Муу өмгөөлөгчийн 3 шинж тэмдэг


Хүн бүрт аливааг сайн эсвэл муу хэмээн үнэлэх өөр өөрсдийн хандлага, үзэл бодол бий. Өмгөөлөгч сонгохдоо, нэг хэсэг нь даруу, туршлагатай нэгнийг илүүд үздэг байхад нөгөө нь бардам, чадварлаг нэгнийг сонгох гэдэг. Сайхан хувцаслалт, суралцах арга барил гэдэгт тус бүр ганцхан жишээг багтаадаггүйтэй адил өмгөөллийн ажиллагааг ийм байх ёстой хэмээн шууд дүгнэх нь учир дутагдалтай байх болно. Тэгэхээр, олон онцлог бүхий өмгөөлөгчид нийлж байж, сая сайн хуульчийн шинжүүдийг бүрдүүлдэг аж. Эндээс бид муу өмгөөлөгчийн зарим шинж тэмдгийг ялгаж харах боломжтой. Хэрэв доор дурдсан шинж тэмдэг таны хөлсөлсөн өмгөөлөгчийн үйл ажиллагаанаас илэрч байвал энэ тухай та дахин эргэцүүлж бодох хэрэгтэй гэсэн үг.

Түргэн хоолны үйлчилгээ

Зарим өмгөөлөгч болон фирмүүд ийм үйлчилгээ үзүүлэх гэдэг. Тодруулбал, тэд аль нэгэн салбараар мэргэшээгүй, дагнан ажилладаггүй бөгөөд аль болох бүхий л хэрэг, маргаанд оролцох сонирхолтой байдаг. Мөн амлалт өгдөг, өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд баталгаа өгдөг, гэрээ байгуулахыг шахдаг, таны хэргийг авсан тохиолдолд эргэх холбоогүй байх нь бий. Ийм нөхдүүд практикт ёс зүйтэй ажиллаж, дээр нь үйлчлүүлэгчийг нэгт тавих нь юу л бол. Магадгүй та хэзээ нэгэн өдөр тэдний явуулдаг сурталчилгаанд хууртан, ийм өмгөөлөгч, хуулийн фирмтэй таарах боломжтой юм.

Анхаарах ёстой 3 зүйл

1. Үр дүнд баталгаа өгдөг. Энэ тохиолдолд тэрбээр хуульчийн өргөсөн тангараг болон ёс зүйн дүрмээр хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн үг. Хуулиараа хэргийн үр дүнгийн талаар хэн ч байсан танд ямар нэгэн амлалт, баталгаа өгч болдоггүй. Харин үүний оронд, тэрээр таны төлөө чин сэтгэлээсээ, бүхий л ур чадвар, боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж болох юм.

2. Шахалт үзүүлдэг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл, маргааныг та өөрийн хүсэлтээр шүүх байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй. Гэвч зарим өмгөөлөгчид үүний эсрэгээр зөвлөдөг ба нөгөө талтай тохиролцох нэрийдлээр эсвэл бусад шалтгаанаар үйлчилгээний төлбөрөө цагаар тооцож, өндөр үнэ нэхэх гэдэг. Цаашлаад, маргааны нөгөө тал мөн таны өмгөөлөгчийн үйлчлүүлэгч байж таарах тохиолдолд эндээс ашиг сонирхлын зөрчил үүсч бий болох талтай. Нөгөө талаас та бас бүхий л маргааныг шүүхээр шийдвэрлүүлбэл ашигтай хэмээн ойлгож болохгүй. Гэвч сайн өмгөөлөгч таныг ямар арга замаар явах нь танд ашигтай эсвэл эрсдэлтэй байх талаар зөвлөх юм.

3. Тодорхойгүй харилцаа. Эргэх холбоо муутай өмгөөлөгч сайн үйлчилгээ үзүүлэхгүй. Ядаж л үйлчилгээний явцын талаар үйлчлүүлэгчид тухай бүрт нь мэдэгдэх, үйлчилгээ удаашралтай байгаа тохиолдолд шалтгааныг нь мэдэгддэг байх ёстой. Ер нь дийлэнх хүмүүс өмгөөлөгчдийн энэхүү байдалд сэтгэл хангалуун бус байдаг нь ажиглагддаг. Хэрэв та өмгөөлөгчтэйгөө тэр бүр холбогдож, асуулт асуух, зөвлөгөө авч чадахгүй нөхцөлд байгаа бол өөрийгөө зөв хүнээр төлөөлүүлж буй эсэхээ дахин бодох хэрэгтэй болжээ гэсэн үг.

Зөвлөгөө авах

Хэрэв та ямар нэгэн хэрэг явдалд орооцолдсон, маргаанд татагдан орсон бол сонголт хийхээсээ өмнө 2-3 өмгөөлөгчтэй уулзаад үзээрэй. Анхан шатны зөвлөгөөг үнэгүй эсвэл бага төлбөрөөр өгдөг өмгөөлөгч нар олон бий, тэд ч таны хэргийн талаар сонсохдоо баяртай байх болно. Үүний эцэст та сонголтоо хийх хэрэгтэй. Өөрт таалагдсан, итгэлтэй, сайн байж болох хүнийг өмгөөлөгчөөрөө сонгохыг зөвлөж байна.\

Эх сурвалж: Findlaw

Comments