Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбоотой харилцаа


Өмнөх слайдаар бид гэрлэгчдийн болон гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар авч үзсэн. Эдгээр дунд нийтлэг нэгэн зүйл байсан нь тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбоотой харилцаа юм.

ВИДЕО ҮЗЭХ:


Тэжээн тэтгэхтэй холбоотой харилцаа буюу гэр бүлийн гишүүдийн тэжээн тэтгэх, тэтгүүлэх үүргийг дараах 4 хэсэгт хуваан авч үзэж болно. Үүнд:
  • Гэрлэгчид бие биеэ тэжээн тэтгэх үүрэг
  • Эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг
  • Үр хүүхэд нь эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэг
  • Төрөл садангийн хүмүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэг гэж.
Ингэхэд тэжээн тэтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хөдөлмөрийн чадваргүй, аль эсвэл насанд хүрээгүй буюу өөрийгөө тэжээх чадваргүй гэр бүлийн гишүүнээ тухайн гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай, насанд хүрсэн өөр нэгэн гишүүн нь гэрээ болон хуульд заасан үүрэг, шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн хэлбэрээр эсвэл эд хөрөнгөөр тэтгэж буй хариу төлбөргүй, тодорхой хугацаанд үргэлжилсэн шинж чанар бүхий үйлдэл юм.

Саяны тодорхойлолтод дурдсанчлан, тэжээн тэтгэх үүрэг нь гэр бүлийн харилцаа үүсч бий болсноос, талуудын хооронд байгуулсан гэрээнээс, мөн тэтгэлэг төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарснаас үүдэн бий болдог. Тэтгэлгийн хэлбэр, хэмжээ, хугацааны асуудлыг тэтгэлэг тогтоох гэрээ эсвэл хуульд заасны дагуу шүүхийн журмаар тогтоодог.

Тэгвэл тэжээн тэтгэх үүргийн хүрээнд тэтгэлгийн хэмжээг хэрхэн тогтоох вэ?

Хамгийн эхлээд гэрлэгчид бие биеэ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд ярья.

Гэр бүлийн харилцаа ямар нэгэн асуудалгүй бөгөөд хэвийн бол талууд хуульд зааснаар тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаад байх шаардлага байхгүйгээр энэхүү үүргээ сайн дураар харилцан биелүүлэх боломжтой. Учир нь хосууд тэртээ тэргүй бие биеэ гомдоохгүй хэмжээнд тэтгээд явж байна шүү дээ. Хэрэв хэн нэгэн нь энэхүү үүргээсээ татгалзсан бол туслалцаа шаардлагатай байгаа нөгөө нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар тэтгэлгийн хэмжээ тогтоолгож, тэжээн тэтгүүлэх эрхээр хангуулах боломжтой.

Мөн гэрлэгчдийн хэн нэгэн нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдсоноос өмнө, эсвэл гэрлэлтээ цуцлуулснаас хойш 1 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, 3 нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсвэл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй байдаг. Тэтгэлгийн хэмжээ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна. Амжиргааны доод түвшин нь бүс нутаг, нийслэлд өөр өөр байх бөгөөд Улаанбаатар хотод 185,300₮ байхаар Засгийн газраас тогтоосон байдаг байна.

Эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн тухайд

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй, эсвэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Хэрэв эцэг эх нь салсан эсвэл тусдаа амьдардаг бол хоорондоо харилцан тохиролцож, гэрээ байгуулан хүүхдэдээ өгөх тэтгэлгийн хэмжээг тогтоож болно. Эсвэл мэдээж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Хэрэв эхийнхээ асрамжид үлдсэн хүүхдийн эцгээс нь өгч буй тэтгэлгийг эх нь хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй тохиолдолд эцэг буюу тэтгэлэг төлөгчөөс зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд хандаж болох зохицуулалт Гэр бүлийн тухай хуульд тусгагдсан байдаг. Мөн тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой болсон бол шүүхээс тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

Хэрэв хүүхдийн эцэг эх нь эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, бусад шалтгаанаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол эцэг эхээс хүүхдэд олгох тэтгэлгийг асрах байгууллагын дансанд шилжүүлж, үүнээс тэтгэлгийн 50 хувийг хүүхдийн ахуйн хэрэгцээнд зарцуулж, үлдсэн хувийг хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд шилжүүлнэ хэмээн хуулиар зохицуулсан байна.

Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хуульчилж өгсөн. Тухайлбал, 11 хүртэлх насны хүүхдэд тогтоох тэтгэлгийн хэмжээ тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэхүйц, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүрсэн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэсэн. Амжиргааны доод түвшин нь бүс нутаг, нийслэлд өөр өөр байх бөгөөд Улаанбаатар хотод 185,300₮ байхаар Засгийн газраас тогтоосон байдаг байна.

Насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхдийн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргийн тухайд

Хамгийн эхэнд дурдсанчлан насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Хэд хэдэн хүүхэд байгаа бол шүүхээс тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болохоор хуульд заасан. Эцэг эх нь заавал төрсөн эцэг эх байх албагүй, хойд эцэг эх, хүүхдийг үрчлэн авсан эцэг эхийн аль аль нь байж болно гэдгийг энд хэлэх нь илүүц биз ээ.

Төрөл садангийн хүмүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэг

Өмнөх слайдуудад дурдаагүй байж магадгүй. Төрлийн болон садангийн хүнийг хуульд дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдүүдийг, Садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно.

Тэгэхээр тэжээн тэтгэх үүрэг нь эцэг эх хүүхэд, гэрлэгчдийн хооронд төдийгүй гэр бүлийн бусад гишүүд буюу төрөл садангийн хүмүүсийн хооронд үүсдэг байгаа.

Эдгээр хүмүүс ямар тохиолдолд, ямар хүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй болох вэ?

Хуульд дараах 3 байдлаар авч үзсэн байна. Нэгт. Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсвэл эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эцэг, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хоёрт. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Гуравт. Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн нь тэжээн тэтгэх үүрэг үүсч болох харилцааг илүү өргөн хүрээнд авч үзсэн заалт байна. Тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцож болох бөгөөд үгүй бол шүүхээр тогтоолгох боломжтой байна.

Тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр эсвэл эд хөрөнгөөс гаргуулж авч болдог. Мөн тэтгэлгийг сараар, улирлаар, хагас жил, жилээр эсвэл нэг удаа байхаар тэжээн тэтгэх тухай гэрээнд эсвэл шүүхийн шийдвэрт тусгасан байж болно. Тэжээн тэтгэх гэрээтэй холбоотой бусад маргаан, тэтгэлэг нэмэх, хасах, нөхөн гаргуулах асуудлыг шүүхээр авч хэлэлцэнэ.

Тэжээн тэтгэх үүргээс хэдийд чөлөөлөгдөх вэ?
  • Тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг,
  • Эцэг эх, хойт эцэг эх нь эцэг эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг эцэг эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлнө.
Тэжээн тэтгэх үүрэг ямар тохиолдолд дуусгавар болох вэ? Үүнд:
  • Тэжээн тэтгэх гэрээний хугацаа дууссан
  • Тэжээн тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон
  • Тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн эсвэл 18 нас хүрсэн
  • Тэтгэгч эсвэл тэтгүүлэгч нас барсан бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох нь ээ.
Ийнхүү өнөөдөр бид Гэр бүлийн эрх зүйн “Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбоотой харилцаа”-ны талаар товч судаллаа.

Comments