Та оршуулгын цуваанд зам тавьж өгөх үүрэгтэй юу?


Шууд л гол сэдэвтээ ороё, талийгаачийг нутаглуулахаар түүний ар гэрийнхэн тээврийн хэрэгслээр цуваа үүсгэн явж харагддаг. Энэ соёл хэдийгээр, хаанаас бий болсныг мэдэх юм алга. Зарим үед анзаарвал, манайхан тэдгээр цувааны урдуур дайрах, үл хүндэтгэх үйлдэл гаргаж харагддаг. Үүнтэй холбоотойгоор дараах асуулт урган гарч ирэх юм. Хэрэв та замын хөдөлгөөнд оролцож буй бол оршуулгын цуваанд зам тавьж өгөх үүрэгтэй юу?

Үүрэггүй гэвэл жолооч та цувааг тасалдуулах, шаардлагатай тохиолдолд сигналдах үйлдэл хийж болох л юм. Яахав, жаахан хүн чанаргүй гэх юм уу?

Гэхдээ аз болж, энэ талаар манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд арай өөрөөр заасан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэсэн. Мөн иргэд замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

“Цуваа” гэж ойрын гэрлээ асаан, зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно. Энэ бол Замын хөдөлгөөний дүрэмд заасан тодорхойлолт юм. Нэг ёсондоо, тус дүрмээр зохицуулсан цуваатай холбоотой бүхий л заалтууд нь “оршуулгын цуваанд” нэгэн адил хамаарна гэсэн үг.

Илүү тодруулбал,
  • Дүрмийн 2.7.з заалтад “Жолооч цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэхийг хориглоно”,
  • 10.6.ж заалтад “Жолооч хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваа гүйцэхийг хориглоно”,
  • 18.3 заалтад “Бусад жолооч нар цуваанд зам тавьж өгнө”,
  • 18.4 заалтад “Цувааг тусгай дуут дохио болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол бусдаас давуу эрхтэй байна” хэмээн тус бүр зохицуулсан байна.
Дээрхээс харвал, жолооч та оршуулгын цуваанд зам тавьж өгөх үүрэгтэйн дээр, цувааг тасалдуулах, тэдний хооронд байр эзлэн хөдөлгөөнд оролцож болохгүй ажээ. Хэрэв үүнийг зөрчвөл, Зөрчлийн тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчилд холбогдогч этгээдийг торгох арга хэмжээ авах юм. Үүнээс гадна жолоочийн зөрчлийн онооноос тань давхар хасагдах эрсдэлтэй болохыг санаарай.

Wikipedia-аас харвал, дээрх тохиолдолд АНУ-ын ихэнх мужид мөн адил дүрэм үйлчилдэг байна.

Comments