Сайн байна уу, өнөөдрийн слайдыг Үрчлэлт сэдвийн хүрээнд бэлтгэлээ. Үрчлэлт гэхээр хэн нэгний хүүхдийг өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай гэсэн үг. Шалтгаан нь юу ч байж болно, жишээ нь эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх чадваргүй болсон, эрх зүйн чадамжгүй болсон, эцэг эх байх эрхээ хасуулсан, шоронд олон жилээр хоригдох ял авсан, эсвэл нас барсан байж болно. Ингээд тэрхүү хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг хамгаалах, хангахын тулд хуульд заасан журмын дагуу хүүхдийг өөр гэр бүлд үрчлүүлж болох юм.
ВИДЕО ҮЗЭХ:
Эхлээд хүүхэд үрчлүүлэхийг хориглох тохиолдолуудыг харая. Дараах нэр төрлийн этгээдүүдэд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно хэмээн Гэр бүлийн тухай хуулийн 57-р зүйлд заасан байна. Үүнд:
- Ганц бие, бусдын асрамжинд байгаа 60-аас дээш настай, тухайн хүүхэдтэй төрөл, садан бус Монгол улсын иргэн
- 60-аас дээш настай гадаадын иргэн
- Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан
- Өмнө нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн
- Ашиг хонжоо олох зоилготой
- Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон
- Сүрьеэтэй эсвэл сэтгэцийн өвчтэй
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
- Эрүүгийн хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн, хорих ял эдэлж байгаа нөхдүүд хүүхэд үрчилж авах хориотой байдаг байх нь ээ.
- Үрчлэгч нь насанд хүрсэн байх
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байх ёстой.
- Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт гаргана. Тухайн хүүхэд асрамжийн төвд, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр оронд байж болно. Тухайн байгаа газрынх нь харьяа Засаг даргад юун түрүүнд хандах нь ээ.
- Хүсэлт хүлээн авсан сум, дүүргийн засаг дарга хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
- Эерэг шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан хүүхэд үрчлэгдсэн тухай бүртгэл хийнэ.
Хүүхэд үрчлэн авахыг хүсч буй хүмүүс дараах зүйлсийг анхаарсан байвал зохино. Үүнд:
- Хүүхдийг зөвхөн тэдний эрх, ашиг сонирхолын үүднээс үрчлүүлнэ
- Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг тус бүр бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлнэ
- Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг үрчлүүлэх тохиолдолд тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна
- Үрчлүүлэх хүүхэд 7 нас хүрсэн бол хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна
- Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа үрчлүүлж болон
- Гэрлэгчдийн хэн нэгэн нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр, нөхрөөсөө авна
- Юун түрүүнд монгол улсын харьяат хүүхдийг таваас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд, эсвэл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлж болно гэсэн. Ийнхүү үрчлүүлэхдээ 7 настай хүүхдээс асран хамгаалах, харгалзан дэмжигчээс гадна өөрийнх нь зөвшөөрлийг авах ёстой байдаг.
- Хэрэв 60-аас дээш насны гадаадын иргэн, эцэг эх байх эсэхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхгүй.
- Гадаадын иргэнд монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журамд гадаадын иргэдээс хүүхэд үрчлэхдээ ямар баримт бичиг бүрдүүлэх талаар жагсаалтыг нэг бүрчлэн дурдсан байдаг. Бидэнд энэ нь одоогоор тийм чухал зүйл биш тул гадаадын иргэн монгол улсын харьяат хүүхэд үрчлэх талаар шат дарааллыг товч дурдая гэж бодож байна.
Хэрэв гадаад улсад байгаа монгол улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлтэй бол гадаадын иргэн хүсэлтээ Монгол улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагаар уламжлан дээрх журмын дагуу шийдвэрлүүлнэ. Мөн дахиад нэг хувилбар нь, хэрэв гадаад улсын иргэн Монгол улсад 6-аас доошгүй сараар оршин сууж байгаа бол хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулна гэхгүйгээр шууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргаж болохоор зохицуулсан байна.
Монгол улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч гадаадын иргэн дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- Хүүхдийг хэвийн өсч бойжих, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах нөхцөлөөр хангах
- Хүүхдийн эх орон, шаардлагатай бол эцэг, эхийг мэдүүлэх
- Үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутамд нэг удаа, 4-8 нас хүртэл жил тутамд нэг удаа, 8-16 нас хүртэл хоёр жил тутамд нэг удаа Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд хүүхдийн талаар мэдээлэл ирүүлэх
- Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах үүрэгтэй.
Үрчлэлтийн хүчингүйд тооцох гэсэн асуудал мөн бий. Хэрэв үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэх шийдвэр гаргуулсан тохиолдолд үрчлэлтийг хүчингүй болгох тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь:
- Үрчлэгдсэн хүүхдийг төрүүлсэн эцэг, эх
- Үрчлэгдсэн хүүхэд 14 нас хүрсэн бол өөрөө
- Хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах байгууллага
- Сонирхогч бусад этгээд буюу та ч байж болно
Comments