Гэрлэлт, гэрлэлтээс үүсэх гэр бүлийн тухай сэдэв нь социологи, философи, сэтгэл судлалын гээд олон салбарын судалгааны обьект байдаг тул харьцангуй өргөн хүрээнд судлагддаг сэдэв гэж ойлгож болно.
Монгол улсад гэрлэлттэй холбоотой харилцааг Гэр бүлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай хуулиудаар зохицуулдаг. Яагаад гэвэл гэрлэлт бол Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйл бөгөөд Гэр бүлийн эрх зүйн эх сурвалж нь Гэр бүлийн тухай хууль байна хэмээн өмнөх слайдаар бид үзсэн.
ВИДЕО ҮЗЭХ:
Ингээд зарим нэр томьёог тодруулая.
“Гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насан хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно.
“Гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон, харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно. Эндээс бид гэрлэгчид бол гэр бүлийн гишүүд байна хэмээн ойлгож болно.
Өнөөдөр “Гэрлэлтийн ойлголт” сэдвийн хүрээнд,
- Гэрлэлтийн харилцаа үүсэх нөхцөл, журам
- Гэрлэгчдийн эрх, үүрэг
- Гэрлэлт дуусгавар болох
- Гэрлэлт цуцлах
- Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох гэсэн дэд сэдвүүдийг судлах болно.
“Гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насан хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хосууд гэрлэлтээ бүртгүүлэхээр харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн байгууллагад хандсанаар гэрлэлтийн харилцааны эхлэл тавигдах нь байна. Гэр бүлийн тухай хуульд “Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ” гэсэн. Тэгвэл энэхүү хуулиар тогтоосон журам гэдэг нь Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журам гэсэн эрх зүйн болон хуульчилсан актуудаар зохицуулагддаг байна.
Гэрлэхийг хүсэгчид юун түрүүнд мэдээж насанд хүрсэн байна. Энэ нь 18 нас гэсэн үг. Эрэгтэй, эмэгтэй хоёр маань гэрлэх талаар хоорондоо сайн дураараа, харилцан зөвшилцсөн байх ёстой. Мөн өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна. Хамгийн сүүлд нь “гэрлэхэд харшлах шалтгаан”-гүй байна.
Гэрлэхэд харшлахад шалтгаан гэдэг нь юу вэ?
Дараах байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болдог. Үүнд:
- Гэрлэгчдийн өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол
- Гэрлэгчдийн хэн нэгэн нь хуульд заасан насанд хүрээгүй бол
- Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх
- Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх
- Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх
- Гэрлэгчдийн хэн нэгэн нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол
Хэрэв гэрлэхэд харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол улсад гэрлэж болно. Гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдлийг иргэний бүртгэлийн ажилтан хүлээн аваад, 30 хоногийн дотор бүртгэж, хосуудад гэрчилгээ олгодог байгаа.
Гэр бүлийн тухай хуульд Гэрлэгчдийн эрх, үүрэг болон эцэг, эх, хүүхдийн хооронд үүсэх эрх, үүргийг тусад нь салгаж, хуульчилсан байна. Өнөөдөр бид зөвхөн гэрлэгчдийн эрх, үүргийг авч үзэх болно. Энэ тухай Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байна. Гэрлэгчид гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Одоо эдгээр эрх, үүргийг тус бүрт нь авч үзэе.
Эрхийн тухайд:
- Гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх
- Оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох
- Хуваарьт эд хөрөнгөтэй байх
- Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах
- Материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй байна.
- Гэрлэгчид бие биедээ үнэнч байх
- Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
- Бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах
- Гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх
- Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх
- Угийн бичиг хөтлөх үүрэгтэй байна.
Гэрлэлт дуусгавар болохтой холбоотой гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох гэсэн ойлголтууд бий. Гэрлэлт дуусгавар болох үндэслэл нь:
- Гэрлэгчдийн хэн нэгэн нь нас барсан
- Гэрлэлт цуцлагдсан
- Эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.
Гэр бүлийн тухай хууль тогтоомжид гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай ойлголтыг хуульчлаагүй харин гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөлийг заасан байна. Үүнд, хэрэв та гэрлэхэд харшлах нөхцөлийг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсвэл эрх нь зөрчигдсөн бусад хүний, хүүхдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүхээс таны гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн байгаа. Ийнхүү үр дүнд нь бий болох эд хөрөнгөтэй холбоотой маргаан, гэрлэлтийн гэрээ, хүүхдийн эрх ашиг сонирхолтой холбоотой бусад асуудлыг бид дараа дараачийн слайдаар авч үзэх болно.
Гэрлэлт дуусгавар болох бас нэг үндэслэл нь гэрлэлтийг цуцлах юм. Гэр бүлийн холбогдолтой хэрэгт хамгийн их гардаг маргаан бол гэрлэлт цуцлуулах, цуцлуулсны дараах эд хөрөнгийн хуваарьлалт, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал байдаг. Өнөөдөр бид гэрлэлт цуцлах дэд сэдвийг авч үзэх болно.
Энэ талаар өмгөөлөгчөөс хамгийн түрүүнд сонсох өгүүлбэр бол, гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцална. Хэрэв та хоёр 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй бол энэ тухай хүсэлтээ бичээд иргэний бүртгэлийн байгууллагад өгнө. Дээрхээс бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг. Тэгэхээр гэрлэлтээ цуцлуулах 2 төрлийн журам байдаг гэсэн үг.
Захиргааны журмаар гэрлэлтийг цуцлах нь ер нь хялбар. Өмнө дурдсанчлан, талууд салах талаараа харилцан тохиролцсон, 18 хүртэлх насны хүүхэдгүй бол анх гэрлэлтээ бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад очоод, хүсэлтээ өгөхөд, 30 хоногийн дотор хянан үзээд, шийдвэрлэдэг байна. Гэхдээ анхаараарай, захиргааны ч бай шүүхийн ч бай журмаар гэрлэлтээ цуцлуулах болох үед эхнэр нь жирэмсэн, хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсвэл эхнэр, нөхрийн аль нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно хэмээн Гэр бүлийн тухай хуулийн 12.2 дугаар заалтад тусгасан байна. Өөрөөр хэлбэл, иргэний бүртгэлийн байгууллагаас таны хүсэлтийг, шүүхээс таны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг.
Одоо шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулах асуудлыг авч үзэе.
Салахыг хүссэн эхнэр эсвэл нөхөр шүүхэд хандах үед шүүх байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг заавал авдаг. Харин ноцтой тохиолдолд буюу гэрлэгчдийн хэн нэгэн нь нөгөөгийнхөө байнгын хүчирхийлэл, дарамтанд орсон, ордогоос болж түүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан тохиолдолд шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалдаг.
Шүүх хурлаар ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ гэж. Үүнд:
- Хүүхдээ хэний асрамжид үлдээх
- Хүүхдээ болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх
- Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар асуудлуудыг авч хэлэлцдэг.
Нэг зүйлийг энд нэмж хэлэхэд, талуудыг өмгөөлөх, тохиролцоонд хүргэх, шүүхээс гарах шийдвэрийг ашигтай байлгах бүхий л боломж, бололцоог чадварлагаар ашиглахад ур чадвартай өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй байдаг.
Өнөөдөр бид
- Гэрлэлтийн харилцаа үүсэх нөхцөл, журам
- Гэрлэгчдийн эрх, үүрэг
- Гэрлэлт дуусгавар болох
- Гэрлэлт цуцлах
- Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох гэсэн дэд сэдвүүдийг товч байдлаар судаллаа.
Comments