Хосууд гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр гэр бүл болдог. Ингэснээр хосуудын хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсдэг билээ. Дараагаар нь хосуудын дундаас хүүхэд гарснаар хуульд заасан “Эцэг, эх, хүүхэд хоорондын эрх, үүрэг” гэдэг зүйл нэмэлтээр үүсч бий болдог байна. Эдгээр эрх, үүргийн нэгдлийг Гэр бүлийн эрх зүйд эд хөрөнгийн бус амины харилцаа хэмээн нэрлэдэг. Ингээд бодохоор Гэр бүлийн тухай хуульд заасан өнөөх олон эрх, үүргийг дахин дурдах хэрэгтэй болж байна. Гэхдээ олон зүйл ярьж, та бүхнийг залхаахгүйн тулд товч байдлаар авч үзэе.
ВИДЕО ҮЗЭХ:
Гэрлэгчид нь эд хөрөнгийн бус амины дараах эрхийг тэгш эдэлнэ. Үүнд:
- Гэр бүлээ төлөвлөх
- Оршин суух газар, эрхлэх ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох
- Хүүхэддээ овог, нэр өгөх
- Эд хөрөнгийн бус эрхээ төр, захиргааны байгууллага болон шүүхээр хамгаалуулах
- Сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах
- Гэрлэгчдийн хэн нэгэн нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ талаар зөвшөөрлийг эхнэр эсвэл нөхрөөсөө авах гэх мэт.
- Гэрлэгчид бие биедээ үнэнч байх
- Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
- Гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах
- Гэр бүлийн гишүүд бие биенээ хүндэтгэх
- Гэрлэгчид хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх
- Гэрлэгчид бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх
- Ургийн бичиг хөтлөх гэх мэт.
Харин одоо гэрлэгчдийн эд хөрөнгийн харилцаа гэж юу вэ гэсэн сэдвийг судлая.
Хосууд анх гэр бүл болоод салах хүртэлх хугацаанд тодорхой эд хөрөнгийг хуримтлуулсан байдаг. Ингээд гэрлэлтээ цуцлуулах үед шүүх хурлаар заавал хэлэлцэгддэг нэг зүйл бол эд хөрөнгө байдаг. Ийм учраас гэрлэгчдийн эд хөрөнгийн харилцаа нь өмнө үзсэн эд хөрөнгийн бус амины харилцаанаас илүү өргөн хүрээний хуулийн зохицуулалт шаарддаг гэж ойлгож болно. Үүний илрэл нь Гэр бүлийн тухай хуулийн 20-р зүйлд байдаг “Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэсэн заалт юм. Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг хуулиас гадна мөн гэрлэлтийн гэрээгээр зохицуулж болдог байгаа.
Иргэний хуульд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийг “Хамтран өмчлөх дундын хөрөнгө” болон “Хуваарьт хөрөнгө” хэмээн ангилсан.
Ингээд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар тодруулая.
Иргэний хуульд зааснаар, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх бөгөөд тэдгээрт дараах эд хөрөнгө хамаарна гэсэн. Үүнд:
- Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө
- Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, болон хөдлөх эд хөрөнгө
- Ногдол хувь, үнэт цаас
- Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө
- Гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт эд хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө болон мөнгөн хуримтлал
- Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн сайжруулсны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсвэл анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууц, гэр, хашаа байшин
- Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.
Одоо гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгийн талаар авч үзэе.
Тухайн гэр бүлийн гишүүний өөрийнх нь бөгөөд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлэхээр тохиролцоогүй хөрөнгийг гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгө гэдэг. Хуваарьт эд хөрөнгөд дараах зүйлс багтана. Үүнд:
- Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх
- Өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө
- Амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө буюу хувцас хунар байна
- Оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал
- Хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого
- Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
Дараах тохиолдолд хуульд заасан эцэг эх, хүүхдийн харилцаа үүснэ. Үүнд:
- Хүүхэд төрснөөр
- Хүүхдийг үрчлэн авснаар
- Дагавар хүүхэд хойт эцэг, эхийн хооронд үүснэ
- Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх
- Хүүхдийн хөгжих эрх
- Хүүхдийн хамгаалуулах эрх
- Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх гээд эцэг эхийн зүгээс хүүхдийн эдгээр эрхийг хангахын хүрээнд гэрлэгчид зарим үүргийг хуулиар хүлээдэг байгаа. Энэ тухай Гэр бүлийн тухай хуулийн 26.2 заалтад заасан байдаг. Үүнд:
- Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх
- Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх
- Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага, дадал олгох
- Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүргийг эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээдэг байна.
Эцэг эх байх эрхийг хязгаарлах тухайд, хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг 6 сар хүртэл хугацаагаар шүүхээс хязгаарладаг. Ийнхүү хязгаарлахдаа, эрхээ хязгаарлуулсан эх эсвэл эцгээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардлагатай тэтгэлгийг гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэдэг. Ийнхүү эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан этгээд хүүхдээ биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон бусад эрхээ алддаг. Хэрэв эцэг эх нь хоёулаа эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг асран хамгаалах байгууллагад шилжүүлдэг байгаа. Ийнхүү 6 сарын дараа өнөөх эрхээ хязгаарлуулсан эх эсвэл эцэг эрхээ сэргээн тогтоолгох талаар шүүхэд хүсэлт өгснөөр эцэг эх байх эрхээ сэргээж болно. Хэрвээ эцэг эсвэл эхийн нөхцөл байдал урьдын хэвээр байвал сонирхогч этгээдүүд эсвэл сум, дүүргийн засаг дарга энэ тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж болно.
Харин дараах үндэслэлээр шүүхээс хэн нэгний эцэг эх байх эрхийг хасдаг байгаа. Үүнд:
- Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан буюу хүүхдээ хаясан, санаатай төөрүүлсэн
- Тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан
- Биеийг нь үнэлсэн, шунахай зорилгоор ашигласан
- Эрх зүйн зөрчилд татан оруулсан, мөн
- Хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан
- Бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан
- Сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан
- Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг эх байх эрхийг шүүхээс хасдаг байгаа. Ийнхүү хасахдаа хүүхдийн тэтгэлгийн асуудлыг давхар шийдвэрлэдэг.
Хүүхдийн эцэг эхийнхээ өмнө хүлээх үүргийн тухайд, тэднийг хайрлах, тэдэнд туслах, насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд бол хөдөлмөрийн чадваргүй эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар заажээ. Ийнхүү бид өнөөдөр “Гэрлэгсдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа”, “Эцэг эх, хүүхдийн харилцаа” гэсэн сэдвүүдийг товч байдлаар үзлээ.
Comments