Энэ бичвэрт бичигдсэн зөвлөгөө нь Жолоочийн хариуцлагын даатгалын тохиолдолд нэгэн адил хамаарна.
Тээврийн хэрэгсэл тань ямар эрсдэлээс хамгаалагдаж байна, хэдий тэдгээр эрсдэл учирсан ч гэлээ ямар тохиолдолд Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр гаргаж өгөх болон өгөхгүй тухай, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс, таны эрх, үүрэг зэрэг мэдээлэл нь Даатгалын гэрээ хэмээх бичиг баримтад тусгагдсан байдаг. Иймд Даатгалын байгууллага буюу Даатгагчтай харилцан байгуулсан Даатгалын гэрээтэй та урьдчилан танилцсан байх ёстой.
Зам тээврийн осолд холбогдсон бол энэ тухай замын цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, үзлэг, хэмжилт заавал хийлгэх хэрэгтэй. Энэ тухай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд “жолоочийн үүрэг” болгон зааж өгсөн. Хэрэв ослын улмаас та болон бусад хүмүүс гэмтэж, бэртсэн бол түргэн тусламж дуудах, цагдаад энэ талаар тэмдэглүүлэх хэрэгтэй.
Тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөх болбол, ослын бүдүүвч зургийг үйлдэх, гэрчийн этгээдийг байлцуулах, мөн зураг, видео хэлбэрээр нотлох баримт бүрдүүлэх хэрэгтэй.
Осол, даатгалын тохиолдлын талаар Даатгагчид нэн даруй мэдэгдэх. Даатгалын байгууллагын шуурхай ажилтны нэр, албан тушаал, утасны дугаарыг тэмдэглэж авах, зөвлөгөө авах, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн жагсаалт авах хэрэгтэй.
Дахин тэмдэглэхэд, та ослын талаар нотлох баримт цуглуулсан байх хэрэгтэй. Үүнд: утасны дуудлага, гэрэл зураг, видео бичлэг, цагдаагийн тодорхойлолт, эрүүл мэндээр хохирсон бол эмч, эмнэлгийн байгууллагын гарын үсэг, тамгатай тодорхойлолт хамаарна.
Даатгалын байгууллага дээр очиж, нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж өгнө. Бөглөх ёстой маягт, бусад мэдүүлгийг үнэн зөвөөр, илэн далангүй, дэлгэрэнгүй мэдүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд, Даатгагчаас таны даатгалын тохиолдлыг луйвар байх магадлалтай хэмээн үзэж, тэр талаас нь шинжлэн судлах гэдэг.
Даатгалын гэрээнд Даатгагчаас Даатгуулагчид хохирлыг ямар хэлбэрээр нөхөн төлөх талаар заасан байна, хараарай. Ихэнх нөхөн төлбөр мөнгөн хэлбэртэй байдаг бол зарим тохиолдолд тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийг сэлбэн засварлах, солих хэлбэртэй байж болно. Хэрэв таны Даатгагчтай байгуулсан гэрээнд “учирсан хохирлыг сэргээн засахаар хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байвал эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг.
Хэрэв танд Даатгагчаас олгосон нөхөн төлбөртэй холбоотой гомдол, санал байвал энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаарай.
Comments