд мэргэжлийн зөвлөгөө өгөх, амжилтыг тань урамшуулах, найз эсвэл хөтөч байж чадах сайн менторыг олох хэрэгтэй. Хуулийн салбарт хэрхэн зөв ментор олох тухай мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Ингээд боллоо. Дээрх “мэргэжлийн ур чадвартай байхад туслах” 20 зөвлөгөө залуу хуульч таныг ажлын байрны орчинд мэргэжлийн байхад тань тусална. Бусдадаа зөвлөх өөр зүйл байна уу? Байгаа бол түүнийгээ comment хэсэгт бичиж үлдээгээрэй.

Бичсэн: Michelle Silverthorn, АНУ-ын Иллиной мужийн Дээд шүүхийн Мэргэжлийн хорооны эрхлэгч Орчуулгыг: FMB