Монгол улсын иргэн нэртэй байх бөгөөд иргэний эрх, үүргийг өөрийн нэрээр олж авч, хэрэгжүүлнэ хэмээн Иргэний хуульд заасан байдаг.
Мөн “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болно” гэсэн байна. Иргэний эрх зүйн чадвар гэдэг нь аливаа хуулиар олгогдсон эрхийг эдлэх; үүрэг хүлээх боломж, тэдгээрийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл юм.
Юу гэх гээд байна вэ гэхээр, та төрсөн цагаасаа эхлээд л төрсний гэрчилгээ авах, гэр бүлийн гишүүн болох, эд хөрөнгө өвлөх эрхтэй болох гэх мэт өнөөх олон эрх зүйн салбар, хуулиар зохицуулагддаг харилцаанд оролцдог юм шүү, тэрхүү харилцаанд бид өөрсдийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг юм шүү гэх гэсэн юм.
Нэг ёсондоо, овог нэртэй байх нь ямар ч хүний хувьд ач холбогдолтой бөгөөд эрхэм зүйл ажээ. Гэхдээ хүний нэр харагдах, уншигдах талаасаа гоё, сайхан байх ёстой гэсэн утгаар үүнийг бичээгүй болохыг уншигч та ойлгоно биз.
Гэвч зарим иргэдэд өөрсдийн овог, эцгийн нэр, нэрийг солих, өөрчлөх шалтгаан байж болно. Жишээ нь нэрээ хэлүүлэхээс ичдэг, санаа нь зовдог, нэр нь ер бусын утга илэрхийлдэг, мөн бусад гэр бүлийн гишүүдээсээ өөр овогтой бол түүнийг сольж адилтгах, эхээрээ овоглосон хүүхдийн овгийг эцгийн нэрээр солих гэх мэт тохиолдол байдаг.
Монгол улсад овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөх тухай харилцааг Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх журмаар зохицуулдаг байна.
Одоо үндсэн гол асуулт, “Та өөрийнхөө нэрийг Жастин Бибер болгож болох уу?”
Таныг 25 настай, Бат овогтой Долгор гэдэг гэе. Үүнийг Жастин Биберээр орлуулбал, Бибер овогтой Жастин болох нь л дээ. Өмнө дурдсан хууль, журамд бидний авсан тохиолдолд холбогдох түүнийг зөвшөөрсөн юм уу, хориглосон заалт харагдахгүй байв. Холбоотой байж болох нэг нь, “Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол улсын харьяат эмэгтэйг нөхрийнх нь овгоор бүртгэж болно” байв.
Иймээс юун түрүүнд, эцгийн овог болон нэр өөрчлөх тухай өргөдлөө та өөрийн оршин суугаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад гаргаж, түүндээ хуульд заасан бусад баримт бичгийг хавсаргах ёстой. Ингээд бүртгэлийн байгууллагын ажилтан таны өргөдлийг 30-60 хоногийн дотор шалгаж, энэ тухай гэрчилгээ олгодог.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны гаргасан өргөдөл, бусад материалууд оршин суугаа сум, дүүргийн тань Засаг даргад танилцуулагдаж, түүнээс гаргасан захирамжид үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгддэг тул өргөдөлдөө овог нэрээ солих “хүндэтгэн үзэх” гэдэг шиг зүй ёсны үндэслэл, тайлбар, шалтгааныг сайтар дурдах хэрэгтэй юм шүү. Үгүй бол таны гаргасан өргөдөл буюу хүсэлт буцаагдах, таны овог нэрийг өөрчлөхөөс татгалзсан хариу авах магадлалтай.
Хэрэв та нэрээ Жастин Бибер болгохыг чин сэтгэлээсээ хүсч байвал болохгүй зүйл алга, оролдоод л үз.
Comments