Шинээр төгсөгчид ажлын байран дээр биеэ зөв авч явах нь


Хэрэв та залуу эрх зүйч эсвэл хуулийн оюутан байгаад практик дээр дадлагажих гэж буй нэгэн бол ажлын байран дээр биеэ зөв авч явах буюу “мэргэжлийн байх” ур чадварт суралцсан байх хэрэгтэй. Law School Toolbox сайтын 2 админ энэ сэдвээр подкаст хийснээс, хамгийн чухал хэсгийг нь түүвэрлэн бэлтгэв.

БУСАД ХҮМҮҮС ЧАМАЙГ АЖИГЛАЖ БАЙГААГ АНХААР

Албан байгууллагад ажиллахаар ажилд орсон л бол тэр бүх хугацаанд та ганц дээд албан тушаалтан гэлгүй эргэн тойрныхоо хамтран ажиглагсаддаа ил болон далд хэлбэрээр ажиглагдаж, хянуулсаар байх болно гэдгийг анхаараарай. Ийм учраас ажлын байран дээр эсвэл ажлын газрын хүмүүстэй гадуур явахдаа юу ярихаа бодож байгаарай. Таны буруу хэлсэн үг ямар муу үр дүнд хүргэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Мөн үүнтэй холбогдуулан нэг зүйлийг дурдахад, ялангуяа шинэ залуу эрх зүйчдийн хувьд, тэднийг бусад ажилчид нь “эрт ирж, орой явах” ёстой байдлаар харж, ажигладаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Жишээ нь ажлын цаг 9-өөс эхлэх байтал та 8 цагт ирсэн гэе, ингээд орой ажил тарах 18 цагт “шуррр” гээд гараад явчихвал, энэ нь таныг бусдад их муухай харагдуулах аж.

ХОВ ЖИВ ЯРИХ ХЭРЭГГҮЙ

Бас нэг анхаарах зүйл бол, ажлын байран дээр хов живийн шинжтэй зүйл ярих үйлдэл хийх нь бусад ажиллагсдад ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ер нь эерэг зүйлд хүргэхгүй болов уу, харин ч эсрэгээр бусдыг ажиллахад нь саад болох шүү дээ. Иймд хувь болон хувсгалын ажлыг ялгаж, салгах хэрэгтэй шүү.

БУСАДТАЙ ЭВТЭЙ БАЙХ

Хамтран ажиллагсаддаа зөв сэтгэгдэл төрүүлэх, тэдэнтэй эвтэй байх нь чухал. Хүмүүсийн хувийн амьдрал нууц байдаг хойно та тэдний талаар сайн мэдэхгүй, тэднийг ямар зүйлд дургүй ханддаг, уурладаг болохыг мэдэхгүй шүү дээ. Иймд бүх хүмүүстэй эвтэй байж, төвийг баримтлах гэдэг шиг албаны харьцаатай байхыг чухалчлаарай. Хэрэв танай ажлын уур амьсгал нэг л биш байх юм бол энэ тухай бодлоо өөртөө л хадгалсан нь дээр эсвэл өмнө дурдсан шиг хов живээр хөөцөлдөх хэрэггүй гэдгийг санаарай.

ХЭТ БАРДАМНАХ ХЭРЭГГҮЙ

Подкастын үеэр хөндсөн бас нэг зүйл бол өнөөгийн шинэ залуу хуульч, эрх зүйч нарын дийлэнх нь миллениал үеийнхэнд харьяалагдаж байгаа аж. Тэднийг тодорхойлох нэг шинж нь хэт биеэ даасан байдаг тул зарим тохиолдолд хийж буй ажлаа голох нь бий. Шинэ ажилтан эхний цөөн саруудад ихэвчлэн баримт хувилах, сканердах, амралтын өдрүүдээр ажиллах зэрэг нэмэлт ажлыг хийх болдог – энэ бол байдаг л зүйл гэдгийг санах хэрэгтэй. Мөн танаас гадна ажилд орж чадахгүй байгаа хуулийн сургуулийн өчнөөн төгсөгчид бий гэдгийг санаарай.

ХАРАГДАХ БАЙДАЛДАА АНХААРАХ

Ажлын байранд баримтлах хувцасны кодыг дагах нь журам л гэсэн үг. Бүгд хослол өмсөхгүй байх л даа, гэхдээ та өөрийгөө шинэ ажилтан гэдгийг санаж, ядаж л жинсэн өмд өмсөхгүй байх хэрэгтэй юм шүү. Мөн та гэнэтийн шаардлагаар албаны хурал цуглаан болон шүүх хурлын танхимд дуудагдаж болохыг санаарай. Энэ тохиолдолд, хэт хайнга хувцасласнаас үүдэн шүүх хуралд орж чадалгүй хэн хүний өмнө эвгүй байдалд орж, сөрөг сэтгэгдэл төрүүлэх вий. Иймд эхнээсээ л албаны хувцаслаж сурсан байх нь чухал юм.

ИНТЕРНЭТ БОЛ МӨНХИЙН ЗҮЙЛ

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуулийн салбар ч шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байгаан нэг тод илрэл юу вэ гэхээр шүүхээс интернэтэд байх баримт, мэдээллийг нотлох баримтад тооцдог болсон явдал. Өөрөөр хэлбэл, интернэтэд таны юу гэж бичсэн болон хийсэн үйлдэл, коммандын түүх зэргийн ул мөр тэнд хугацаагүйгээр хадгалагдан үлддэг гэсэн үг. Имэйл ч гэсэн үүнд хамаарна. Иймд нэн ялангуяа ажлын цагаар, ажлын компьютер дээрээс интернэт орохдоо болгоомжтой хандах хэрэгтэй юм.

ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ БАЙХ

Лий, Алисон нарын подкастаас толгойд хамгийн тод үлдсэн зөвлөгөө нь ажлын байранд та өөрөөрөө байх тухай юм. Өөрөөрөө байсны давуу тал нь та хэлэх үг, хийх үйлдэлдээ итгэлтэй байхын дээр бусдад эерэг сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Мөн ажилдаа өөриймсөг хандана гэдэг нь ирээдүйд таныг амжилтанд хүргэх чухал чанар болдог гэдгийг санаарай.

Дээрх зөвлөгөө танд хэрэгцээтэй байж чадсан уу? Ажлын байранд баримталбал зохих өөр асуудал байдаг бол түүнийг та доор байрлах Сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Зургийг slon_dot_pics, Pixabay

Comments