Бидний амьдарч буй ертөнц “өдөр-шөнө”, “сайн-муу”, “халуун-хүйтэн”, “үхэл-амьдрал” гээд эсрэг тэсрэг зүйлсээр дүүрэн. Тэдгээрийн нэг нь “гараар бичих-компьютер дээр шивэх” юм. Эндээс нэг асуулт урган гарч байгаа нь, хуулийн оюутнуудын хувьд лекц, тэмдэглэлээ хэрхэн буулгаж байвал зохилтой вэ? Энэ талаар эргэлзэж буй зарим оюутнуудад туслах дараах “харьцуулсан төрлийн” мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
ГАРААР БИЧИХИЙН ДАВУУ ТАЛ
Хуулийн сургуулийн шалгалт эрх зүйн мэдлэгийг тань сорихоос гадна богино хугацаанд, хэр хурдан, хэр их бичвэр гараар бичиж чадахыг тань шалгадаг. Иймд хурдан бичиж сурах нь хуулийн сургуулийн оюутнуудад эерэг нөлөөтэй байх юм.
Дэвтрийн зай (battery) ямар дуусна гэж байх биш. Иргэний эрх зүйн лекцийн үеэр хажуугийн залуугийн компьютерийн цэнэг дууслаа гэхэд тэрээр хэсэгтээ л мунгинах ба энэ үед та өөрт хэрэгтэй мэдээллийг юунд ч санаа зоволгүйгээр тэмдэглэн авч байх болно.
ГАРААР БИЧИХИЙН СУЛ ТАЛ
Лекц тавьж буй багш тань үглэх хоббитой, дээр нь үзүүлж буй слайдууд нь мэдээлэл багатай бол магадгүй та гараа таттал бичих хэрэгтэй болно.
Урвагч гэдэг үгийг мэдэх л байлгүй. Хамгийн чухал лекцийн үеэр үзэгний бэх гэнэт дуусах, эсвэл дэвтэр дуусах тохиолдол гарч болно. Өөрөөр хэлбэл, тэрхүү үзэг, дэвтэр танаас урважээ гэсэн үг.
КОМПЬЮТЕР ДЭЭР ШИВИХИЙН ДАВУУ ТАЛ
Дэвтрийнхээ сүүлийн хуудсан дээр шахан байж тэмдэглэл үйлдэж буй нэгний дэргэд та санаа зовох зүйлгүй, дураараа загнана.
Зарим үед багшийн хэлж буй жишээ, баримт нэг бүрийг үтэр түргэн шивж, тэмдэглэх нь хожим танд тустай байж мэдэх юм.
Бичсэн тэмдэглэлээ компьютер дээр хянах, засах, хэвлэхэд ямар ч асуудалгүй байх болно.
КОМПЬЮТЕР ДЭЭР ШИВИХИЙН СУЛ ТАЛ
Та багшийн амнаас гарах үг бүрийг “хожим хэрэг болно” нэрийдлээр шивдэг байж болно л доо. Харин лекц дуусч, танхимаас гарах үеэр л та яг юу болоод өнгөрсөн тухай гайхан, эргэцүүлж эхлэх вий. Өөрөөр хэлбэл, таны анхаарал лекцийг сонсож, ойлгохоос илүүтэй түргэн бичихэд л чиглэж байжээ.
Зөөврийн компьютер сургуулийн утасгүй интернэт сүлжээнд холбогдсон байх нь таныг Facebook, YouTube зэрэг анхаарал сарниулах хүчин зүйлсэд уруу татах үндэс болдог. Жишээ нь, таны индиан нэр юу вэ, төрсөн он сараар нь шинжихүй гэх мэт мэдээлэлд хүмүүс олон тоогоор татагддаг.
Оюутнуудын хувьд чухал асуудлуудын нэг нь санхүү байдаг. Зөөврийн компьютер худалдаж авах, засварлахад өндөр үнэтэй байхын дээр оюутнуудын хувьд ашиггүй хөрөнгө оруулалт болох нь бий. Магадгүй та бусдыг дагаж, MacBook авах гэхээс илүүтэй, арай хямд үнэтэй, өөр брендийн зөөврийн компьютер сонгож болно шүү дээ. Мөн түүн дээр суулгах програм хангамжийг албан ёсны лицензтэйгээр худалдаж авах нь тусдаа асуудал болохыг санаарай.
Эх сурвалж: Survive Law
Нүүр зургийг: campus.sg
Comments